Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Очир” зочид буудлын үйл ажиллагааг хаах үүргийг Ерөнхийлөгч холбогдох албаныханд өгсөн билээ.
Тухайлбал, өнгөрсөн оны наймдугаар сард 13 настай охиныг тус зочид буудал руу хууран мэхэлж дагуулж ороод улмаар архи амруу нь цутгаж, хүчирхийлж амийг нь хохироосон аймшигт хэрэг гарсан билээ.
Хэрэг гарсан даруйд үйл ажиллагаагаа түр хааж байсан тус төвийнхөн удалгүй “Очир” нэртэй том хаягаа авч хаячихаад хоёр давхрынхаа доод давхарт баар цэнгээний газар хийж үйл ажиллагаагаа үргэлжлүүлжээ.
Тиймээс хуулинд захирагддаггүй, аймшигт гэмт хэргийн үүр уурхай болсон энэ газрын хаалгыг бүр мөсөн барихыг үүрэгдсэн ч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй байна.
Дашрамд дуулгахад талийгаач охины гэр бүлд сайн санаат хүмүүс хандив цуглуулж, улмаар охины тоглож өссөн хашаанд нь шинэ байшин барьж өгч байгаа талаар өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл байшин барьж дуусаад өчигдөр аав ээж, эмээ өвөөд нь түлхүүрийг нь гардуулж өгчээ.