“Оюутолгой” компаниас тав дахь жилдээ зохион байгуулж буй “Оюунлиг хүмүүн Монголын баялаг” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан залууст батламж гардуулах ёслол “Шангрила” зочид буудлын хүндэтгэлийн танхимд болов.
Уг ёслолд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, дотоод, гадаадын их дээд сургуульд “Оюутолгой” компанийн тэтгэлгээр суралцах эрх авсан залууст батламжийг нь гардуулж баяр хүргэлээ.
“Оюутолгой” компани 2010 онд Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ-тай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд “Оюунлиг хүмүүн Монголын баялаг” тэтгэлэгт хөтөлбөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Энэ хугацаанд уул уурхай, барилга болон бусад мэргэжлээр нийт 200 оюутныг дотоодын, 40 оюутныг гадаадын нэр хүндтэй их дээд сургуульд сурахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд 10 сая ам.долларыг зарцуулаад байгаа аж. Тэтгэлэгт хамрагдсан залуус эхнээсээ төгсөөд ажил хөдөлмөрийн талбарт гарч, эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж буйг “Оюутолгой” компанийнхан дуулгасан.
Энэ удаа гадаадын их дээд сургуульд магистраар сурах дөрвөн оюутанд тэтгэлэг олгохоор болжээ. Харин дотоодын тэтгэлэгт 30 оюутан шалгарч, тэдэнд нийтдээ 300 сая төгрөгийг зориулж байгаа. Шалгарсан оюутнуудын 17 нь хөдөө орон нутгаас сурч буй, дийлэнх буюу 15 нь ШУТИС-ийнх гэнэ.