Categories
мэдээ спорт

Олимпийн наадамд оролцох тамирчдыг Японд бэлтгэл хангуулна

Токио-2020 олимп, паралимпийн наадам Япон Улсын нийслэл Токио хотноо болохтой холбогдуулан Япон Улсын Шизүока, Нийгата мужуудаас Эрүүл мэнд, спортын яаманд 2020 оны олимп, паралимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг бэлтгэхэд болон Рио-2016 олимп, паралимпийн наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл хангуулахад хамтран ажиллах гэнэ. Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал П.Бат-Эрдэнэ, Үндэсний шигшээ багийн албаны дарга Ц.Одонбаяр нар саяхан энэ асуудлаар Япон улсын Фукуока, Шизүока, Нийгата мужуудад ажиллажээ. Айлчлалын хүрээнд дэд сайд Т.Болдбаатар Шизүока мужийн захирагч Кавакацү Хэйтатай уулзаж Япон улсын Шизүока муж, Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам хооронд 2020 оны Токиогийн зуны Олимпийн наадам, Паралимпийн наадамд Монголын тамирчдыг бэлтгэхэд хамтран ажиллах харилцан ойлголцлын бичигт гарын үсэг зурсан байна. Мөн мужийн зүгээс жил бүр тодорхой тооны биеийн тамир, спортын мэргэжилтнийг япон хэлний сургалтанд суралцуулах боломжтой гэжээ.

Шизүока мужийн хувьд чөлөөт бөх, жудо бөх болон паралимпийн болон бусад спортын төрлүүдээр манай тамирчдыг үнэ төлбөргүй бэлтгэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм байна. Японы хөл бөмбөгийн холбооны бэлтгэл бааз Фужи уулын хормойд байрладаг аж.

Японы Нийгата мужийн хувьд Сумо бөхийн их аварга Асашёорү Дагвадоржоор дамжуулан Эрүүл мэнд, спортын яаманд хүсэлт гаргасан юм. Нийгата муж нь Олимпийн наадам болох Токио хотоос мөн адил 1 цаг хурдан галт тэргээр явж хүрдэг, цаг агаарын хувьд сэрүүн, өвөл болдог, өвлийн спортын барилга байгууламжууд ихтэйн дээр 2002 оны Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтууд болж байсан Япондоо цагаан будааны тариалалтаараа тэргүүлдэг муж юм.

Дэд сайд Т.Болдбаатар Нийгата мужийн амбан захирагч Хирохико Изумидатай уулзах үеэр Эрүүл мэнд, спортын яамны зүгээс Япон хүүхдүүдийг Монголд аялуулан үндэсний бөхөөр хичээллүүлэх боломжоор хангаж үндэсний бөхийн мэх, арга барилыг сургавал Сумогийн ирээдүйн их аварга Нийгата мужаас төрж болох юм гэсэн саналыг мужийн амбан захирагч талархан хүлээн авсан байна.

Нийгата мужийн зүгээс манай эмэгтэй чөлөөт бөх, усанд сэлэлт, багийн спортын төрлүүд гэх мэт 10 гаран спортын төрөл, өвлийн спортын төрлүүдээр тамирчдыг бэлтгэх, тамирчдад спортын нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх гэх мэт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлжээ. Айлчлалын хүрээнд Эрүүл мэнд, спортын яамны төлөөлөгчид нийт 3 мужийн 7 хотоор очиж спортын барилга байгууламж, дэд бүтэцтэй танилцан холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж ярилцаж явлаа.

Монгол Улс сүүлийн хоёр олимпийн наадамд спортын 7-8 төрөлд 28-29 тамирчинтай оролцож ирсэн бөгөөд цаашид оролцох спортын төрөл, тамирчдын тоог нэмэгдүүлэх нь медалийн тоо, чанар нэмэгдэхэд чухал гэдэг үүднээс эртнээс Токио-2020 олимп, паралимпийн наадамд оролцох асуудалд анхаарал хандуулж ажиллаж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *