Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюутнуудад эрүүл мэндийн үзлэг хийнэ

2013 оноос Есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэдэг болсон билээ. Энэ жилийн хувьд “Эрүүл оюутан-Эрүүл ирээдүй” уриан дор тэмдэглэж байгаа аж. Аяны хүрээнд оюутнуудад үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг хийнэ. Мөн “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг оюутны дунд зохион байгуулж, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, сайн дурын сургагч багш бэлтгэхээр болжээ.

Улсын хэмжээнд өнөөдөр 99 их, дээд сургууль, коллежид нийт 175.200 гаруй оюутан суралцаж байгаагаас 89.3 хувь буюу 156.128 нь Улаанбаатар хотод суралцаж байгаа аж. Оюутнууд эцэг эх, асран хүмүүжүүлэгчдийн хараа хяналтаас холдож, бие даан амьдарч эхэлдэг бөгөөд өөрийн эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, чадвар, туршлага дутмаг, нийгэм орчны өөрчлөлтийн улмаас насанд хүрэгчдийн зан үйлийг турших, архи, тамхи хэрэглэх, буруу хооллох, хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдварт өртөх нь илүүтэй байдаг.

Эрүүл мэндийн албан ёсны статистик үзүүлэлтээр 2013 онд 12.0 мянга гаруй оюутнууд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна. Үүний 68 хувийг эмэгтэйчүүд, 32 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. 860 гаруй оюутанд халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, түүний дийлэнх буюу 30.6 хувийг гахай хавдар, 29.4 хувийг салхин цэцэг, 28.0 хувийг вирүст гепатит өвчин тус тус эзэлж байна. Шинээр бүртгэгдсэн сүрьеэ өвчний 387 тохиолдол бүртгэгдэж, үүний 10.2 хувьд нь оюутнууд бүртгэгдсэн байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *