Categories
мэдээ нийгэм

Охины араас зул өргөх ёслол үйлдэнэ

Дөрөвхөн настай балчир охиноо яргалан амь насыг нь хөнөөсөн хэрэг монголчуудыг цочирдуулав.

Төрсөн эцэг болон хойт эхийнхээ тамлалд таван өдөр ухаангүй байгаад амиа алдсан бяцхан охинд хүндэтгэл үзүүлэх, мөн гэр бүлийн хүчрхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийн асуудалд төр засгийн анхаарлыг татах зорилгоор монголчууд зул өргөх ёслолыг зохион байгуулах гэж байна.

Зул өргөх ёслол хоёрдугаар сарын 28-ны 18:00 цагаас Зайсан дахь Бурхан Багшийн хөшөөний хажууд болох аж.

Жагсаалыг твиттерт арилжаа судлаач нэрээр жиргэдэг залуу санаачилсан бөгөөд энэ үйлдлээрээ гэр бүлийн хүчирхийллийг зогсоох, мөн түүнтэй хатуу тэмцэхийг нийгэмд уриалах зорилготой аж.

Энэ үйлсэд нэгдэхийг хүссэн хүмүүсийг хөөргөдөг зул бус энгийн зул, эсвэл лаатай ирж оролцохыг жагсаал зохион байгуулагчид сануулж байна.

Мөн “Ээж бүхний дуу хоолой” нэртэй 8000 гаруй ээжүүдийг нэгтгэсэн фейсбүүк группээс “Цагаан цуглаан” арга хэмжээг Чингисийн талбайд 2014.02.28-ны 18:00 цагт зохион байгуулахаар болж, зөвшөөрлөө авсан байна.

Хэрэв энэ талаар өнөөдөр л дуугарахгүй бол гэр бүлийн хүчирхийллийг дэмжсэн хэрэгтэй ялгаагүй юм. Тиймээс олон хүн энэ ёслолд оролцож, дуу хоолойгоо хүргэхээр болжээ.

Эцэг эхийнхээ гарт амиа алдсан мянга мянган хүүхдүүд, гэр бүлийн золиос болж байгаа бяцхан үрсийнхээ сайн сайхны төлөө хэрэв та дуу хоолойгоо хүргэмээр байгаа бол эл жагсаалд нэгдээрэй.

Та өнөөдөр л гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэхгүй бол цоожтой хаалганы цаана эцэг, эх төрөл төрөгсдийнхөө гарт тамлагдаж, амиа алдах хүүхдийн тоо нэмэгдсээр байх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *