Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Төгөлдөр: Нойр дутуу байх нь сэтгэл санааны өөрчлөлт, хий үзэгдэл харах зэргээр мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг DNN.mn

Нойр ба сэтгэцийн эрүүл мэнд” эрдэм шинжилгээний хурал түрүүлсэн МУИСийн сэтгэл судлалын IV курсийн оюутан О.Төгөлдөртэй ярилцлаа.

-Нойр яагаад чухал вэ гэдэг тайлбараас ярилцлагаа эхлэх үү?

-Нойр нь хоол хүнс, ус, хүчилтөрөгчтэй адил зайлшгүй хангагдах шаардлагатай хүний хэрэгцээ юм. Нойр нь сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэндтэй бүх талаараа холбоотой. Хүн амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг. Тиймээс нойрыг ойлгох нь сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарал тавихад чухал ач холбогдолтой.

-Нойргүйдсэнээр хүний биед ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Нойр дутуу байх нь ой тогтоолт, сэтгэцийн процесст сөргөөр нөлөөлдөг бөгөөд сэтгэл санааны өөрчлөлт, хий үзэгдэл харах зэрэг мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Хангалттай нойроо авдаггүй хүмүүс таргалалт, зүрх судасны өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй.

-Нойргүйдэл хүндэрсэн үед юу болох вэ?

-Нойрны хямралтай зайлшгүй холбогддог эмгэг нь хоёр туйлт сэтгэцийн эмгэг. Унтах хэрэгцээ буурч нойргүйдэлд орох нь маниак төрлийн эмгэгийн гол онцлог болдог. Хоёр туйлт эмгэгтэй хүмүүсийн нойр дутуу байх явц удаан үргэлжлэх нь маниакийн үе эхлэхэд хүргэж, өдөөж өгдөг аюултай. Улмаар маниакийн үе нь цаашид нойрыг алдагдуулж, нойргүйдэлд хүргэдэг. Унтах хугацааг уртасгах нь маниакийг эмчлэх, урьдчилан сэргийлэх нэгэн арга юм. Уг эмгэг нь хааяа хэт их унтах, өндөр эрч хүчгүй байх, дотны хүмүүстэйгээ таагүй харилцах, олон өдрөөр нойргүйдэлд орох, сэтгэл гутралд орох, тааруу сурлагын амжилттай болоход нөлөөлөх зэрэг үр дагавартай. Нойрны даавар болох мелатонины идэвхжил буурах нь сэтгэл санааны тогтворгүй байдалд хүргэдэг. Нөгөөтэйгүүр хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн шүүрлээс ялгарах мелатонин даавар буурч, мелатонины түвшин энгийн хүнийхээс илүү гэрэлд мэдрэмтгий болдог. Нэг талаас сэтгэл судлаачдын хийсэн судалгаа, нөгөө талаас анагаахын салбарын судлаачид хийсэн судалгаанууд нойр болон сэтгэцийн процессууд нь нягт хамааралтай болохыг нотолсон байна лээ.

-Мөн нойргүй удаан явснаар сэтгэл санааны дарамтад орох, түгшүүрт автах зэргээр илэрдэг гэж хүмүүс яриад байдаг?

-Түгшүүрийн эмгэгүүд дотроос ерөнхий түгшүүрийн эмгэг ба нойрны хоорондын хамаарлыг хамгийн их судалсан байдаг. Ерөнхий түгшүүрийн эмгэгийн илрэх гол шинж тэмдэг нь мөн адил нойрны хямралтай холбоотой. Нойрсоход хүндрэлтэй байх асуудал нь ерөнхий түгшүүрийн эмгэгтэй хүмүүсийн талаас илүү хувьд нь илэрдэг гэж үздэг. Эсрэгээрээ, нойргүйдэл нь хожим ахмад насандаа түгшүүрийн эмгэг үүсэх эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг. Түүнчлэн гэмтэл, осолтой холбоотой байнгын хар дарсан зүүд зүүдлэх, унтахад хүндрэлтэй байх нь гэмтлийн дараах стрессийн эмгэгийн оношилгооны шалгууруудын нэг юм. Нойрны хямрал нь гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй бараг бүх хүнд ажиглагддаг. Томоохон гэмтэл, осолтой холбоотой таагүй дурсамж нь гэмтлийн дараах стрессийн эмгэгийн үед илэрч, тайван унтаж амрахад хүндрэл үүсгэдэг. Тухайлбал, унтаж байхдаа ярих, унтаж байх үедээ хэт их хөдөлгөөн хийх зэрэг шинж тэмдгүүд нь дайнд явсан ахмад цэргүүдэд ихэвчлэн илэрдэг.

-Нойргүйдлийг оношийг хэрхэн тодорхойлдог вэ?

-Нойргүйдлийг зөв оношлох нь үйлчлүүлэгчид үр дүнтэй тусламж үзүүлэх чухал ач холбогдолтой. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд нойргүйдэх эмгэгийг оношлохдоо гурван хүчин зүйл дээр үндэслэж байна. Эхнийх нь, тухайн хүн нойртой холбогдох ямар асуудал өөрт нь тулгарч байгаа гомдол буюу хүний субъектив ойлголтод үндэслэж ярилцлага болон тестийн аргаар оношилж байна. Хоёрдугаарт, өдөр үүсэж болох үр дагавар буюу ядаргаа, анхаарал төвлөрөл муудах, алдаа их гаргах, осолд өртөмтгий болох зэрэг өдрийн үр дагаврыг авч үзнэ. Нойрны чанарт хэдэн цаг унтсан, тогтмол цагт унтаж сэрж байгаа эсэх үзүүлэлтүүдийг авч үздэг. Түүнчлэн нойргүйдлийг оношлохдоо унтах, сэрэх мөчүүдэд нөлөөлж болохуйц сэтгэцийн эрүүл мэнд, биеийн эрүүл мэндийн байдал, өвчний түүхийг харгалзан үзэж иж бүрэн онош гаргана.

-Нэгэнт оношоо тодорхойлсон тохиолдолд хэрхэн эмчлэх вэ?

-Нойргүйдлийн эмгэгийг эмчлэхэд ашигладаг загвар график бий. Нойргүйдэл нь ямар хэмжээнд, одоогийн нөхцөлд хэр эрсдэлтэй, аюултай байгааг ойлгоход тусалдаг. Уг загвар нь нойргүйдлээс урьдчилан сэргийлэх, нойргүйдлийг өдөөх, нойргүйдэлтэй хэвээр байлгаж буй гэж гурван хүчин зүйлийг харуулдаг. Урьдчилан сэргийлэх хүчин зүйлд нойргүйдэлд өртөж болох анхдагч шалтгаануудыг нэрлэдэг. Жишээ нь: нас, хүйс, түгшүүрийн түвшин, гэмтлийн түүх, өмнөх нойргүйдлийн түүх гэх мэт. Дараах хүчин зүйл нь нойргүйдлийг өдөөгч хүчин зүйл юм. Гэр бүл, ажил, сургууль, санхүү, эрүүл мэндтэй холбоотой стресс, мөн ээлжийн ажил, эсвэл байнгын аялах шаардлагатай ажил хийдэг эсэхийг харгалзан үзнэ. Сүүлийн буюу нойргүйдэлтэй хэвээр байлгаж байгаа хүчин зүйл нь тогтмол цагт унтаж сэрэхгүй байх, нойрсож чадахгүй хэт их хугацааг өнгөрөөх, өдрийн цагаар нойрмоглох, нойрондоо санаа зовних зэрэг зан үйлийг багтаан үзнэ. Танин мэдэхүй, зан үйлийн сэтгэл засал буюу (CBT) нь нойргүйдлийн эмгэгтэй ажиллахдаа хүнийг нойргүйдэлтэй хэвээр байлгаж буй, улам даамжруулдаг ашиг тусгүй итгэл үнэмшил, сөрөг сэтгэл хөдлөл, дасан зохицож, өөрчлөгдөхгүй удсан нэгэн хэвийн зан үйл дээр төвлөрч, өөрчилдөг. Танин мэдэхүй, зан үйлийн сэтгэл засал нь нойргүйдэлтэй үйлчлүүлэгчид санал болгодог, дэлхий дахинд сэтгэл засалчдын өргөнөөр ашигладаг заслын арга техник юм. Танин мэдэхүй, зан үйлийн сэтгэл засал нь богино хугацаанд эмийн эмчилгээтэй дүйцэхүйц амжилттай үр дүнг үзүүлдэг. Харин урт хугацаанд тодорхой ахиц дэвшлийг үзүүлэхийн тулд илүү олон бүрэлдэхүүн хэсэгтэй үргэлжилнэ. Нойргүйдэлтэй хүн эмийн бус эмчилгээг илүүд үзэж байгаа тохиолдолд сэтгэлзүйч дээр очихыг санал болгодог. Энэ тохиолдолд танин мэдэхүй, зан үйлийн сэтгэл заслын арга техникийг ашиглах нь үр дүнтэй.

-Нойргүйдэлтэй хүмүүс өөрсдөө тэрхүү байдлаасаа гарах боломжтой юу?

-Нойргүйдэлтэй хүмүүс унтах цаг ойртох тусам түгшүүртэй болдог. Нойргүйдэлтэй хүмүүсийн зүрхний цохилт, цусны даралт, биеийн температур, кортизолын түвшин нэмэгдэх, тархины глюкозын солилцоо нэмэгдэх зэрэг мэдрэлийн тогтолцоо шөнийн цагаар идэвхжиж нойргүйдэлд хүрдэг. Унтахын өмнө тархины үйл ажиллагаа идэвхжиж байгаа тус үйл явцыг тархин дахь цахилгаан долгионы давтамжийг нэмэгдэж байгаа зүй тогтлоор тогтоодог. Тайвшрах нь симпатик мэдрэлийн тогтолцоог бууруулж оронд нь парасимпатик буюу амрах, хоол боловсруулах автомат хариу үйлдэл үзүүлэх мэдрэлийн тогтолцоог идэвхжүүлдэг ба гагцхүү хүний оюун ухаан, бие махбодь тайвширсан үед хүн унтаж амардаг. Тиймээс унтахаас дор хаяж нэг цагийн өмнө хүчин чармайлт шаардсан оюуны ажлаас зайлсхийн өөрийгөө амраах, тайвширах зүйлс хийх хэрэгтэй. Эдгээр танин мэдэхүй зан үйлийн сэтгэл заслын техникүүд нь нойргүйдэлтэй хүмүүсийн нойрны тухай буруу ойлголтыг засах, ашиг тусгүй итгэл үнэмшлийг өөрчлөх, унтахад нь саад болж буй асуудлуудыг шийдэх дээр төвлөрснөөр бодит үр дүнг өгдөг.

С.ОТГОНБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *