Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд осол гаргаж, хүний амь хохироогоод зугтсан хэргийг илрүүллээ DNN.mn

Замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.

Тодруулбал, өчигдөр 16:31 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт “Гүүрний хажууд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу Төв аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэгийг явуулахад дөрөвдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө тус аймагт оршин суух хаягтай 79 настай, эрэгтэй “С”-ийг тээврийн хэрэгслээр мөргөж, амь насыг нь хохироон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Тус цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллахад дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй 19 настай, эрэгтэйг тогтоон мөрдөн шалгаж байгаа аж.

Иймд жолооч нар тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлэхгүй байх, орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байхыг Цагдаагийн Ерөнхий Газраас анхаарууллаа.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих

1. Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2. Энэ гэмт хэргийг:

  • 2.1. согтуурсан, мансуурсан үедээ;
  • 2.2. тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн;
  • 2.3. хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж;
  • 2.4. их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг:

  • 4.1. согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн;
  • 4.2. энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Мөн хуулийн 27.11 дүгээр зүйл. Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах

1. Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *