“Орфей” театр хөшгөө Оросын нэрт зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр 2021 онд нээсэн. Түүнчлэн удаах уран бүтээлээрээ АНУ-ын зохиолч Жон Патрик Гоггины “Everybody loves Opal” буюу “Опал” жүжгийг хүргэсэн.
Тэгвэл тус хамт олон ирэх зургадугаар сараас “Зуны шөнийн театр” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, ихэнх театр, чуулга, урлагийн байгууллагууд зуны улиралд уран бүтээлээ завсарлаж, үзвэрийн жилийн нээлтээ намар нээдэг бол “Орфей” театрынхан ирэх зун шинэ уран бүтээл хүргэхээр шийдсэн аж.
“Зуны шөнийн театр” төслийн хүрээнд “Fucked up night” кабаре драм төрлийн жүжгийг толилуулна. Эл зохиолыг театрын урлагт дурлагсад зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” нэрээр нь эчнээ мэдэх бөгөөд “Орфей” театрынхны үзэгчдэд хүргэхээр сонгосон анхны монгол зохиол юм. Харин удаа эл жүжгийг содон нэр, сонирхолтой өнгө төрх, шинэлэг найруулга, тавилттайгаар хүргэхээр зорьжээ. Ташрамд сонирхуулахад, “Fucked up night” кабаре драм нь насанд хүрэгчдэд зориулсанаараа онцлог аж.