ОРЧЛОН ЕРТӨНЦ ОРГҮЙ ХООСНООС ҮҮССЭН
13.7 тэрбум жилийн өмнө хүчтэй тэсрэлт болж, асар богино хугацаанд хязгааргүй орон зай болон масс үүсгэн цаг хугацаа буй болжээ. Улмаар тэсрэлт үүссэнээс арвын хасах 43 секунтэд таталцлын хүч, цахилгаан соронзон хүч, цөмийн хүчтэй хүч, цөмийн сул хүч анх нэгдмэл байснаа салж эхэлсэн юм байна.
Энэ хугацаа бол нэг секундийг 43 тэгтэй тоонд хуваасан шиг өчүүхэн хугацаа. Үгээр илэрхийлэхийн аргагүй ийм хугацаанд тэсрэлт болсон бөгөөд дээрх хүчнүүд салахаас өмнө орон зай, цаг хугацааны тухай ойлголт байгаагүй гэсэн үг. Тэсрэлт болсны дараа секундийн хэдэн хувиас эхлэн олон сая жилийн хугацаанд ертөнц үүсэх процесс явагджээ. Тэсрэлт үүссэнээс хойш 300 мянган жилийн дараа ертөнцөд анхны тогтвортой бүтэц бий болж, хоёр тэрбум жилийн дараа галактик бүрэлдэх эрчимтэй үйл ажиллагаа явагдсан гэж үздэг. Орчлон оргүй хоосноос үүссэн гэдэг нь ерөнхийдөө тоосонцор, молекулууд л байсан гэсэн үг.
ЕРТӨНЦ ЗОГСОЛТГҮЙ ТЭЛДЭГ
Манай дэлхий 13.7 тэрбум гэрлийн жилийн радиустай харагдах ертөнцөд оршдог. Нэг гэрлийн жил нь 9.5 их наяд километртэй тэнцэнэ.
Физикч А.Салам тэсрэлт үүссэнээс хойш арвын хасах 43 секундийн агшин дахь цахилгаан соронзон хүч, цөмийн харилцан үйлчлэлийн хүчтэй болон сул хүч гурвын холбоосыг олсон байдаг.
Харин таталцлын хүчний энэ гурван хүчтэй холбоотойг хараахан тогтоогоогүй байгаа. Өдгөө хүчнүүдийн харилцан үйлчлэлийн хоёр том онол харьцангуйн ерөнхий онол, супер нэгдлийн онол-“стандарт модель” хоорондоо мөргөлдчихсөн байгаа юм.
Тэсрэлтийн дараа дулаан буурч, цацраг багассанаар сансар хийгээр дүүрч, хий нь аажмаар хуримтлан цугларч мананцар болон улмаар зүйл бүрийн од эрхсийн систем бүрдэж өнөөгийн одот орчлон ертөнц үүссэн байна.
Чөлөөт байдалд оршдог бодисын хамгийн жижиг бүрэлдэхүүн хэсэг бөөм бол электрон, протон. Сүүлийн үеийн судалгаагаар сансар түргэн хурдтай тэлж томрон хурд нь сансрын их тэсрэлтийн нөлөөлөлд тогтоосноос хавьгүй илүү хурдан. Сансрын их тэлэлтийн номлолоор хамгийн анхны биетүүд нэг хэт асар том атомын “Сансрын өндгөн” дотор хуран цуглаж, нэг удаагийн зүйрлэшгүй их тэсрэлтээр тоо тоймшгүй хэлтэрхий болж, хагарч хуваагдаад өнөөгийн сансрыг бүрдүүлсэн юм байна.
А.Эйнштений харьцангуйн онолоор сансрын орон зайн хэмжээ цаг хугацаа дагалдан тасралтгүй нэмэгддэг учир сансар үүсч бий болсноос хойш өнөөг хүртэл тэлэн өргөжсөөр байгаа юм. Сансар тасралтгүй тэлж өргөжих тул сансар хязгааргүй гэж ойлгох нь зүйтэй.
ЕРТӨНЦИЙН ХЭМЖЭЭСҮҮД
Анх манай ертөнц ганц л хэмжээстэй байжээ. Дараа нь хоёр, гурав дахь хэмжээс бий болсноор ертөнц өнөөгийн төрхөө олсон гэж үздэг. Эрдэмтэд олон жилийн судалгааны ажлын үр дүнд, туршилтаар манай ертөнц дөрвөн хэмжээст болох ёстой, болчихсон гэдгийг хэдэн жилийн өмнө мэдэгдсэн билээ.
NASA, Европын сансар судлалын товчоо өнгөрсөн онд LISA буюу Laser Interferometer Space Antenna хэмээх тусгай лаборатори байгуулснаар газрын татах хүчний долгионыг илрүүлж чадна гэж найдаж байгаа аж.
Гэхдээ дөрөв дэх хэмжээс гэх хэллэг элбэг тохиолддог ч чухам юуг хэлээд буйг нь ойлгоход заримдаа бэрх л дээ. Ихэнхдээ нууцлаг, учир битүүлэг, гайхалтай, ер бусын, хүрч болшгүй, сэрэл мэдрэмжээс ангид, физикийн хуулиас гажууд гэсэн утгатайгаар хэрэглэгддэг.
Далд ертөнц судлаачид ч янз бүрийн утгаар энэ үгийг хэрэглэдэг бөгөөд энэ бүхэн дөрөв дэх хэмжээс юутай ч оршин буй нь зайлшгүй гэдгийг харуулдаг юм. Хэрвээ дөрөв дэх хэмжээс бодитой оршин буй гэж үзэх юм бол гурван хэмжээст бид бодитойгоор оршдоггүй, хэн нэгний төсөөллөөр л бий болсон бөгөөд бидний бүх л бодол санаа, сэтгэл хөдлөл ямар нэгэн дээд хүчний амьд биетийн оюун ухаанд л бий болдог байх нь.
Физикийн үүднээс дөрөв дэх хэмжээс гэж юу болохыг физик-математикийн ухааны доктор С.П.Денисов “Орчин цагийн физикт дөрөв дэх хэмжээс гэдэг бол цаг хугацаа юм. Эйнштейний физикт биетийн орон зайн хэмжээс болох “x, y, z”-ийг цаг хугацааны “t” хэмжээстэй хамтад нь авч үзэж цаг хугацаа-орон зайн нэгдмэл бий болгодог. Ер нь бичил ертөнц рүү гүн нэвтрэх тусам, макро ертөнцөөр алслан холдох тусам орон зайн илүү олон хэмжээстэй учирч мэднэ. Физикчид одоогоор үүнийг эрж байгаа ч хараахан олоогүй байна” гэжээ.
ХАР НҮХНҮҮД ХӨДӨЛГӨӨНТЭЙ БАЙДАГ
Хар нүх гэдэг нь гэрэл болон аливаа цахилгаан соронзон долгион нэвтрэн гарахааргүй маш хүчтэй таталцлын орон үүссэн огторгуйн орон зай. Үзэгдэх гэрлийг өөртөө татан шингээдэг учраас гадны ажиглагчийн хувьд хүрээлэн буй харанхуй огторгуйн дэвсгэрээс ялгаран харагдах боломжгүй юм. Тийм учраас хар нүх хэмээн нэрийджээ.
Хар нүх гэдэг томъёоллыг анх 1967 онд Жон Архибальд Веелер гаргасан бөгөөд нүдэнд гэрэл мэт харагдах электрон соронзон долгион үзэгдэх орчны хязгаараас гарч чадахгүй болон хүний нүдэнд хав хар үзэгдэх байдлыг сансрын хар нүх гэж ойлгож болох аж.
Хар нүх нь өөрийн асар өндөр таталцлын хүчний улмаас орон, цагийн геометрийн бүтцийг асар том хэмжээний өөрчлөлтөд оруулдаг байна. Тайван оршиж байгаа сансрын хар нүхний орчимд орон цаг онцгой ихээр нягтарч агшсан байдаг. Тайван оршиж байгаа сансрын хар нүхнүүд нь зөвхөн цэг төдий дүрсүүд харагддаг бол эргэлдэж байгаа хар нүх нь дугуй буюу цагираг хэлбэрийн дүрснүүд болж үзэгддэг гэнэ. Хар нүхний орчин ч бас адил эргэлдэж байх бөгөөд зууван дугуй хэлбэртэй харагдана. Энэ нүхний дотроос энергийн ямар ч хэлбэр гарч чадахгүйн нэгэн адил энерги ч орох боломжгүй. Хүмүүс хар нүхийг нэг газраа хөдөлгөөнгүй зүгээр л байж байдаг гэж боддог нь буруу гэнэ. Үнэндээ хар нүх ихээхэн идэвхтэй бөгөөд эргэлдэх хөдөлгөөнөөс гадна сансар огторгуйн хүрээнд аялж байдаг гэдгийг Бригэм Яанг их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа нотолсон байна.