Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2023 оны эцэст шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 558 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргажээ. Энэ нь өмнөх онтой харьцуулбал 65-аар буюу 13.2 хувь өссөн үзүүлэлт аж.
Иргэн, хуулийн этгээдээс 2023 оны эцэст ирүүлсэн 375 бүтээлд патент олгосны 77 нь шинэ бүтээлийнх байна. Харин 298 нь бүтээгдэхүүний загварынх байжээ. Энэ нь өмнөх оноос шинэ бүтээлийн патент 41-ээр буюу 34.7 хувиар буурсан явдал юм. Харин бүтээгдэхүүний загварын патент 32-оор өссөн байна. Үүнийг хувьлавал 12 хувийн өсөлт болж байна.
Шинэ бүтээлд олгосон патентыг давхардсан тоогоор олон улсын ангиллаар авч үзэхэд 34 нь хими төмөрлөг, 29 нь хүний хэрэгцээг хангах зүйл байжээ. Харин 22 нь технологийн төрөл бүрийн арга, 12 нь барилга, уул уурхай, 7 нь механик, гэрэлтүүлэг, дулаан, шахуурга, хөдөлгүүр, зэвсэг, тэсрэх бодис, 5 нь физик, 3 нь цахилгааны ангилалд хамаарчээ.