УИХ-ын ээлжит чуулганы (2019.05.31) хуралдаан 10 цаг 21 минутад гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж, хэлэлцэх асуудлыг танилцуулсан.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баяр маргааш тохиож буйтай холбогдуулан УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс, Монгол Улсын Их Хурлын гишүүдээ төлөөлөн хүүхэд багачуудадаа баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр, “Бидний ирээдүй хойч үе болох хүүхэд багачуудынхаа эрхийг хангах, сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах, эрдэм чадалтай монгол хүнийг төлөвшүүлэх нь Монгол Улсын Их Хурлын онцгой анхааралд байдаг. УИХ өчигдөр (2019.05.30) Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсан. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 2021 оны хичээлийн жилээс эхлэн 1-5 ангийн сурагчид өдрийн хоолны үйлчилгээнд хамрагдаж эхлэх бөгөөд 2023 он гэхэд 1-12 ангийн бүх сурагч өдрийн хоолны үйлчилгээнд хамрагдах юм. УИХ-аас гаргасан энэ чухал шийдвэр бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оюуны болоод бие бялдарын өсөлт, хөгжлийг дэмжих, зөв хооллох дадал төлөвшүүлэх ач холбогдолтой юм. Мөн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг хоёр ээлжтэй болгох, цэцэрлэгийн насны бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч 2019 оны улсын төсөвт нийт 123 сургууль, 134 цэцэрлэгийг улс даяар шинээр барьж байгуулах санхүүжилтийн эх үүсвэрийг тусгасан. Ингэснээр гурван ээлжээр хичээллэх, сугалаагаар хүүхдээ цэцэрлэгт хамруулах асуудлыг бүрэн таслан зогсоох юм. Түүнчлэн 2017 оноос хойш хүүхдийн мөнгө аваагүй хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгох, нийт хүүхдийн 80 хувийг хамруулснаар эдийн засгийн бодит өсөлтийг үр хүүхдүүдэдээ хүргэх шийдвэрийг гарган хэрэгжүүлж байгааг Та бүхэнд дуулгахад таатай байна. Мөн олон хүүхэдтэй эхчүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүд болон бага насны хүүхдээ асарч буй ээжүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж байна. Төрүүлж, өсгөсөн хүүхдийнхээ тоогоор 1.5 жилээр тэтгэвэр тогтоолгох эрх зүйн орчин бүрдсэн.
Сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулж, чанартай хоол хүнсээр хангах, хүүхдийн мөнгө олгохоос гадна хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг илүү өргөн хүрээнд далайцтай зохион байгуулах, олон талын оролцоог хангах, хяналт хариуцлагыг сайжруулах хэрэгцээ шаардлага байна. Эдгээрт Монгол Улсын Их Хурал онцгой анхаарал хандуулж, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан. Ерөнхий хяналтын сонсголын үр дүнгээр хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөсөн хөрөнгийн зарцуулалтыг үр дүнтэй болгох чиглэлээр Улсын Их Хурлын тогтоол шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Цаашид жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг хүүхдийн баярын өдрийг хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэгтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэж байх нь зүйтэй юм. Мөн энэ өдрийг угтаж төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнууд, ТББ, иргэдээс хүүхэд хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг нэгтгэн дүгнэж цаашид хийж хэрэгжүүлэх аливаа ажлыг төлөвлөдөг болоход анхаарал хандуулах нь зүйтэй.
Монгол орны ирээдүй хойч үе энхрий бяцхан хүүхэд багачуудадаа Монгол Улсын Их Хурлын нийт гишүүдийнхээ өмнөөс баярын мэндчилгээ дэвшүүлье. Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой монголын үрс маш олон болтугай” гэлээ.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Ийнхүү чуулганы хуралдаанаар эхлээд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүлэв. Дараа нь Засгийн газраас 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцуулав.
Төсөл санаачлагч нь Автотээврийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш нийт 19 удаа нэмэлт, өөрчлөлт орсноор хуулийн зүйл, заалтын уялдаа холбоо, утга алдагдсан, нөгөө талаас шинэ техник технологи нэвтэрч, дамжин өнгөрөх тээвэрлэлт, ачаа болон зорчигчийн терминал, авто зам дагуух үйлчилгээ, автомашины үйлдвэрлэл зэрэгт эрх зүйн зохицуулалт шинээр хийх зайлшгүй шаардпагатай гэж үзэн хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийг батласнаар автотээврийн салбарын өнөөгийн байдал, олон улсын болон бүс нутгийн нийтлэг жишиг, ирээдүйн чиг хандлагад нийцсэн, иргэдэд аюулгүй, ая тухтай, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх, тээврийн төрлүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, тээврийн дэд бүтэц, ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэх, стандартын шаардлага хангасан автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах, автотээврийн салбарын хяналтыг сайжруулах, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангахад эрх зүйн таатай орчин бүрдэнэ гэж Засгийн газар үзжээ.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Я.Содбаатар автотээврийн салбарын хөгжпийг шинэ шатанд гаргах, цаашдаа тээвэр, ложистикийн сүлжээг өргөжүүлэх, зөвхөн дотоодын төдийгүй бүс нутгийн хэмжээнд тээвэр ложистикийн сүлжээнүүдийг бий болгох, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийг байгуулах, зам тээврийн ослыг бууруулах тал дээр онцгой анхаарах, энэ чиглэлээр хийж байгаа ажлуудыг эрчимжүүлэх, хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан байна.
Танилцуулгуудтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, О.Батнасан, Х.Болорчулуун, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, М.Билэгт, Л.Энх-Амгалан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, А.Сүхбат, Ж.Бат-Эрдэнэ нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Баталгаагүй сэлбэг, хэрэгслээс үүдэн авто осол гардаг тул төсөл дэх сэлбэг, хэрэгслийн талаарх зохицуулалт бүхий зүйлийг нягтлан, хариуцлагын санкцыг өндөржүүлэх саналыг Д.Хаянхярваа гишүүн гаргав. Түүнчлэн орон нутгийн зам дагуух хураамж хураах давхардсан цэгүүдийн үйл ажиллагааг эмхлэх,олон улсын GPS сүлжээнд Монгол Улсыг нэгтгэх талаар санал хэлээд, төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн А.Сүхбат автозамын бүтээн байгуулалт, арчлалтын чанарыг сайжруулах, стандартад нийцүүлэх шаардлагын талаар байр сууриа илэрхийлж, тодорхой тоон мэдээллийг танилцуулсан. Авто тээврийн талаарх эрх зүйн зохицуулалтыг төрийн бодлоготой уялдуулж, эдгээрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий механизмыг орон нутагт байгуулах шаардлага, ач холбогдлын талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ санал хэлсэн юм. Мөн зөвшөөрөл олгох замаар тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгах, стандартыг мөрдүүлэхэд илүүтэй анхаарал хандуулах шаардлагатай байгааг хэлж байв. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57.5 хувь нь Автотээврийн тухайхуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Үргэлжлүүлэн “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, төслийг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий аудитороос төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоолгохоор холбогдох байгууллагаас санал авч 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр УИХ-д ирүүлсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Төсвийн байнгын хороо “Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхий аудторын цалин, зэрэг зиндааг Улсын Их Хурал тогтооно.” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Төрийн аудитын байгууллагын ажилтнуудын цалин хөлс, урамшууллын тогтолцоо төрийн албаны тухай хууль тогтоомжийн хүрээнд өөрийн онцлогт тохирсон байх бөгөөд тэдгээрийн албан тушаалын цалингийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно” гэж тус тус заасан боловч УИХ-аас төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг хууль тогтоомжоор тусгайлан тогтоосон шийдвэр гараагүй аж. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед төрийн аудитын байгууллагын албан хаагчийн цалингийн хэмжээг УИХ-аас тогтоож, эрх зүйн орчныг бүрдүүлж хуулийн дагуу олгох нь зүйтэй гэж үзээд тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 43 гишүүний 25 нь дэмжсэн. Ийнхүү гишүүдийн 58.1 хувь нь дэмжсэн тул ийн саналаар “Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоол батлагдав. Дараа нь “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийгхэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа. Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд холбогдох заалтын дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэгтгэн, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулга, үг хэллэгийн шинжтэй засварыг тусгасан эцсийн хувилбарыг боловсруулсан байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг батлах санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 55 хувь нь дэмжсэн тул “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” УИХ-ын тогтоол батлагдав.
Өнөөдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан. Байнгын хороо төслийг хэлэлцэх үеэр хуралдаанд оролцсон гишүүд төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг дэмжсэн байна. Хуралдааны үеэр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг татсан тул төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.