“Сайн уу амьдрал минь”, “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз” киногоор олны танил болсон жүжигчин О.Цэнгэлтэй ярилцлаа.
-“Эр хүн болгож өгөөч” кино энэ сарын эхээр нээлтээ хийснээс хойш үзэгчдийн дунд нэлээд өндөр үнэлгээтэй байгаа. Яагаад Наран гэх биеэ үнэлэгч бүсгүйн дүрд тоглохоор болов?
-“Эр хүн болгож өгөөч” зохиол Драмын театрын алтан фондонд орсон өндөр үнэлгээтэй, шилдэг жүжиг байсныг найруулагч Э.Батхүү ах маань кино болгож өнөө цагийн үзэгчдэд хүргэсэн. Би үзэгчийнхээ хувьд ийм сайн кино гарч байгаад баяртай байгаа. Анх киноны зохиолыг уншихад надад ирдэг жирийн нэг дүрүүдээс эрс өөр санагдсан. Нийгмийн эмзэг хэсэг рүү хандсан, тэр болгон хөндөгдөөд байдаггүй сэдвийг ил гаргаж ирэхийг хичээсэн байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүн эсвэл надад хэн ч байхгүй гэж гутарч явдаг хүмүүст урам зориг өгч, ирээдүйг нь илүү гэрэлтэй, итгэлтэй болгоход зорьсон сайн зохиол санагдсан. Би Францын алдартай “INTOUCHABLE” гэдэг киноганх үзээд яг л нэг сайхан залууд дурлаж байгаа юм шиг шунаж дурлаж билээ. Киногоо үзсэний дараа дахин дахин давтаж үзсэн. Тухайн үедээ ийм төрлийн кинонд тоглож үзэх юмсан гэсэн нууцхан хүсэл төрсөн юм. Ерөнхий өгүүлэмж, хэлэх гэсэн санааны хувьд “Эр хүн болгож өгөөч” кино маань нэлээд төстэй ч үйл явдал, ахуй, дүрүүдийн хувьд тэс өөр л дөө. Миний дуртай кинотой төстэй учраас ерөөсөө тоглоё, оролдоод үзье гэж шийдсэн. Би Нарангийнхаа дүрд их хайртай. Миний өмнө Нарангийн дүрд Өөдөө эгч болон олон сайхан уран бүтээлч бүсгүйчүүд Драмын театрын тайзнаа амилуулж тоглож байсан учраас надад алдах эрх байхгүй шүү дээ. Киноны багийнхан маань их туршлагатай хүмүүс байсан учраас их зүйл суралцсан.
-Өөрийг тань Монголын үндэсний олон нийтийн телевизэд “Цоглог” хөтөлбөрийн хөтлөгч байсныг хүмүүс андахгүй. Хэдэн настайдаа ажиллаж байв?
-Би анх зургаан настай байхдаа аав, ээжтэйгээ “Аав ээж би” гэдэг телевизийн нэвтрүүлэгт оролцож анх зурагтаар гарч үзсэн юм байна. Тэр хүүхдийн нэвтрүүлгийг хөтөлдөг байсан хүн нь миний багш, МҮОНТ-ийн найруулагч Л.Ариунжаргал байсныг хожим мэдсэн. Багш маань МҮОНТ-ийн “Хэцүү анги” олон ангит киноны ерөнхий найруулагчаар ажилласан хүн шүү дээ. Гуравдугаар ангид байхад манай хамаатны эгч Монгол телевизэд хөтлөгч хүүхдүүд шалгаруулж дугуйлан хичээллүүлэх гэж байгаа гэдгийг гэрийнхэнд маань хэлснээр очиж шалгуулаад тэнцсэн юм. Тухайн үед 1000 гаруй хүүхэд бүтэн гурав хоног шалгаруулалтад орж байлаа. Тэднээс 20 гаруй хүүхдийг хөтлөгч болгож бэлдэхээр тэнцүүлсэн байдаг. Би “Том халаас”, “Томруулдаг шил”, “Алим агентлаг” гээд хүүхдийн нэвтрүүлгүүдийг долоон жил буюу оюутан болтлоо хөтөлсөн. Миний хүүхэд нас телевизийн саарал байшинтай салшгүй холбоотой. Заримдаа телевизийн ярилцлага өгөхөөр МҮОНТ орох үед нэг л дотно, сайхан байдаг шүү. Тухайн үедээ бас нэвтрүүлэг хөтөлсний шагнал гээд нэг эфирээс 3250 төгрөг авдаг байсан. Сардаа 10 гаруй мянган төгрөгийн цалинтай, телевизийн догь ажилтан байлаа.
-Өөр мэргэжилтэй гэж сонссон. Яаж яваад жүжигчин болчихов. Хамгийн анхны дүрийнхээ талаар яриач. Найруулагч тань ямар дүрд сонгосон бэ?
-Хүүхэд насаа телевизийн эфиртэй холбочихсон хүн чинь анх сэтгүүлч болно гэж боддог байсан. Тэгээд МУИС-ийн Утга зохиол судлаачийн ангид орж билээ. Миний мэргэжил монгол хэл, соёл, зан заншил, аман зохиол гээд урлагтай салшгүй холбоотой л доо. Багаасаа л номоос салдаггүй, хаа тааралдсан газраа ном уншаад сууж байдаг байсан болохоор утга зохиол судлаачийн мэргэжил сонгосон юм. Нэг үгээр хэлбэл зохиолч, судлаач, багш, сэтгүүлч гээд олон тал руу хөрвөж ажиллах боломжтой мэргэжил. Нэгдүгээр курсэд суралцаж байхад найруулагч З.Батболд ах маань кинонд тоглох охидуудыг шалгаруулж байна, чи ирээд үзээч гэсэн. Шалгаруулалтад орж тэнцээд “Сайн уу амьдрал минь” киноны Сарнайгийн дүрд тоглохоор болсон. Тухайн үед жүжигчний мэргэжлийг гадна талаас нь шүтсэн л хүүхэд байсан болохоос дотор руу нь нухацтай өнгийж харж байсангүй л дээ. “GUYS” хамтлагийн Төгсөө ах “Сайн уу амьдрал минь” киноны нэгдүгээр хэсэг “Хаврын нэгэн учрал” бүлгийн жүжигчидтэй ажиллаж зааж зөвлөж байсан. Би эхэндээ загнуулна, уйлна, эрхэлнэ, аргадуулна гээд л Төгсөө ах, Болдоо ах хоёрынхоо тусламжтайгаар анх удаа “Сайн уу амьдрал минь” кинонд тоглосон юм. Энэ киноны нэг хэсэгт тоглох боломжийг олгосон ах нартаа их баярлаж явдаг. Киноны дүрийн тухайд Сарнай бол Эрдэнэтийн охин, оюутан болохоор ирсэн ч сургуульд орж чадалгүй явж байгаад санаандгүй тохиолдлоор Эрхэм гэдэг залуутай учирна. Тэрээр анхны хайрын сайн сайхныг мэдэрч, гэнэн цайлган зангаараа тэр хөвгүүний хайрыг татаж чадсан тийм нэг сэргэлэн охин байгаа юм.
-Та “Сайн уу амьдрал минь”, “Боолын гэрээ”,“Гоёлын даашинз” киногоор олны танил болсон байх. Эрс тэс өөр дүрүүд шүү дээ. Аль дүр чинь таны зан төрхтэй төстэй вэ?
-“Сайн уу амьдрал минь” кинонд тоглосны дараа найруулагч З.Батболд “Боолын гэрээ”-ний Соко, “Гоёлын даашинз”-ын Мойлоогийн дүрийг надад санал болгосон. Сокогийн хувьд өнчин, ахын хайраар л хань хийж яваа зүдрүүхэн амьдралтай ч гэгээн мөрөөдөлтэй хүүхэд. Нийгмийн дундах муу хүмүүсийн атгаг санаанаас болоод эмгэнэлтэйгээр золиос болж дуусч байгаа дүр байсан. Анх зохиол уншихад юу хийж, юунд тоглох гэж байгаагаа ч мэдэхгүй хөөрчихсөн би кинонд тоглоно гоё гэж бодож орсноос яг би ингэж жүжиглэх юм байна яанаа гэж бодоогүй. Яг кинонд тоглох хугацаандаа амиа хорлодог хэсэгт тоглоод, сонин жингүйдлийн идэвхигүй байдалд хэсэгтээ л орсон шүү. Эвгүй юм билээ. Кино театрт киногоо үзэхээрээ яг эгзэгтэй хэсгүүд дээр нүд, чихээ таглаж байгаад л үздэг байсан. Одоо ч бас жоохон эвгүйцдэг л юм.
“Гоёлын даашинз”-ын хувьд хөгжимт инээдмийн кино учраас гэгээлэг, хөнгөн кино байсан. Мойлоо бол өөрийн гэсэн үзэл бодолгүй, амьдралыг илүү хөнгөнөөр хардаг,өвөрмөц стилтэй, өөртөө итгэлтэй охин байсан. Сарнай, Соко, Мойлоо бүгдээрээ л өөр өөр хүмүүс ч гэсэн сэргэлэн, адтай гэдгээрээ л нийтлэг юм уу даа. Найруулагчид ер нь миний зан чанарын ерөнхий шугамыг “адтай” гэж хараад ихэвчлэн тийм сэргэлэн дүр л санал болгодог.
-Айлын хэд дэх хүүхэд вэ. Гэр бүлээ танилцуулаач. Багадаа хэр дүрсгүй хүүхэд байв?
-Би айлын дунд хүүхэд, ах, дүү хоёртой. Аав, ээж маань ажил хийгээд бусдын л адил амьдралаа залгуулж яваа энгийн л гэр бүл. Ээж маань намайг дүрсгүй гэхээсээ илүү хэрсүү хүний арга эвийг олдог адтай охин байсан гэж ярьдаг.
-Аав, ээж тань юу гэж захидаг вэ?
-“Аливаа юманд зөв шударга, чин сэтгэлээсээ бүхнийг хийж байгаарай, хүний нүдийг хуурна гэдэг нь бусдыг биш үнэндээ өөрийгөө л хуураад байна гэсэн үг шүү” гэж их хэлдэг юм.
-Фэйсбүүк, твиттерт хэр идэвхтэй вэ?
-Фэйсбүүкт бол нэлээд идэвхтэй байдаг. Твиттер ашигладаггүй.
-Найз залуу бий юу. Найз залуудаа ямар шалгуур тавьдаг вэ. Хайрыг юу гэж бодож байна?
-Одоогоор найз залуу байхгүй байна. Шалгуур гэхээс илүү бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, хөдөлмөрч, амьдралыг илүү эерэг талаас нь хардаг, ажил мэргэжил, гэр бүлийг маань хамгийн их ойлгож хүндэлдэг байгаасай гэж хүсдэг. Хүндлэл гэдэгт би итгэл, сэтгэл, хайр, халамж гээд бүх ойлголтыг л хамааруулж үздэг юм. Хайрын тухайд хүн энэ орчлонд хайрлаж, хайрлуулах гэж ирээд хайрлуулсаар байгаад буцдаг гэж боддог. Хайр хүнийг гэгээлэг, өөдрөг, тайван, аз жаргалтай болгодог цорын ганц зүйл байх.
-“Улаанбаатар-III” кино наадамд “Боолын гэрээ” кино дөрвөн номинациар шагнал авч байх үед О.Цэнгэл шилдэг эмэгтэй дүрд нэр дэвшсэн байдаг. Залуу хүний хувьд шилдэг эмэгтэй дүрийн номинацид нэр дэвших ямар байв. Нэлээд зоригтой алхам хийсэн юм шиг харагддаг?
-Би тухайн цаг үеийнхээ сор болсон бүтээлд оролцож, нийгэмд цочрол өгөхөөр дүрийг надад олгосон уран бүтээлчдэд илүү талархдаг. Хэрвээ тэр дүрийг зохиолч бичээгүй бол хүмүүс намайг жүжигчний түвшинд үнэлж, тоох байсан уу гэдэг эргэлзээтэй. Гэхдээ мэдээж би хичээхгүй “дүр эсгээд” өнгөрсөн бол Соког хүмүүс өнөөдрийг хүртэл дурсахгүй байсан. Энэ уран бүтээлд оролцоход хурцалж, шар хорыг минь сайн хөдөлгөж өгсөн Болдоо ахдаа баярлаж явдаг шүү. Залуу хүний хувьд 18 настайдаа “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналд гавьяат жүжигчин И.Одончимэг эгчтэйгээ цуг нэр дэвшинэ гэдэг маш том бахархал. Мөн маш том хариуцлага байсан. Миний мөрөөдөл тэрхэн агшинд биелэх шиг л болсон шүү.
-“Боолын гэрээ” киноны Сокогийн дүрийн эвгүй хэсгийг аав чинь дургүйцэж, хасуулна гэж байсан гэсэн. Тэр тухайд?
-Тухайн үед өөрийнхөө нялхаараа гэж бодож хайрладаг охин нь эмгэнэлтэйгээр амиа хорлож байхыг харах, мөн олон харчуулд доромжлуулж байхыг харах ямар ч эцэг эхэд таатай санагдахгүй шүү дээ. Хэдийгээр энэ нь кино байсан ч ээж, аав маань жинхэнэ юм шиг цочирдож хүлээж авсан. Гэхдээ би тодорхой хугацаанд хэлж тайлбарласны дараа гэрийнхэн маань ойлгосон. Киног үзсэний дараа аав минь “Охиноороо бахархаж байна” гэж хэлж билээ.
-О.Дөлгөөн, А.Ганчимэг гээд өөрийн чинь үеийн жүжигчид хэр чадварлаг байна. Өөртэйгөө жишиж байв уу?
-О.Дөлгөөнтэй би “Хамтран амьдрагч” кинонд эгч дүүс болж тоглосон. Манай Дөлгөөн мэргэжлийн уран бүтээлчийн нэр хүндийг өндөрт өргөж яваа залуу уран бүтээлч шүү дээ. Сайхан бүсгүй, сайн ээж гэж хүндэлдэг. Ганчимэгтэй би олон жилийн өмнө нэг арга хэмжээн дээр тааралдаж байсан. Тухайн үед бид хоёр хоёулаа кинонд ид тоглож байсан юм. Ганаа драмын театрын жүжигчин байсан үе. Тэр үед хамтдаа нэг ширээнд сууж, хооллож, ярилцаж сайхан танилцаж байсан. Харин одоо бие дааж уран бүтээл хийгээд зогсохгүй, зохиолоо өөрөө бичиж тоглож байхыг нь харахад бахархах, хурцлагдах сэтгэл төрдөг. Учир нь залуу бүсгүйчүүдийн төлөөлөл маань амжилттай явбал тэднийг дагах үзэгчид охид бүсгүйчүүд, уран бүтээлчид ч мөн дагаад дэвшиж байдаг гэж би боддог. Найз нөхдийг ч бас өөрөөсөө ямар нэг зүйлээрээ илүү хүнийг сонгож нөхөрлөх хэрэгтэй гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Би түүнтэй санал нийлдэг. Хэрвээ надаас ялгаагүй эсвэл доор байвал суралцах, өрсөлдөх, илүү байхыг хүсэх эрмэлзэл үгүй болж өөрөө өөртөө бардсаар яваад нэг л мэдэхэд хэн ч биш болсон байна гэсэн үг гэж боддог.
-Нэлээд хэдэн жил кинонд тоглохгүй завсарласан. Тэр хугацаанд юу хийв?
-Ар гэрийн амьдрал, хувь хүнийхээ төлөвшилд илүү анхаарал хандуулсан даа. Сайн эзэгтэй байх гэж, ирээдүйд сайн ээж болоход бас эмэгтэй хүн тодорхой хугацаанд анхаарал хандуулж, бэлдэж, өөрийгөө сонсож, дүгнэлт хийх хэрэгтэй байдаг юм билээ.
-Одоогоор хэдэн кинонд тоглоод байгаа вэ. Голдуу ямар дүрийн санал ирж байна?
-Одоогоор таван кинонд тоглоод байна. Би мэргэжлийн хүн биш учраас ирсэн зохиол санал, дүр бүрийг хүлээж авахыг хүсдэггүй. Илүү болгоомжтой, няхуур байж, зөв кинонд сайн багтай ажиллахыг илүүд үздэг. Учир нь кино бол багийн бүтээл. Тиймээс баг чин сэтгэлээсээ нэг хүсэл эрмэлзлээр нэгдэж байж тэр киног хэр олон үзэгч үзэх вэ гэдэг нь харагддаг. Олон үзэгч үзнэ гэдэг нь олон хүний сэтгэлгээнд оч, гэрэл асаах эсвэл олон хүнд нэгийг бодогдуулах тэр зорилго биелэгдэнэ гэсэн үг. Тиймээс тооны араас хөөцөлдөхгүйгээр илүү нухацтайгаар хандаж одоогоор ямар нэг уран бүтээл дээр ажиллахгүйгээр өөр зүйлд цагаа зарцуулж байна.
-Тоглохыг хүсдэг дүр бий юу?
-Түүхэн дүрд ажиллах юмсан гэсэн хүсэл уран бүтээлч хүн бүрийн дотор байдаг байх.
-Хүсэл мөрөөдлийнхөө талаар яриач. Таныхаар мөрөөдөл биелдэг үү?
-Хэрвээ хүсэл мөрөөдөл байхгүй бол харанхуйд тэмтчээд зүгээ олохгүй будилж яахаа мэдэхгүй яваатай ижил. Харин хүсэл мөрөөдөлтэй амьдарна гэдэг харанхуйд лаа бариад хонгилын үзүүрийг хараад хаа хүрэхээ тодорхой мэдэхгүй ч ойрын зайнд бүдрээд уначихгүйгээр алхаж байгаатай ялгаагүй. Тэр сайхан хүслийг зөвхөн мөрөөдөхдөө биш түүн рүүгээ зорьж, шийдэж, ямх ямхаар ч хамаагүй биелүүлж яваа тэр хүний л хүсэл мөрөөдөл биелдэг шүү дээ. Мөрөөдөл биелдэг гэхдээ зорьсон шиг зорьж, алхам хийсэн цагт л биелдэг гэж би боддог. Надад ч бас хүсэл мөрөөдөл бий, гэхдээ би болоогүй, бүтээгүй, бэлэн биш зүйлийн тухай ярихыг огт хүсдэггүй, магадгүй тэр маань бүтэхгүй болчихвол бусдад худлаа амлаж мэдэмхийрсэн болно шүү дээ.
-Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар яриач?
-Хамгийн сүүлд ажилласан уран бүтээл маань “Эр хүн болгож өгөөч” нэртэйгээр бүх кино театруудаар гарч байгаа. Уншигчийн үүднээс зохиол маань маш сонирхолтой, амьдралд ойр, эерэг санаа олныг өгүүлсэн, инээдмийн, хөгжилтэй гэхдээ бас уянгын сайхан хайрын тухай өгүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүгийнхээ төлөө бүхнээ зориулж байгаа эцэг эхийн тухай. Сайн зохиолыг сайн кино болгож чадсан уу гэдгийг үзэгчид маань үнэлнэ. Учир нь олон хүн үзэх тусам төдий чинээ эерэг үйлдэл, хандлагууд нийгэмд харагдана. Урлагийн хамгийн чухал зүйл нь та тэр уран бүтээлээс өөрийгөө, найзыгаа харж болно. Магадгүй хэзээ ч мэдэхгүй тийм нэг ертөнцтэй таныг уулзуулдгаараа агуу байдаг байх.
С.АРИУНЖАРГАЛ