Categories
мэдээ нийгэм

Орхон аймаг энэ онд 700 сая төгрөгийг гамшгийн эрсдэлийн санд төсөвлөжээ

Иргэдийн аюулгүй байдлыг хангах, тохиолдож болзошгүй аюул, ослоос
урьдчилан сэргийлэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед иргэдэд цаг
алдалгүй тусламж үзүүлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд
шуурхай хүргэх зорилгоор Онцгой байдлын байгууллагаас бүсийн удирдлагын
төвүүдийг байгуулан ажиллаж байна. Орхон аймгийн Онцгой байдлын газрын
хувьд хойд бүсийн аймгуудаа хариуцан ажилладаг бүсийн төв юм.

Тэрчлэн Орхон аймгийн төвд Гал түймэр унтраах, аврах гурван анги ард
иргэдээ болзошгүй аюул, ослоос авран хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг
ханган ажилладаг. Гэвч тус аймгийн хүн амын тоо өсч, төвлөрөл ихэссэн,
үйлдвэр, үйлчилгээ хөгжиж хот тэлж байгаагийн хэрээр гамшиг, аюулт
үзэгдлийн тоо, давтамж ч өсөх хандлагатай байгааг харгалзан иргэдэд
гамшгаас хамгаалах үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор Монгол Улсын
Засгийн газрын тогтоолоор Баян-Өндөр сумын Эрдэнэ багт дахин нэг Гал
түймэр унтраах, аврах ангийг шинээр байгуулахаар болсон.

Тус ангийн барилга болон гаражийн төсвийг аймгийн төсөвт тусган
дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа аймгийн удирдлагуудад ОБЕГ-ын дарга,
хошууч генерал Т.Бадрал талархал илэрхийллээ. ОБЕГ-ын дарга, хошууч
генерал Т.Бадрал УОК-ын шуурхай бүлгийг ахлан тус аймагт ажиллаж байгаа
бөгөөд Орхон аймгийн хувьд гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдал
харьцангуй шийдэгдсэн, Онцгой байдлын байгууллагын чадавх, техник, тоног
төхөөрөмжийн парк шинэчлэлүүд шат дараалан хийгдэж байгааг онцолсон юм.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгад аймаг, орон
нутаг нь тухайн жилийн батлагдсан төсвийн 2.0 хувийг орон нутгийн
гамшгийн эрсдэлийг бууруулах санд тусгаж, гамшгаас хамгаалах арга
хэмжээнд зарцуулахаар тусгагдсан. Орхон аймгийн хувьд 2018 онд 700 сая
төгрөгийг гамшгийн эрсдэлийн санд төсөвлөсөнийг УОК-ын дарга, Монгол
Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нар
онцлон сайшаалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *