Өчигдөр Японы нийслэл Токио болон түүний ойролцоо орших хотуудад хүчтэй мөндөр орсноос байшин барилга болон машин эвдэрсэн байна. Митака хотын оршин суугчдын ярьснаар гурван сантиметр том мөндөр нэг цаг гаруй орсон байна. Үүний улмаас машин, байшин, болон гарааш эвдэрч сүйджээ. Нийтдээ 68 мм хур тунадас унаж байшингуудын нэгдүгээр давхар усанд автжээ. Токиогийн ойролцоо орших жижигхэн хотууд нэлээд хохирол амссан тухай мэдээллээ.
Ю.ДЭЛГЭР
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгчид анх удаагаа Тайванийг зорилоо. Гадаад хэргийн яамны орлогч сайд Жан Житюнь тэргүүтэй төлөөлөгчид маргааш Тайбэй хотноо хүрэлцэн очих юм байна. Энэ үеэр Тайваньд БНХАУ-ын Консулын газар нээгдэх юм байна.
Ма Инцю Тайванийн Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш хоёр улсын харилцаанд нааштай өөрчлөлтүүд гараад байгаа билээ.
Ю.ДÝËÃÝÐ
D хэсгийн сүүлчийн тоглолтын үеэр Урагвайн шигшээ багийн хөлбөмбөгч Луйс Суарес өрсөлдөгч болох Италийн шигшээ багийн хөлбөмбөгч Жоржо Кьеллинигийн мөрнөөс хазаж олныг шуугиулаад авав. Суарес бол Урагвайн багийн шилдэг довтлогч төдийгүй ур чадварын хувьд дажгүй хөлбөмбөгч. Гэхдээ түүний хувьд ингэж хүн хазаж, цус амссан нь гурав дахь удаагаа тохиолдож буй бөгөөд хөлбөмбөг сонирхогчид түүнийг “махчин” гэх боллоо. Тэрээр анх 2010 онд Голландын хөлбөмбөгчийг хазаж долоон тоглолтын эрхээ хасуулж байсан бол 2013 онд Ливерпүүл болон Челси багуудын тоглолтын үеэр Бранислав Ивановичын гарыг нь хазсан. Суаресийн энэ балмад үйлдлийг Английн хөлбөмбөгийн холбоо шалгаж, тоглогч хазсан үйлдэлд нь тухайн үед 10 тоглолтоор торгож, тэрээр клубтээ их хэмжээний торгууль төлж дахин ийм үйлдэл гаргахгүй хэмээн уучлалт гуйж байсан удаатай. Гэвч түүний “махчин” араншин засрахгүй бололтой. Энэ удаагийн тоглолтын үеэр шүүгч ямар нэгэн шийтгэл өгөөгүй ч FIFA тэмцээний дараа ямар нэгэн хариуцлага тооцох нь тодорхой биз ээ.
Дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Чезарь Пранделли ажлаа өгөхөөр өргөдөл гаргав. Тэрээр энэ шийдвэрээ ингэж тайлбарлажээ. “2014 оны ДАШТ-ээс Итали хасагдсан хариуцлагыг би үүрнэ. Би Италийн шигшээг амжилтад хүргэхээр ард түмнээс хүндэтгэл хүлээсэн хүн. Гэвч төлөвлөсөн ажлаа хийж чадсангүй, бас ард түмнийхээ итгэлийг алдлаа. Бүх хариуцлагыг би хүлээх болно гэжээ.
Италийн шигшээ баг 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатанд Английг хожиж, Коста Рика, Уругвайд хожигдсон. Харин сүүлчийн тоглолтодоо Уругвайн шигшээтэй хийж 1:0-ийн харьцаатай хожигдсон билээ.
Монголын төмөр замын инженерүүдийн холбооноос төмөр замтай холбоотой төрийн бодлого дээр иргэд болон улстөрчдийг улстөржихгүй байхыг хүсч мэдэгдэл гаргалаа.
Уг мэдэгдэлд хоёр хөрштэйгөө найрамдалт харилцаагаа улам батжуулж, өргөн, нарийн гэдэг дээр бус үр өгөөжийн тухай ярилцах, нийт төмөр замчдыг улстөрийн хэрүүлдээ хольж хутгахгүй байхыг уриалжээ.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.
2012 онд хувийн хэвшлийнхний дунд хийсэн санал асуулгаар хуулийн этгээдийн бүртгэлийг хялбаршуулж, цахимжуулах шаардлагатай нь тодорхой болсон бөгөөд хуулийн этгээдийг бүртгүүлэхийн тулд 12 төрлийн бичиг баримт бүрдүүлж, 8 шат дамжлагаар 5 хоног зарцуулдагыг хялбаршуулж, бичиг баримтыг цөөрүүлэх, бүртгэлийг шуурхай болгох хэрэгтэй болжээ.
Түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль нь 2003 онд батлагдсанаас хойш нийт 9 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ба уг хуульд цахим хэлбэрээр хуулийн этгээдийг бүртгэх, лавлагаа олгох тухай заасан боловч хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхой бус байгаа аж.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2008-2012 оны тоон мэдээнээс үзэхэд 2008 оны байдлаар 44.464 хуулийн этгээд шинээр байгуулагдаж байсан бол энэ тоо 2013 он гэхэд 93.733 болсон байна. Хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллага өдөрт дунджаар 220 орчим хуулийн этгээдийг шинээр болон нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл хийж байгаа бөгөөд хуулийн этгээдийн бүртгэлийг мэдээллийн сүлжээг ашиглан цахим хэлбэрээр хийж, хуулийн этгээдийн бүртгэлийн тогтолцоог шинэчлэх шаардлага урган гарч байгаа юм байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Монгол Улсад хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бичгээр болон цахим хэлбэрээр бүртгэх, хуулийн этгээдийн бүртгэл хариуцсан байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгох, эрх хэмжээг тодорхойлох, хуулийн этгээд цахим гэрчилгээтэй байх, хуулийн этгээдийн улсын бүртгэл болон хувийн хэрэг хөтлөх, лавлагаа олгохтой холбогдон үүсэх харилцааг цогц байдлаар зохицуулахаар тусгажээ.
Мөн хуулийн этгээдийн бүртгэлийн нэгдсэн санг бий болгох зорилгоор соёл, боловсрол, сургалтын болон эрүүл мэндийн байгууллагын бүртгэлийг тусгай зөвшөөрөл олгосон байгууллага болох холбогдох төрийн захиргааны төв байгууллага бүртгэхээр заасан зохицуулалтыг өөрчлөн хуулийн этгээдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэхээр тусгасан байна.
Хуулийн этгээдийн бүртгэлийг 2-3 хоногийн дотор хийж, цахим гэрчилгээг өргөдөл гаргагчдад цахим хэлбэрээр илгээх, хүссэн үедээ хэвлэх боломжийг бүрдүүлэхээр заажээ. Энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул чуулганы хуралдаанд оруулахаар болов.