НОК-оос долоо хоног бүр цар тахлын нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийж буй. Өнөөдрийн мэдээллийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, мэргэжилтэн Д.Цэнджав, НОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат, НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар өглөө. Энэ үеэр нийслэлийн иргэдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан, мөн шинж тэмдэг илэрсэн зэрэг бүх тохиолдлыг нэгтгэн, хариу арга хэмжээний тусламж, үйлчилгээг үзүүлж байгааг онцлов. Мөн НОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат “Халдварын нөхцөл байдалтай уялдуулан бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд зайнаас ажиллах боломжийг судалж байгаа. Энэ асуудлын талаар УОК-ын хурлаар ярьсан. Эцсийн шийд гараагүй байна” хэмээсэн юм.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хэвлэлийн хурлын эхэнд “Ковид-19”-ийн халдварын тохиолдол 37 дахь долоо хоногт хамгийн өндөр тархалттай байсан бол аажмаар буурч 40 дэх долоо хоногт өдөрт дунджаар 3446 тохиолдол бүртгэгдсэн. Нийт тохиолдлын 11 хувийг жирэмсэн эх эзэлж байна. Гэрийн тусгаарлалтад эмчлэгдэж байгаа иргэдийн тоо 28.195 болж буурсан үзүүлэлт гарсан. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 6554 болж нэмэгдэх хандлагатай байгаа бол тусгаарлах байранд 350 ороор эмчилгээ хийж байна.
“Ковид-19” шалтгаант нас баралт 39 дэх долоо хоногт 10 байсан бол 40 дэх долоо хоногт долоо болж буурлаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн хүнд, нэн хүнд хүмүүс нэмэгдэж байна. Хөнгөн оноштой ч цаашид эмчлүүлэх шаардлагатай иргэдийн тоо эмнэлэгт байгаа иргэдийн 18 хувийг эзэлж байгаа. Вакцинжуулалт 35-39 дэх долоо хоногт тогтвортой байсан. Вакцинжуулалтын нэмэлт тунд хамрагдсанаар эрсдэлээс хамгаалах хувь нэмэгдэнэ гэдгийг дахин хэлье.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар нэмэлт дархлаажуулалтыг идэвхжүүлэх эрчимжүүлсэн төлөвлөгөө гарсан. Үүний дагуу НЭМГ-аас дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, явуулын баг ажиллуулах арга хэмжээ авч байгаа. Коронавирусийн халдвартай зэрэгцэн улирлын томуугийн дэгдэлтийн үе ирсэн. Үүнээс сэргийлж томуугийн дархлаажуулалтыг 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдэд хийгээд байна. Өнөөдрийн байдлаар 2-11 насны хамрагдвал зохих 163.620 хүүхдээс 97.5 хувь, жирэмсэн эхчүүдийн 93.3 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна.
Нэмэлт тунг Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 оны наймдугаар сараас эхлүүлсэн. Сүүлийн долоо хоногт нэмэлт дархлаажуулалтын хамрагдалт идэвхжиж байгаа нь сайн үзүүлэлт юм. Бид оюутнуудыг дархлаажуулахын тулд оюутны дотуур байранд явуулын баг ажиллуулж байгаа. Нийт найман сургуулийн 3635 оюутныг хамруулахаас 51.6 хувийг хамруулаад байна. Тиймээс оюутнуудыг нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Нийслэлийн хэмжээнд суурин 49, явуулын 21 цэгт 80 багийн 303 эмч, ажилтан ажиллаж байгаа. Эдгээр хүмүүс зөвхөн бүтэн сайнд л амарна. Тиймээс иргэд та бүхэн өөрт хамгийн ойр цэгт очиж вакцинаа хийлгэх боломжтой. Бид мөн олон ажилтантай албан байгууллагуудын захиалгаар очиж, дархлаажуулалт хийж байна” хэмээв.