Categories
мэдээ нийгэм

Олимпийн наадамд оролцох эрхээ хасуулсан Беларусийн цаначин гэр бүлээрээ гадаадад дүрвэжээ

Лукашенкогийн дэглэмийн дарамт шахалтын улмаас Беларусийн ирээдүйтэй цаначин гэр бүлийн хамт гадаадад дүрвэжээ.

Гүйлтийн цанын тамирчин 17 настай Дарья Долидович одоо гэр бүлийн хамт Польш улсад байгаа юм байна.

Цанын энэ төрлөөр долоон удаа олимпын наадамд оролцож байсан түүний аав Сергей Долидович охиноо дасгалжуулдаг юм.

2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаалд Дарья оролцож байжээ. Уг сонгуульд Беларусийг бараг 30 жил захирсан Александр Лукашенко үнэмлэхүй ялалт байгуулж байв.

Өнгөрсөн сард Беларусийн Цанын Холбоо түүний Олон Улсын Цанын Холбоонд бүртгэлтэй хувийн дугаарыг нь (FIS code) идэвхгүй болгожээ. Ингэснээр улсынхаа хамгийн ирээдүйтэй цаначдын нэг гэгддэг Дарья олон улсын тэмцээн уралдаануудад оролцох эрхгүй болсон юм.

Үүнийг Лукашенкогийн эсрэг жагсаал цуглаанд оролцсоны шийтгэл гэж Сергей Долидович үзэж байна.

2020 оны сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн Беларусийн олон алдартай тамирчин шоронд хоригдох, үндэсний шигшээ багаасаа хөөгдөх зэргээр шийтгүүлсэн юм.

“Дарья олон улсын уралдаан тэмцээнд оролцох эрхгүй болсон. Түүний спортын замналыг Беларусьт үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж би бодож байна. Бид ердөө жагсаалд оролцож, уриа хашхирсныхаа төлөө шоронд хоригдох магадлалтай болоод байгаа. Ердөө гурван сарын өмнө би эх орноосоо дүрвэнэ гэж зүүдлээ ч үгүй явлаа” гэж Сергей Долидович ярьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *