Categories
мэдээ нийгэм

Олны үг ортой эсэхийг шалгалаа

-112 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ СОЛОНГОС ТАРВАС-

Өнгөрсөн долоо хоногийн хамгийн их шуугиан тарьсан мэдээллээр 120 мянган төгрөгийн үнэтэй тарвас байлаа. Уг мэдээллийг хамгийн анх олон нийтийн сүлжээ болох фэйсбүүкийн нэгэн хэрэглэгч “Дэлхийн хамгийн үнэтэй тарвасыг “Home Plaza” худалдааны төвд зарж байна. Монголчууд баян юм, би Европт олон жил амьдрахдаа ийм үнэтэй жимс хараагүй. Жирийн нэг тарвас 112 мянган төгрөгийн үнэтэй байна” гэж өөрийн сэтгэгдлээ бичсэн байсан юм. Бид энэ удаагийнхаа “Олны үг ортой эсэхийг шалгалаа” булангаар “айхавтар” үнэтэй тарвасыг сурвалжлахаар “Оддын хотхоны” урд байрлах “Home Plaza-2” худалдааны төвийг зорилоо. Уг худалдааны төвийн барааны үнэ бусад дэлгүүрээс жаахан үнэтэй гэдэг нь хэдхэн ширхэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг харахад л мэдрэгдэж байлаа. Гол худалдан авагч нар нь бидний хэлж заншсанаар баячуудын хороолол буюу Зайсангийнхан. Тийм болоод ч тэр үү бараа бүтээгдэхүүн нь өндөр үнэтэй байдаг бололтой.

“Home Plaza” худалдааны төв долоо хоног бүрийн лхагва гаригт уг тарвасыг БНСАУ-аас онгоцоор тээвэрлэж авчирдаг юм байна. Килограммыг нь 14900 төгрөгөөр зардаг учраас нэг бөөрөнхий тарвас 6-7 кг байдаг учраас ойролцоогоор 100 гаруй мянга болдог гэж заалны зохион байгуулагч Б.Пүрэвсүрэн бидэнд хэлсэн юм. Мөн “Манай худалдааны төв Солонгос улсаас химийн ямар нэгэн бодис ороогүй тарвасыг оруулж ирж байгаа. Бид хэрэглэгчдийг заавал бүтнээр 100 гаруй мянган төгрөгөөр тарвас худалдаж ав гэж шаардахгүй. Хэрэглэгч хүсвэл зүсүүлээд авч болно” гэв. Энэ тарвас нэлээн их борлуулалтай байдаг гэсэн шүү. Харин Солонгос улсад энэ тарвасыг килограммыг нь 5000 воноор зардаг бол Европийн холбооны улсуудад ойролцоогоор 3.50 евроогоор зарагддаг аж. Мэдээж манай улсад онгоцоор ирдэг учраас тээвэрлэлтийн хөлс, гаалийн татвар орох нь ойлгомжтой.

Барс зах дээр БНХАУ-аас оруулж ирсэн тарвас килограмм нь 2000-2500 төгрөгөөр зарагддаг бол томоохон худалдааны төвүүдэд 4000-4500 төгрөгийн үнэтэй байна.

Эх сурвалж www.medee.mn

М.АМАРЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *