Categories
мэдээ улс-төр

Отроос дөнгөж буусан Завхан аймгийн Тэлмэн сумын малчныхаар Шадар сайд Ө.Энхтүвшин орлоо

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн малчин Б.Нямхоролынд цөөн хором саатаж, гэрийн эзэнтэй өвөлжилтийн талаар ярилцлаа.

-Өвөлжөө тавтай байна уу?

-Тавтай. Манайхан 20 км-ын алсад Согоот гэдэг газарт отроор нүүдэллэж яваад өөрийн өвөлжөөндөө дөнгөж буугаад байгаа маань энэ.

-Согоот гэдэг чинь Цэцэрлэг тийш байх нь ээ. Хөвсгөлийнхөнд хөөгдөж туугдаагүй биз дээ?

-Гайгүй ээ.

-Хэдэн малтай вэ?

-Хонь, үхэр голдуу 300 гаруй малтай.

-Тэлмэн ч жил бүр цас их унадаг газар даа. Энэ өвөл хэр өвөлжиж байна?

-Цас унадгаараа унасан. Их ч хүйтэрлээ. Одооноос жаахан цаг тавирах янзтай.

-Малаа бэлчээж байгаа биз дээ?

-Тугал, бага малдаа өвс тавьж өгч байгаа. Бусдыг нь бэлчээнэ. Бэлдсэн хадлангаа барах талдаа орчихлоо.

-Бид Улсын Онцгой комиссын ажлаар өвөлжилт хүндэрсэн аймгуудаар явж байна. Бас Засгийн газраас өвс, тэжээлийн тусламж үзүүлж байгаа.

-Энэ тухай манайхан сонсоогүй. Өвс, тэжээл сураглаж төв оръё байз. Бүл тааруу болохоор багийн хурал хуйд очиж завдахгүй л юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин малчин айлуудаар буухдаа Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн залуу эрдэмтдийн зохион бүтээсэн олон эрдэст, тэр дундаа Монголын малд хамгийн ихээр дутагддаг силениум хэмээх бодис бүхий “Ашигтай долооц” хэмээх шинэ бүтээгдэхүүнийг өгч байв. Энэ нь мал туйлдахаас урьдчилан сэргийлдэг бөгөөд түргэн тэнхрүүлдэг ашигтай бүтээгдэхүүн юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *