Оросын “Нэгдүгээр суваг” телевизийн сэтгүүлч Марина Овсянникова шууд нэвтрүүлгийн үеэр дайныг эсэргүүцжээ. Түүний барьсан хуудас цаасан дээр “Дайнаа зогсоо. Энд гарч буй худал хуурмагт бүү итгээрэй” хэмээн бичсэн байжээ.
Марина Овсянниковаг ийнхүү дайныг эсэргүүцсэн лоозон барьж, хашгирч байх үед нэвтрүүлэгч Орост тавьсан хориг арга хэмжээний нөлөөг бууруулах Ерөнхий сайд Михаил Мишустины төлөвлөгөөний талаар танилцуулж байжээ
Нэгдүгээр сувгийн зүгээс шууд нэвтрүүлгийн үеэр студэд хүн нэвтэрсэн хэргийг шалгаж байна хэмээн мэдээлсэн бол Марина Овсянниковагийн өмгөөлөгч Павел Чиков үйлчлүүлэгчийг нь Останкино орчмын цагдаагийн хэлтэс саатуулаад байгааг хэллээ.
Марина Овсянникова шууд нэвтрүүлгийн үеэр шуугиан тарихаасаа өмнө дайныг эсэргүүцсэн уриалга гаргаж “Би сүүлийн жилүүдэд Нэгдүгээр сувагт ажиллан, Кремлийн суртал ухуулагчаар ажиллаж байгаадаа үнэхээр гутарч байна” хэмээн ярьжээ.
Марина Овсянникова нь тус сувгийн олон улсын мэдээний хэлтэст ажилладаг. Түүний нөхөр ч Нэгдүгээр сувгийн ажилтан гэх мэдээлэл байна.