Categories
гадаад мэдээ

Орос дэлхий даяар ардчилсан сонгуульд нөлөөлж байна DNN.mn

Орос улс дэлхий даяар ардчилсан сонгуулийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах гэж өөрийн тагнуул, олон нийтийн сүлжээ болон Оросын төрийн мэдээллийн хэрэгслийг ашиглаж байгааг АНУ-ын тагнуулын алба анхааруулав. “Энэ бол дэлхий нийтийг хамарч буй үзэгдэл” гэж тус байгууллагын тайланд онцлон тэмдэглээд “Бидний мэдээлэл Оросын Засгийн газрын өндөр албан тушаалтнууд, тэр дундаа Кремлийн удирдлагууд эдгээр нөлөөллийн ажиллагааг үр дүнтэй гэж үзэж байгааг батлан харуулж байна.”Хятад улс бусад орны сонгуульд мөн хөндлөнгөөс оролцдог ч үүнтэй төстэй тактик хэрэглэдэггүй” гэж уг баримт бичигт тэмдэглээд уг тайланд Оросыг ийм үйл ажиллагааны “гол буруутан” гэж нэрлэсэн байна.

Уг тайланд “Орос улс 2020-2022 оны хооронд хамгийн багадаа есөн орны сонгуульд хөндлөнгөөс идэвхтэй оролцож, ардчилалд итгэх итгэлийг нь хөсөрдүүлэхийг оролдсон бөгөөд өөр 17 улс оронд Оросын энэхүү “хүчин чармайлт” харьцангуй бага хэмжээгээр нөлөөлсөн” гэж онцолжээ. Энэхүү баримт бичгийг улс, орнуудад анхааруулах зорилгоор Америк, Европ, Ази, Африкийн 100 гаруй улс дахь АНУ-ын Элчин сайдын яамд руу илгээсэн юм байна. Уг тайланд тухайлбал, Оросууд АНУ-ын 2020 оны сонгуульд итгэх итгэлийг алдагдуулах зорилготой мэдээллийг олшруулж, нийтийн сүлжээ, хэвлэлээр өргөн хэмжээгээр тараасан болохыг мөрдөн шалгаж тогтоосон баримтыг хавсаргажээ.

АНУ-ын 2020 оны сонгуульд нөлөөлж чадсан явдал, түүнчлэн COVID-19 тахлын талаарх ташаа мэдээлэл түгээх кампанит ажлын амжилт нь Орос улсыг дэлхий даяар ижил төстэй үйл ажиллагаагаа эрчимжүүлэхэд хүргэсэн гэж Төрийн департаментын нэрээ нууцалсан өндөр албан тушаалтан сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. АНУ-ын тагнуулын тайланд 2020 онд Европын нэг оронд болсон сонгуулийн жишээг мөн хавсаргажээ.Оросын Холбооны аюулгүй байдлын алба тус улсын сонгуулийн албаныхныг айлган сүрдүүлж, сонгуулийн өдөр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, гадаадад байсан иргэдийнх нь саналд нөлөөлөх зорилгоор “хорлон сүйтгэх” нууц ажиллагаа явуулж төрийн суртал нэвтрүүлгийн хэрэгслээрээ худал мэдээлэл түгээх, сошиал платформ, хуурамч веб сайтуудаар сонгуулийн шударга байдалд эргэлзүүлэх зорилготой мэдээлэл тараах зэрэг арга хэрэглэж байсан баримтуудыг дурджээ.

Иймээс ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах, ардчилсан улс орнууд Засгийн газар хооронд энэ талаар мэдээлэл солилцох, Оросын тагнуулчдыг хөөн гаргах, сэжигтэй хүмүүсийг тус улсад нэвтрүүлэхийг хориглох замаар Москвагийн ийм төрлийн үйл ажиллагаатай тэмцэхийг Вашингтон зөвлөсөн байна.

Энэ тайлантай холбогдуулан Германы Үндсэн хуулийг хамгаалах холбооны алба (BfV)-ны шинжээч Бодо Бекер “Орос улс Германы улстөрчид, төрийн байгууллагууд, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх олон нийтийн итгэлийг сулруулж, Европын холбоо болон НАТО дахь холбоотны харилцааг сулруулахыг зорьж байна гэж онцлов” хэмээн DW мэдээлжээ.

 

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *