Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюу толгойн гэрээ тун тааруу болсон

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Оюу толгойн гэрээг би эхнээс нь л шүүмжилж байлаа. Бүр Засгийн газар гэрээ хийхээс ч өмнө Монголыг дааж давшгүй өрөнд оруулах, бүтэл муутай, эцэст нь бидний тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бэхжүүлэх бололцоо гэж горьдож байгаа гурав дахь хөршийн хөрөнгө оруулалт биш, харин ч хөршөөсөө хамаарах хамаарлыг улам бэхжүүлэх хортой гэрээ болох нь гэж шүүмжилсэн, анхааруулсан өгүүлэл бичиж байсан. Юмыг өнгөрсөн хойно нь ухаан цэлмэж цэцэн мэргэн болдог хүн санасныг бодвол олон. Харин би тэгээгүй гэдгээ бүрэн батлахуйц хэд хэдэн анхааруулга өгүүлэл нийтийн мэдээллийн хэрэгслэлд цагаан дээр хараар огноотойгоо бичиж үлдээсэн.

Архиваа ухаж үзвэл Оюу толгойн тухай нийтдээ зургаа долоон өгүүлэл бичиж “Өдрийн сонин” болон сайтууд дээр гаргасан байх юм. “Оюу толгой”. (2008.9.14), “Оюу толгой жинхэнэ эзэндээ зарагдлаа”. (2009.7.18), “Оюу толгойн гэрээ тун тааруу болсон”, (2011.5.16), “Уул уурхайн ноолууран бодлого”. (2013.10.20)”, “Оюу толгой мөд сэхэхгүй”, (2015.2.15). Эдгээрийг сайт ухаж, эсвэл номын санд очин сонин эргүүлж харж болно. Гэрээ эхлээчгүй байхад зүв зүгээр байсан ядуу Монголыг олон жилийн дааж давшгүй өрөнд шааж оруулах хууль баталсан жинхэнэ буруутнууд одоо юу гэж бүлтрэх бол? Монгол Улс Оюу толгойн уурхайгаас болж өрөнд ороогүй, оюун тархигүйгээ мэдэхгүй байж эх орноо амьсгааг нь тасартал тас тэвэрсэн хэсэг амьтнаас болж баларсан. Одоогоос яг найман жилийн өмнө бичсэн өгүүллийг дор дахин сийрүүллээ. Бусдыг нь өөрснөө ухаад олж үзэцгээгээрэй.

2019.6.3


Бүгд Найрамдах Гвинэй улс гэж бий. Баруун Африкт. Конакри нийслэлтэй Гвинэй ч гэдэг. Учир нь хажууд нь Биссау нийслэлтэй Гвинэй гэж бий. Тэр байтугай Азид Папуа Гвинэй хүртэл бий. Бөөн гвинэйчүүд. Конакрийн Гвинэй Африктаа хамгийн анх тусгаар тогтносон. Бандунгийн бага хуралд оролцсон Сэкю Тюрье гэгч тэндэхийн нэг хөөрхөн хар Жоу Эньлай, Нэрү, Сукарно нараас империализмын эсрэг, социализмын тухай олон зүйл сурч очоод анхны ерөнхийлөгч нь болсон юм. Кремлийн ганц хайртай үлгэр жишээ хүү болсон юм даа. Хар Африкт социализм байгуулаад унасан. Капитализм алгасдаг гээд Монголоос бөөн үлгэр жишээ авч байсан юмдаг. Манайхан ч тэнд элчин сайдын яамаа байгуулаад л Зөвлөлтийн мэргэжилтний үүрэг гүйцэтгэж явлаа. Одоохон наадуулынхаа үхэр малыг хурааж аваад нэгдэл хамтрал байгуул гэсэн зөвлөлгөө ч Улаанбаатараас Конакрид очиж л байсан. Мань Сэкю Тюрье капитализмыг алгасч социализм байгуулах гэж алж өгсөн л дөө. Ганц намын дарангуйлал, өмчгүй нийгэм гэдгээс гадна манайхны 1937 оны явдлыг ч давтсан. Аллагагүй социализм гэж хаа байхав дээ. Үр дүнд нь дэлхийн хамгийн ядуу орон болсон доо. Гээд мань дарангуйлагч 1984 онд гэнэт нас барчихдаг байгаа. Гэхдээ гуравдугаар сарын 26-нд юм билээ.

Орлогч нь ерөнхийлөгч болж 2008 онд Мароккод эмчлүүлэхээр зугтаах хүртлээ энэ албыг хашсан. Бас л сайхан цуст дарангуйлагч, гэхдээ хөөрхий нутагтаа африк маягийн перестройка хийсэн эр ээ. Учир нь цэргийн дарангуйллаа зогсоогоод 1990 онд шинэ Үндсэн хууль баталсан. Мөн оноос эдийн засгийн шинэчлэл хийж, хувьчлах, төрийн эдийн засагт оролцох оролцоог багасгах, социализмаас ухрах, чөлөөт зах зээлийг нэвтрүүлэх, хувийн сонирхлыг дэмжих гэх мэт. Хашрын шинэчлэл Монголынх шиг гэхээсээ Дунд Азийнх шиг, бүр тодруулбал Түркмэнийх шиг юм уу даа. Хүний эрх, олон ургалч үзэл, олон намын тогтолцоо, ардчилал энэ тэр бол байхгүй. Шинэ Үндсэн хуулиар 1994 онд чөлөөт сонгууль явуулах байсан боловч “дарга айгаад зөвшөөрөөгүй” учир тэрнийг гадагшаа хөөгдөх хүртэл гвинэйчүүд дан ганц перестройкагаар л занимаалдсан.

Ноднин Гвинэйд түүхэндээ анх удаа сонгууль боллоо. Африк маягаар ардчилж байгаа нь тэр. Африк маяг гэдэг нь тэнд сонгууль болохоор ялагдсан тал нь хүлээн зөвшөөрдөггүй, ингээд хоёр ерөнхийлөгчтэй хэсэг байгаад иргэний дайн руу гулсан ордог нигууртай. “Сонгуулийн дүнг манай нам хүлээн зөвшөөрөхгүй” гээд л мэдэгдчих нь тэр. Ингээд будилж будилж хэд дахин нахиж байж арай гэж арваннэгдүгээр сард Гвинэйн Ардын намын тэргүүн Альфа Кондэ нэг муу юм ерөнхийлөгч болжээ. Аль зургаан сард эхэлж хэд хэд буцан бараг хагас жил үргэлжилсэн сонгууль Гвинэйн 10 сая ард түмнийг дарвайтал нь баяжуулсан даа. Одоохондоо ам хэлээрээ шүү дээ. Шигшээд үлдсэн хоёр нэр дэвшигч нахиж байгаа сонгуульд түрүүнийхээсээ ихийг амалж, ард түмэндээ уул уурхайн бүх баялагаа үнэгүй тараах юм болоод явчихсан. Алтан дээр сандайлсан гуйлгачин гвинэйчүүд одоо л сандлаа идэж гарах бололтой. Уг нь сандал доор юу ч байж болно, дээр нь суугаа хүн гуйлгачин сэтгэхүйтэй бол ямар ч нэмэр байдаггүй юм л даа.

Алтан дээр сандайлсан нь харин үнэн юм шүү. Хөнгөн цагааны хүдэр буюу бокситын нөөцөөр дэлхийд тэргүүлдэг. Дэлхийн бүх нөөцийн хагас нь манай ганц Өмнөговь шиг энэ жижиг оронд байдаг гээд бод доо. 25 тэрбум тонн боксит, дөрвөн тэрбум тонн дээд зэрэглэлийн төмрийн хүдэр, дээр нь зэсийн асар их орд, тэгээд болоогүй алмааз, алтны мундаг нөөцтэй энэ жижиг орныг уг нь бурхан харж үзсэн шиг гялтайтал нь мялаасан байгаа юм даа. Перестройкагийн үед мань нөхөд Украин, Орос болон Зүүн Европын орнуудтай хамтран ажилласнаар уул уурхай хөгжүүлж эхэлсэн. Гэхдээ хүн амын 75 хувь нь бичиг үсэггүй энэ хөөрхий орны ард түмэн уул уурхайгаас юу ч олж долоосонгүй. Өөрснөө ярихдаа, ялангуяа сонгуулийн үеэр сурталдахдаа гадаадынхан тоноод юу ч үлдээгээгүй гэх аж. Үнэндээ дотоодын авлигадаа л идэгдчихсэн хэрэг шүү дээ. Юу л боллоо гэж гадныхан (Орос, Украин ч гэсэн) зүв зүгээр аваад явчив гэж. Гэхдээ ойлгоц муутай хар толгойд ийм үг их наалдацтай байдаг бололтой. Гвинэй ийм их баялагтай учраас дэлхийн хамгийн ирээдүйтэй орны нэг гэж гадаадынхан ч, өөрснөө ч үргэлж үглэсээр байгаад ийм яриа ард түмэнд “түргэн хэллэг” шиг болсон. Гэхдээ тэр ирээдүйг нь хэн ч нүдээрээ олж хараагүй. Баян л гээд байдаг, турж үхээд л байдаг. Буруутан нь мэдээж гадаадынхан л байх л даа.

Гвинэйн өмнөд үзүүрт 110 км урттай 10 км өргөнтэй Симанду хэмээх байгалийн үзэмжит газарт асар их төмрийн орд олджээ. Гвинэйчүүд сүүлийн арав гаруй жил энэ тухай л ярилцаж байна. Симандуг ашиглаж эхлэхэд тэд маш их баяжих учир хөөрхий америкчуудыг харж үзэж хоолны үлдэгдлээрээ дайлах бололтой. Симанду нь үнэхээр гайхалтай орд л доо. Өндөр нягтаршилтай (70 хувийн төмөртэй) 2.3 тэрбум тонн төмрийн хүдэр байгаа ба үүнийг ашиглахад 17-19 тэрбум доллар шаардлагатай аж. Симандуг ашиглах төсөл нь өөрөө Африк тивд хэзээ ч байгаагүй том далайцтай эд.

Энэ ордыг анхлан Англи-Австралийн Рио Тинто компани сонирхжээ. Тэдний геологичид хориод жилийн өмнө анх нээсэн юм байна. Ийм өндөр концентрацитай их хэмжээний төмрийн орд геологийн түүхэнд урьд нь тааралдаж байгаагүй аж. Ингээд 1998 оноос эхлэн удтал ярилцаж байгаад 2003 онд Рио Тинто Гвинэйн засгийн газар хоёр гэрээ хийж хөрөнгө оруулалтыг уг компани гаргахаар болжээ. Хүн амдаа харьцуулахад арай ч томдчихов уу гэмээр ийм их баялгийн сургаар Гвинэйн төр самуурч, хүн ард нь харамлаад эхлэхгүй юу. Өөрснөө ашиглана гээд л. Юун геологийн ухаан, зүгээр л бичиг үсэг тайлагдаагүй ард түмэн шүү дээ. Тэгээд ч ашиглалтад гаргах олон тэрбум доллар байтугай ходоод руугаа хийх хоол олддоггүй газар.

Францын колони байсан, албан ёсны хэл нь франц, Франц улс өдий болтол тусалж тэжээж явдаг, тэгэхээр Сорбон энэ тэр төгссөн тэр байтугай доктор болсон харууд нэлээдтэй. Өнөөдүүл нь гвинэй ухаан гэгчийг ярьж тооны машинаар бичиг үсэггүй ард түмэн нь байтугай өөрснөө ойлгохгүй олон оронтой тоо гарган түүнээ доллараар нэг тооцоод л, еврогоор нэг тооцоод л, япон иенд хувиргаад л, орос рубль, хятад юаниар хариуг нь гаргаад л. Аль болох олон тэгтэй тоо гаргаад л. Сорбонд таван жил сураад тогтоосон юм нь энэ! Ингээд гвинэй ориг ухаанаар бодсоны эцэст Рио Тинтогоос салах, байгуулсан 2003 оны гэрээгээ цуцлахаар 2010 онд тогтжээ. Төмрийн хүдрийг хүрздээд л 650 км-ийн цаана орших далайн боомт руу шидээд байх бололтой юм аа. Хэдэн ачааны машин байхад л болно гэнэ. Гвинэйг тойроод баахан ядуу орнууд байгаа шүү дээ, бүгдэнд нь дайсагнаж эхэлсэн. Огт ашиглаж эхлээгүй баялагаа харамлан, тэднийг ирж хөрөнгөнөөс нь хуваалцаж магадгүй гэж урьдчилан хардаж эхэлж байгаа нь тэр. Гвинэй эх орондоо хэн нь илүү хайртай вэ гэсэн уралдаан орон даяар өрнөв. Мэдээж энэ далимд хэн урвагч, гадаадын хөлсний нохой болохыг тогтоож таарна. Уншиж бичиж чадахгүй хэвтэж улс орон даяараа геологи менерологи, уул уурхайн дээд зэргийн мэргэжилтэн болох нь тэр. Орон оронгоор нь алдах боловч таслалаас хойш олон тэг бүхий нарийвчлалтай тоог үсэг таньдаг болгон тооцоолон бодно. Хүн бүрийн хариу олон оронгоор хоорондоо зөрнө. Гайхамшигт ориг гвинэй хар ухаан. Тэд лав тэнгэрээс гаралтай байх. Албан ёсны шашин нь лал мөргөл, гэхдээ амьдрал дээр бөө ноёрхдог.

Хэдхэн хоногийн өмнө Гвинэйн засгийн газар Рио Тинто болон Хятадын Чиналко компаниудтай Симандугийн төмрийн ордыг ашиглах гэрээ байгууллаа. Тэднийг энэ алхам руу эрүүл ухаан биш, бодит байдал шахсан юм. Гвинэйчүүд шороогоо шуудайлж үүрээд 650 км газар далайн боомт хүртэл алхаад алхаад олигтой их юм зөөж чадахгүй юм байна гэсэн арифметикийн тооцоог гаргаж чадсан байна. Энэ бол тэдэндээ сэтгэлгээний том дэвшил. Богооноор тээвэрлэвэл жилд 70 сая тонн зөөж чадна гэдгийг мэргэн ухаандаа тунгаан үзээд нийтээр зөвшөөрчээ. Ингэвэл ордыг 40 жил зөөх юм. Ингэхээр хагас зуун жил идэвхтэй ажиллах асар том бүтээн байгуулалт. Ардчилсан улс болчихсон, сонгуулиар хүн үнэмшмээргүй юм ард түмэндээ амалчихсан, ингэхээр дараагийн дурак төрийн эргэлт хийхээс өмнө амжиж хүмүүст мөнгө тараах хэрэгтэй. Иймээс шинэ засгийн газар гэнэт яаравчилсан хэрэг.

Алив засгийн газар бол уурхайчин ч биш, төмөр замчин ч биш, нийгмийн мэнэжмэнт хийдэг газар. Боловсрол соёл шинжлэх ухаан, эрүүл мэнд, дэд бүтэц, төрийн алба, шүүх цагдаа, арми гээд төрд анхаарах юм хүзүүгээр нэг. Энэ болгонд мөнгө хэрэгтэй. Тухайн улс байгалийн баялагтай бол чаддаг нэгнээр нь ухуулж зөөлгөөд татвараа л авдаг. Төр тэр шороо мороог авах гээд байгаа юм биш, эцсийн бүлэгт буй болох мөнгийг нь л авах гэсэн хэрэг. Чаддаг нь эзэмшлээ, ашиглалаа, зөөлөө, улсад нь татвараа өглөө, харин Засгийн газар нь тэр мөнгөө лаа болгоно уу, лууван болгоно уу өөрөө мэднэ. Дэлхийн стандарт энэ. Ийм жишгээр явахад баялаг эзэмшигч орон ямар ч эрсдэл хүлээлгүй олдох мөнгөний 50 хувиас дээшихийг хуруу хөдөлгөлгүй зүгээр суугаад авдаг. Ямар түүхий эд гэдгээсээ хамаараад янз бүр байдаг ч ерөнхийдөө ийм жишигтэй.

Харин гвинэйчүүд витамин зитамин ойлготол мөн ч хол бололтой юм. Өөрөө орж ухалцаж зөөлцөх гэнэ. Соёлтой орнууд ингэдэггүй юм аа, Норвеги, Австрали, Канадыг хар гээд хэлчихсэн чинь соёлгүй гэлээ гээд өнөө харууд чинь хөөх туух дээрээ тулдаг байгаа. Ингээд Гвинэйн засгийн газар ордын 20 хувьд хувьцаа эзэмшигч болох ба тэр нь явсаар ирээдүйд 35 хувьд хүрэх юм байна. Орд ашиглалтын эхний 12 жилд 10 тэрбум доллар гаргах юм байна, үүний хоёр тэрбумыг энэхүү дэлхийн хамгийн ядуу орон зээлээр гаргана. Нэг үгэндээ ямар ч туршлагагүй, мэдлэггүй, ойлголтгүй гвинэйчүүд дэлхийн хамгийн том уурхайн тавны нэгд нь хариуцлага хүлээж буй нь тэр. Нийт ашгийн 55 хувь нь элдэв татвараар тэдэнд ноогдож байгаа, дээр нь ухалцахаар хувь оруулснаа нэмэхээр 65 хувь хүрэх бололтой. 650 км төмөр зам бариулна, уурхай ашиглаж дууссаны дараа Гвинэйн ард түмэнд үнэ төлбөргүй очно. Юутай ч өнөөдөртөө гэрээнд ингэж тусгажээ. Цааш нь найман жил татвар авахгүй ч гэх шиг, роялти 3.5 хувь ч гэх шиг зөндөө олон юм байна, үүнийг нь гвинэй хүн байтугай зүгээр хүн ойлгохгүй юм билээ.

Нэг л юм дэндүү ойлгомжтой нь энэ гэрээ дэлхийн стандартаас шал өөр. Соёлтой орнуудад засгийн газар нь хувь авч шороо ухдаггүй, зүгээр л ашиглалт, ашиг, роялтийн татварын мөнгөө ахиухан авах дээр анхаардаг. Одоо яая гэхэв гвинэйчүүд шороо ухах дуртай юм байлгүй. Нэгэнт олон улсын стандартаас шал өөр юм болохоор эцсийн дүндээ энэ их тоо орсон хэлэлцээрт тоо сайн боддог нь хожиж л гарсан байж таараа. Харин гвинэйчүүдийн авсан энэ хорин хувь энэ орныг ална даа. Угаасаа ч авлигад гүн идэгдсэн орон, одоо бол авлигын хэмжээ тэрбумаар л яригдах байх. Чааваас даа, гадил, тоор, газрын самар, ургамлын тос, кофе экспортолж жаахан мөнгө олдог байсан дээрээ алалддаг байсан, одоо ч ланзгар юмны ард сууж авсан, авдар авдраар нь л өгөлцөж аваад байж дээ. Төр эзэмшинэ, төр мэднэ, төр ашиглана л гэнэ, үнэндээ түрий бариад байгаа тэр төрийг чинь төлөөлөөд долийсон далийсан цэцэн цэлмэг яриатай үмбүүнээс дор ухаантай муусайн хулгайч нар л сууж байгаа шүү дээ. Төрийн хорин хувийн нэрээр эзэн суух, улмаар шунаг зан эрх мэдлээрээ зүгээр явах байсан бүтээн байгуулалтыг нурааж уурхайг ашиггүй болгож байж л санаа нь амарна. Хаанахын ч төр ачир дээрээ эзэнгүй байдаг. Хаанахын ч төр, тэр дундаа Гвинэйн төр бизнес хийж дөнгөхгүй, харин хулгайг бол сайн чадна. Симандуг төрийн нэрээр хянахын тулд хоорондоо алалдана, ялагдсан тал нь нөгөөгөө чадахын тулд аягүй бол очиж дэлбэлнэ, хүмүүсийг тухирч дайралт дээрэм зохионо, янз бүрээр хорлоно, харж л байгаарай. Гэрээг харж байхад сайн тал нь тун удахгүй Симандугаас болж 10 мянган ажлын байр шинээр гарах юм билээ. Энэ л уг нь Засгийн газрын хамгийн анхаарах олз юм л даа.

Өөр нэг ойлгомжтой юм гэвэл илүү гарсан гадилаа гадагш зараад тарчигдуухан ч гэсэн тайван амьдарч байсан гвинэйчүүдийн амьдрал там болно. Өнгөрсөн сонгуульд ялагдсан эр одоо Симандуг 10 сая иргэндээ тэнцүүхэн хувааж өгнө гээд дайрчихсан. Гадаадынхныг хөөж гаргана гэсэн. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг нь шинэ ажлын байр, шинэ технологи, шинэ техник, шинэ дэвшил, шинэ хөгжил авчирдаг, эрүүл саруул орнууд гадаадын хөрөнгө оруулалтын төлөө хоорондоо өрсөлдөж сүйд болдог гээд тэд нарт ярих юм бол алуулна. Шууд л тагнуул урвагч гэж хараан зодох ба “эдийн засгийн алуурчин” хэмээх хоч духан дээр чинь наана. Гадаадын империалистуудыг зүхээд эхэлчихсэн. Ардчилсан орон болсон болохоор ардын бослого эсэргүүцэл өдөр алгасахгүй нь мэдээж. Улс баяжсан болохоор хэн хүнгүй төрд гарч ирэх гэж үхэлдэнэ. Авлига цэцэглэж навчлахаас гадна улс орныг нь залгина. Тэгэх тоолонгоор ард түмнийг хөөрөгдөн иргэний дайнд өдөөгчид улам олширно. Үүнийг л байгалийн баялгийн хараал гэдэг юм билээ. Баялаг нь биш тэндээс буй болох мөнгө нь хоосон хөндий толгойд хараал болон тусдаг аж. Гвинэйчүүд удахгүй төв талбай дээрээ сармагчингаа унаж ирэн цуглах болно. Мэдээж империализмын эсрэг. Өө нээрэн, сармагчин унаж болохгүй шүү дээ, тэгэхээр хөтлөөд ирэх юм байна. Харин хоорондоо ялгагдах юм болов уу даа.

2011.05.15

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *