Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Банзрагч: Иргэд барааны үнэ асуугаад толгой сэгсрээд л буцах юм

Нарантуул олон улсын худалдааны төв дээр хөл хөдөлгөөн ихтэй, бараа нь ирж гэсэн сураг сонсогдсон учир тус захаас сурвалжиллаа. Хуучнаар “Мангасын ам” хэмээн нэрлэсэн хойд талын хаалгаар оров. Мэдээж зах л болсон хойно хүмүүсийн хөл хөдөлгөөн их, цуваа тасрахгүй үргэлжилнэ.


Пийшин, зуух, яндан, тавилгын хэсгээр нэлээд явсаар наймаа эрхлэгч Н.Гансүхтэй цөөхөн хором ярилцсан юм.


-Урьд шөнө захынхны бараа ирсэн гэсэн. Та юм дуулав уу?

-Энүүгээр мэдэгдсэн юм алга. Олон төрлийн бараа байгаа. Алийг нь гэхэв дээ.

-Таны бараа материалын тасалдал хэр байна. Та пийшингээ өөрөө хийж зардаг уу?

-Анх өөрөө хийж зардаг байлаа. Одоо амжихаа байсан. Хил гааль хаалттай болохоор зарим материал нь олдохгүй юм. Ер нь бараа материал тасрах шинжтэй гэж байсан шүү.

-Зуух пийшингийн үнэ нь хэдтэй байна вэ. Нэмэгдсэн үү?

-Үнэ 300-гаас дээш л байна. Тодорхой хэмжээгээр үнэ нэмэгдсэн гэв. Цааш явсаар хулдаас зардаг хэсэг рүү очлоо. Зарим газар нь хаалттай байх аж. Бараагүй болсон бололтой.


ОЙРЫН ХЭДЭН ӨДӨР ГАНЦ Ч МЕТР ХУЛДААС ЗАРСАНГҮЙ

Хулдаасны наймаа эрхлэгч П.Банзрагчтай ярилцав.


-Хулдаас хэдэн төгрөгийн үнэтэй байна вэ. Ойрд бараа ирэв үү?

-1 м нь 8000 төгрөгөөс дээш үнэтэй байна. Ойрдоо бараа ирээгүй. Оны өмнө авсан бараатайгаа л байна.

-Урьд шөнө бараа ирсэн сураг дуулдсан, хаагуур ирсэн юм бол?

-Мэдэхгүй. Энэ хавиар мэдэгдсэн юм алга.

-Та хамгийн сүүлд хэзээ бараа татаж авсан бэ?

-Оны өмнө арванхоёрдугаар сарын дундуур нэг авсан. Тээврийн үнэ нь нэмэгдэж ирсэн барааг зараад ямар ч ашиггүй. Хэцүүхэн байдалтай л байна.

-Одоо таны бараа хэзээ ирэх вэ. Сураг ажиг байна уу?

-Ёстой мэдсэн юм алга. Аль намар өгсөн захиалга ирж дуусаагүй л байна. Арванхоёрдугаар сард ирэхдээ багахан юм ирсэн. Тэр нь тэнгэрт тулсан үнэтэй. Түүнийг нь ашгаа олж авахын тулд нэмж зарахаар хүмүүсийн худалдан авах чадвар ямар байгаа билээ. Өчнөөн сарын өмнөх бараа хэвээрээ л байна. Энэ ард түмэн чинь элгээрээ мөлхөж байна. Үүнийг тэр төр засаг нь мэдэж байгаа ч юмуу. Ойрд харин Цагаан сар болох гээд хөл хөдөлгөөн овоо нэмэгдлээ. Гэхдээ л үнийг нь асуугаад толгой сэгсрээд л буцах юм. Ойрын хэдэн өдөр ганц ч метр хулдаас зарсангүй.

-Тэгээд та түрээс төлбөрөө яаж өгч байна вэ?

-Энд тэндээс өр зээл тавиад өгдөг болсон. Зээлээс зээлийн хооронд урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд л аргалж байна. Хүмүүсийн худалдан авах чадвар үнэхээр муудсан. Цаашид яах юм байгаа юм.

Хэцүү л байна шүү гэв.


НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ УЧИР ЭНЭ ЖИЛ ЭРТХЭН ЮМАА БЭЛДЭЭД ГЭРЭЭСЭЭ ГАРАХГҮЙГЭЭР ГЭРТЭЭ ШИНЭЛНЭ

Хулдаасны тасгаас гараад бэлэн хувцасны лангуунууд руу явлаа. Хүн ч үгүй, бараа ч үгүй лангуунууд олон байв. Худалдан авалт хийхээр явж байгаа иргэн С.Саранчимэгтэй ярилцлаа.


-Та ямар бараа сонирхож явна вэ?

-Цагаан сар болох гээд хүүхдүүддээ шинэ хувцас авах санаатай л явна.

-Санаанд тань таарах зүйл олдож байна уу. Үнэ нь хэр санагдаж байна вэ?

-Үзэж хараад явахаар хөөрхөн юм зөндөө л байна. Хүүхдийн хувцас том хүнийхээсээ үнэтэй юм аа. Манайх ам бүл зургуулаа. Дөрвөн хүүхэдтэй. Жил бүрийн цагаан сараар хүүхдүүдээ өнгөтэй байлгах гээд шинэ хувцас авч өгдөг уламжлалтай. Энэ жил нялх хүүхэдтэй учир эртхэн юмаа бэлдээд гэрээсээ гарахгүй, гэртээ шинэлэх санаатай. Хүний хөл хөдөлгөөн бага дээр дутуу юмаа бэлдээд авъя гэсэн ч мөнгө хүрэхгүй нь. Би уг нь 600 мянган төгрөгтэй гарч ирсэн. Хаанаа ч хүрэхгүй юм байна. Дөрвөн хүүхдэдээ дөрвөн цамц авлаа. Ханьдаа малгай авлаа. Гутал авъя гэсэн ч хүрэх шинжгүй гайхаад л бараа үзээд явж байна.

-Ханиад томуу гадуур их байгаа гэсэн. Та нялх хүүхэдтэй гэхээр болгоомжтой явахгүй бол болохгүй юм байна даа?

-Тийм ээ. Саяхан дунд хүү маань хэд хоног халуураад нөгөө айхавтар өвчнийг авчихсан юм болов уу гэж бодоод айж байсан чинь харин гайгүй өнгөрчихсөн. Ах, дүү нараас нь тусгаарлаад ядаж бусад нь битгий өвдөөсэй л гэж бодогддог юм байна лээ. Уг нь овоо хэдэн төгрөг Цагаан сардаа зориулъя гэж бодож байсан боловч баахан эм тариа аваад, хүүхдээсээ мөнгө харамлаад суултай биш. Эм тариа ч яасан үнэтэй болчихсон юм. Өрхийн эмнэлэг ч олон хүүхэдтэйг мэддэг болохоор аль болох хямдханыг нь бичиж өглөө шүү гэж байсан. Гэтэл очоод автал бараг 200 мянга болсон шүү.

-Та хүүхдүүдээ хараад гэртээ байгаа гэхээр танайх ганц л хүний орлогоор болгож байна уу?

-Тийм ээ. Нөхөр уул уурхайн компанид ажилладаг. Би хүүхдүүдээ хараад гэртээ байгаа. Урьд нь нөхрийн цалин сардаа хангалттай хүрдэг байсан бол одоо хүрэх нь битгий хэл талдаа ч хүрэхээ байх нь. Юмны үнэ аймшигтай нэмэгдэж байна. Ялангуяа өргөн хэрэглээний хүнс, барааны үнэ тэнгэрт тулсан. Цаашдаа би ч гэсэн ажил хийхгүй бол хүүхдүүдээ удахгүй хоосон хонуулахад хүрэх нь. Олон нялх хүүхэдтэй болохоор гэр хороололд зутруухан байснаас гэж бодоод байр лизингээр авсан. Одоо бөөн өрийн дарамттай л амьдарч байна гэсэн юм.


190 МЯНГААР ИРДЭГ БАЙСАН БАРАА СҮҮЛД 530 МЯНГААР ИРСЭН


Нарантуул захын бэлэн хувцасны тасагт хүмүүс ихээр үйлчлүүлж, цуваа тасрахгүй алив хойшоо, урагшаа, зам тавь, зөрье гэх хүмүүс олон байв. Хүмүүс хоорондын худалдан авалтын яриаг сонсоход “Ямар үнэтэй болчихсон юм бэ буулгах уу, хэдэн төгрөг татна биз дээ. Саяхан л арай хямд байсан. Яагаад нэмэгдэв”. “Доошоо ярих уу, танай бараа нэмж ирээгүй л юм байна шүү дээ. Хуучин үнээрээ зараач. Яагаад нэмээд байгаа юм бэ”, “Бид нэмээгүй ээ. Цаанаас ачиж ирэх тээврийн үнэ хадсан шүү дээ. Сонин уншиж, телевиз үздэггүй юм уу”, “Оны өмнө бараа ирэхдээ нэмэгдээд ирсэн” гэх зэрэг яриа өрнөж байлаа. Гутлын тасаг руу очив. Гутлын наймаа эрхлэгч Х.Чинзориг ярихдаа “Урьд шөнө бараа ирээгүй ээ. Энэ хавиар юм дуулдаагүй. Манайх хамгийн сүүлд арванхоёрдугаар сард бараагаа татсан. Нэг хайрцаг бараа 190 мянгаар ирдэг байсан. Гэтэл сүүлд 530 мянгаар ирсэн. Нэг гутлаас бид 10 мянган төгрөгийн ашиг л гаргаж байна. Ашгаа гаргана гээд үнээ нэмэхээр хүн авахгүй. Хэдэн өдөр хоосон зогсоно. Тэгж байснаас ядаж арван мянган төгрөг ч болтугай гаргаад зарсан нь дээр шүү дээ” гэлээ.

Барааны хэсгээс гараад хүнс, ахуйн бараа зардаг “Баялаг ундраа” төв рүү орлоо. Урд шөнө бараа ирээгүй. Хүмүүс танил талаараа мэр сэр бараа авч байгаа. Гэхдээ тээврийн үнэ нь маш их нэмэгдсэн гэх үгийг л мөн хэлж байв.


ЮМНЫ ҮНЭ НАЙГҮЙ ӨСЧЭЭ. ЭНЭ ЦАГААН САРЫГ ЯАЖ ӨНГӨРӨӨНӨ ДӨӨ

Хүнсний зүйлээ цуглуулж явсан Д.Мягмар гэх эмээтэй ярилцлаа.


-Та ямар худалдан авалт хийв. Үнэ нэмэгдсэн байна уу?

-Цагаан сарынхаа юмыг бэлдэх гээд 15 ширхэг “Өгөөж”-ийн ул боов 56 мянгаар авлаа. Юмны үнэ найгүй өсчээ. Энэ Цагаан сарыг яаж өнгөрөөнө дөө.

-Цагаан сарыг гэр бүлийн хэмжээнд цомхон тэмдэглэ гээд байгаа шүү дээ?

-Хөгшин настай хүн чинь хоосон сууж болохгүй шүү дээ. Хүүхдүүд бүгд гадаадад байгаа ч ах дүү, төрөл төрөгсөд ирвэл яах вэ. Жаал жуул юм бэлтгэхгүй бол болохгүй.

-Та тэгээд юмаа бэлдэж амжих нь уу. Ганцаараа, хөгшин настай хүн хэцүү юм аа даа?

-Харин тийм ээ. 10-хан ширхэг хэвийн боовоо дийлэхгүй бага багаар өдөр болгон ирж авч байна. Алив миний хүү үүнийг мөрөн дээр тохоод өгөөч.

-Та одоо ингээд үүрээд харих юм уу?

-Тэгнэ ээ. Хоёр гартаа барихаар гар өвдөөд хол явж чадахгүй, ойр ойрхон амрах хэцүү байдаг юм.

-Та хаана хүрэх вэ. Би таныг дөхүүлж өгөх үү?

-Эмээ нь Халдвартын автобусны буудал орно.

-Би ч гэсэн тийшээ явна аа. Тантай хамт явъя гэсээр бид хоёр Нарантуул захаас гарч эмээгийн гэр рүү алхав.

Эмээ одоо 78 настай. Дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд гадаадад амьдардаг. Эмээг хүүхдүүд нь хамт амьдръя гэдэг ч насны эцэст төрсөн нутгаасаа явахгүй. Эх оронгүй хүн биш гэж зөрүүдлэн нутагтаа үлджээ. Гэсэн ч өнөөдрийн нийгмийн байгаа байдал, энэ утаан дунд амьдрах гэж хэрдээ л зүтгэж буй нь илт байв.” “Төрийн минь сүлд өршөөг” хэмээн яриа болгоныхоо төгсгөлд уулга алдах нь залуу хүнд юм бодогдуулахаар. “Төр муу ажиллаж байна уу” гэхэд “Төр муу биш ээ. Дарга нар л муу байна” хэмээн хариулсан нь сэтгэл дотор нэгийг бодогдуулан үлдээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *