Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын аманд “Ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, түймрийн үед гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гүйцэтгэх үүрэг, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд “Ногоон бүсийг ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах дадлага сургууль”-ийг зохион байгууллаа.
Тус дадлага сургуульд дүүргийн Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан оролцож, Онцгой байдлын хэлтэст ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дэмжлэг үзүүлж, туулах чадвар сайтай “Ланд крузер-105” маркийн автомашиныг богино долгионы гар станцын хамт гардуулж өгөв.
Түүнчлэн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, түймрийн үед үүрэг гүйцэтгэх гал унтраах, аврах ангийн хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлын талаар танилцуулсан.
Дадлага сургуулиар Улаан загалмайн хорооны сайн дурын идэвхтнүүд түймэрт түлэгдсэн, гэмтсэн иргэдэд цаг алдалгүй үзүүлэх анхны тусламжийн хичээлийг заасан бол дүүргийн Цагдаагийн газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид, хорооны Засаг дарга, ажилтнууд, Чингисийн хүрээ аялал жуулчлалын бааз, бусад мэргэжлийн байгууллагууд тус тусын чиг үүргийн дагуу ой хээрийн гал түймэр унтраах дадлага сургуульд оролцож ойн түймэртэй тэмцэх хүч хэрэгслээ тодотгож ажиллалаа.
Мөн дадлага сургуульд, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудад дадлага хийж байгаа Хууль сахиулах их сургуулийн Ахлагчийн сургуулийн 32 сонсогч оролцлоо гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.