Categories
мэдээ цаг-үе

Оюуны спортын их мастер А.Энхтуул

Хорьхон настай А.Энхтуул шатрын спортын их мастерын болзол хангалаа. Манай улс эрэгтэй гурав, эмэгтэй хоёр их мастертай байсан бол А.Энхтуул тэдэн дээр нэмэгдэж байна. Тэрээр хоёр жилийн өмнө сурагчдын дэлхийн аваргаас алтан медаль хүртэж олон улсад цуурайтах амжилтаа эхлүүлж байсан. Дараа нь Вьетнамд болсон Азийн аваргаас алтан медаль авч байлаа. Жилээс жилд амжилтаа ахиулсаар их мастерын гурван баллтай болжээ. Дээрх амжилтуудаараа түүний рейтинг 2300 болж, их мастер цолны болзол хангалаа. Тэрээр цолоо ирэх сарын 14-нд Норвегийн Тромсо хотод болох ФИДЕ-гийн конгрессоор албан ёсоор баталгаажуулах юм байна. 

А.Энхтуулын аавыг Алтан-Өлзий гэдэг. Эднийх Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын айл. Дунд сургуульд байхаасаа л шатар тоглох хоббитой болсон түүний анхны багшийг Ц.Батболд гэдэг. Есөн настай байхдаа “Төр монгол” дунд сургуулийн Ц.Батболд багшаар шатар заалгаж эхэлжээ. Гадаад дахь анхны тэмцээн нь 2006 онд Чехийн Пардубице хотод болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээн байсан гэдэг. Уг тэмцээнд Ц.Сайханчимэг, Ц.Саруул, Н.Бадамханд нарын шатарчидтай нэг баг болон оролцжээ. Тэрээр энэ тухайгаа “Чех рүү тэмцээнд явахыг мэдээд их догдолж байсан. Олон орны тамирчинтай халз тоглох сайхан санагдаж, бас сүрдэж байлаа. Гэхдээ алтан медальтай буцна гэж төсөөлөөгүй. Үнэхээр их баярлаж урам орсон” хэмээн ярьсан. Уг тэмцээний дараа Ц.Батболд багш нь АНУ руу явахаар болжээ. Анх шатар зааж өгсөн багш нь харийн улс руу удаан хугацаагаар явсан учраас Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Жигжидсүрэн багшийн шавь болсон байна. Шатрын олон улсын томоохон тэмцээнд оролцох бүртээ шинэ танилуудтай болж эхэлсэн нь түүний амжилтын гараа гэж хэлж болно. Учир нь тэрээр найзуудаараа дамжуулан улсынх нь шигшээ багийнхантай хамтарсан бэлтгэл хийдэг. Сүүлд л гэхэд дэлхийн аварга Хоу Ифань найзынхаа урилгаар Бээжинд очин Хятадын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийсэн. Уг бэлтгэлийнхээ үр дүнд Буриадад болсон насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах “Байкальские Зори” тэмцээнийг зорин гуравдугаар байрт шалгарсан байна. Харин түүний сэтгэлд хамгийн тод хоногшсон нь Туркийн Кайсери хотод болсон өсвөрийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. А.Энхтуул уг тэмцээний үеэр өөрийнхөө ангилалд чансаагаараа тэргүүлж байсан тамирчныг хожсон байна. 

А.Энхтуул дунд сургуулиа төгсөөд МУИС-ийн Гадаад хэл, соёлын сургуулийн хятад хэлний ангид элсэн оржээ. Оюутан болоод удаагүй байхдаа сургуулиа солин Москва хотод сэтгэлзүйч мэргэжлээр суралцаж байгаа юм байна. Сурч байх хугацаандаа өдөрт хоёроос гурван цагийг бэлтгэлдээ зориулдаг. Тэмцээний үед харин эрчимжүүлсэн бэлтгэл хийдэг ажээ. Чөлөөт цаг гарвал өөрийнхөө блогийг шинэчилнэ. Шатар тоглохоос гадна бас нэг хобби нь хүнтэй ярилцлага хийх гэсэн. Энд тэнд тэмцээнд оролцож байхдаа дэлхийн аваргуудаас яриа авчихна. Түүнийгээ өөрийнхөө блогт оруулдаг гэсэн. Сэтгэлзүйч мэргэжилтэй болчихоод үргэлжлүүлэн сэтгүүлчээр сурах бодолтой байгаа юм байна. “Би чөлөөтийн С.Батцэцэг болон дэлхийн аварга Хятадын шатарчин Хоу Ифань нартай ярилцлага хийж байсан. Блогтоо оруулчихдаг юм” гэлээ. Түүний блогт алдартай тамирчдын ярилцлагаас гадна шатрын спортын сонин сайхан, шатарчдын тухай танилцуулга бий ажээ. 

Тэрээр “Бороо гоулд”, “Монгол-Чех металл” ХХК-иар овоглож явдаг. Дөнгөж 12 настай байхаасаа л дээрх хоёр компаниас цалин авч эхэлжээ. Тодорхой хэмжээний орлоготой болохоор аав ээжээсээ мөнгө нэхээд байхгүй. Өөрөө өөрийгөө болгоод явчихдаг гэсэн. Харин сургуулиа төгсөөд шатрын сургууль байгуулахыг мөрөөддөг. “Их мастерын болзол хангачихлаа. Наймдугаар сард цолоо албан ёсоор баталгаажуулан авна. Одоо хамгийн том мөрөөдөл минь үлдсэн. Монголдоо шатрын сургууль байгуулна” гэлээ.

С.АЛТАН

3 replies on “Оюуны спортын их мастер А.Энхтуул”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *