Он гарсаар улсын хэмжээнд гол, нуурын мөс цөмөрсөн 13 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 3 хүн амь насаа алдсан байна.
Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн “Дөрөлж нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/ шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нуур руу цөмөрч орсон дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид татан гаргах ажиллагааг зохион байгуулж байна.
Тус автомашин нь 32 тн шатахуун ачсан, чиргүүлтэй бүхээгний хэсэг ил гарсан байдалтай байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч мөсний зузаан олон жилийн дундаж болон 2020 оны мөн үеийнхээс 5-35 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.