Categories
гадаад мэдээ спорт

Олимпийн наадамд анх удаа эмч, сувилагчдад хүндэтгэл үзүүллээ

Токиогийн олимпийн нээлтэд олимпийн түүхэнд анх удаагаа эмч, сувилагч хоёр бамбар барилаа.

Коронавирусийг эмчлэхэд онц гавьяа байгуулсан эмч, сувилагчддыг хүндэтгэсэн энэхүү мөч хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөв.

Спортын хүчээр цар тахлыг, аюулт өвчнийг хамтдаа дарах мессеж өгсөн олимпын нээлт байлаа хэмээн хүмүүс дүгнэж байна. Түүнчлэн коронавирусийн цар тахлын улмаас амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэсэн бүжиг хийсэн билээ

Хүн төрөлхтнийг, эмч нараа дээдэлсэн маш сайхан нээлт боллоо гэж Япончуудыг магтсан сэтгэгдэл сошиалд хөвөрсөөр байгаа юм.

Эмч, эрүүл мэндийн салбарынхан цар тахлын энэ хүнд үед тэднийг хүндэлсэн нээлт хийсэнд сэтгэл хангалуун байна.

СЕЙКО ХАШИМОТО: ЭМЧ НАРТАА ЮУН ТҮРҮҮНД ТАЛАРХАЖ БАЙНА

“Токио-2020” олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Сейко Хашимото 2011 оны цунамигийн үед тус болж байсан улс гүрнүүдэд талархал илэрхийлсэн.

Тэрбээр “Газар хөдлөлтөөс үүссэн сэтгэлийн шарх, гарз хохирлоо даван туулахын тулд олимп зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байлаа. Олон хүнд сорилтоос шалтгаалан түүхэндээ анх удаа хойшилсон олимпийн наадам ийнхүү эхэлж байна. Бид итгэл найдвараа алдахгүй хичээсээр олимпийн наадмыг эхлүүлж байна. 10 жилийн өмнө Японы зүүн эргийг хамарсан газар хөдлөлтөөр Японы ард түмний зүрх сэтгэл шархалж, өмнө нь хэзээ байгаагүй гарз хохирлыг амссаны дараахан бид олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөхөөр шийдсэн. Итгэл найдварын гал асаах, хамтдаа хичээсэн он жилүүд өнгөрлөө. Дэлхийн өнцөг булан бүрээс тусламжийн гараа сунгасан, хамтдаа тэмүүлсэн, биднийг зоригжуулсан та бүхэнд баярлалаа” гэсэн юм.

“Токио-2020” олимпийг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Сейко Хашимотогийн “Спорт бол агуу их хүчтэй. Бүх дэлхийг нэгтгэх хүч та бүхэнд бий. Эмч нартаа юун түрүүнд талархаж байна” гэсэн үг сэтгэл хөдөлгөм байлаа.

ТОМАС БАХ: ЦАР ТАХЛЫГ ДАРАХЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙГАА ЭМЧ НАРТАА ТАЛАРХЪЯ


Токиогийн олимпийн нээлтийг уйлж үзсэн хүмүүс ч байна.

Нээлтийн үеэр Японы эзэн хаан Нарүхито, Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах тэргүүтэй олон улсын өндөр албан тушаалын эрхмүүд ковидын улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалд хүндэтгэл үзүүлэн хэсэг хором чимээгүй зогсож, Томас Бах, Сейко Хашимото нар эмч нараа хүндэтгэсэн үг хэлж, амиа алдагсдыг хүндэтгэсэн бүжиг явах үед олон хүн нулимс дуслуулж байв.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “Спортын хүч биднийг нэгтгэж байна. Энэ бол эв нэгдлийн, энх тайвны, баяр баяслын цаг. Японы ард түмэн, зохион байгуулагчдын хүчээр бид энд цуглалаа. Япончуудад гүнээ талархаж байна. Цар тахлыг нухчин дарахын төлөө тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилчид, Японы ард түмэнд талархъя” гэсэн үгийг олимпийн индрээс дэлхийн бүх хүмүүст зориулан илгээлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *