Categories
мэдээ цаг-үе

О.Тэмүүжин:“Фракц” кино өнгөрсөн саруудад IPTV-ийн хамгийн их хандалттай контент болсон

“Эмоци” продакшны жүжигчин МУСТА О.Тэмүүжинтэй ярилцлаа


-“Бурхны авралаар чи ирлээ” шоу нэвтрүүлгийн финалийн ялагчаар тодорсон. Нэвтрүүлэгт оролцсон сэтгэгдлээсээ хуваалцаач. Анх нэвтрүүлгийн саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Энэхүү шоу нэвтрүүлгийг хамгийн анх 2006 онд Австрали улсын “Working dog” студийн уран бүтээлчид бүтээж байсан юм билээ. Анх продюсер Б.Энхжаргал “Боловсрол” телевизийн шоу нэвтрүүлгийн нэг дугаарт нь ороод өгөөч гээд урилга өгсөн. Тухайн үед яг ямар нэвтрүүлэг вэ гэдэг төсөөлөл маш бага байсан. Гэхдээ Дэлхийн хэмжээний шоу учраас нэвтрүүлэгт ороод өөрийгөө сориод үзье гэж бодсон.

-Үзэгчид таныг ялагч болоосой хэмээн мессэж саналаа харамгүй нисгэж байсан байх. Үзэгчдийн итгэлийг алдахгүй байна гэдэг асар их хариуцлага шүү ?

-Тэгэлгүй яахав. Хичээхээс өөр сонголт байхгүй шүү дээ.“Бурхны авралаар чи ирлээ” шоуны финалийн шатанд үзэгчдээс хамгийн их санал авсан нэг оролцогч түрүүлдэг дүрэмтэй. Тэрхүү финалийн шатанд намайг дэмжиж мессэж саналаа өгсөн Монголынхоо ард түмэнд баярлалаа гэж хэлмээр байна.

-Мөн ялагчаар тодорсон байсан?

-Найм дахь дугаарыг үндсэн гэж хэлж болно. Үндсэн дугаар дээр мөн адил ялагч болсондоо баяртай байгаа. Манай нэвтрүүлгийн хамт олон сонирхолтой үзүүлбэрүүдийг бэлдчихсэн байсан. Хөгжимтэй, бүжигтэй, дуутай байсан нь өөрийнхөө давуу талыг түлхүү ашиглах боломжийг олгосон юм болов уу гэж боддог.

-Уг нэвтрүүлгийн хамгийн хүнд үзүүлбэр юу байсан?

-Ерөнхийдөө сүүлийн финалийн шатны үзүүлбэр хүнд санагдсан. Нууц амрагтай хэсэг дээр маш олон дүрд хувирах нь хүндхэн байсан. Эмгэн болчихоод залуу болно гээд л нэг дор хурдан хувирах шаардлагатай болсон.


-Нэвтрүүлэг эхлэхээс өмнө үзүүлбэртэй холбоотой ямар нэгэн шифи өгдөг үү?

-Тэр маш сайн нууцлалтай байсан. Ямар нэгэн зүйлийн сэжүүр гаргаж өгөөгүй. Оролцогчид нь бие биентэйгээ уулзалдахгүй өөр өөр өрөөнд орчихдог болохоор энэхүү нэвтрүүлгийн онцлог юм болов уу. Тийм учраас урьдчилж бэлдсэн зүйл огт байхгүй шууд тайзан дээр гардаг.

-Ямар ч бэлтгэлгүй тайзан дээр гарна гэдэг жүжигчний ур чадварих шаарддаг байх?

-Жүжигчний мэргэжил гэдэг өөрөө маш их бэлтгэл сургуулилт хийх ёстой. Бид кино, контентуудыг өмнө нь тодорхой хэмжээнд бэлдэж олонд түгээдэг. “Бурхны авралаар чи ирлээ” шоу нэвтрүүлэг маань өөрөө бэлтгэлгүй ч бэлтгэлтэй юм шиг жүжиглэх чадварыг шаардаж байсан учраас тухайн үеийн сэтгэн бодох чадвар, хурдыг шаардсан нь жүжигчдийн хувьд өөрсдийгөө сорих, юу чаддагаа харуулах шоу нэвтрүүлэг байсан.

-Анх жүжигчин болох тал дээр хэн илүү дэмжиж байсан бэ?

-Манай гэр бүл, багш нар их дэмждэг байсан. Ээж маань намайг урлагийн хүн болгоно гээд Драмын дугуйланд анх оруулсан даа. Драмын дугуйланд явсны дараа мэргэжил сонгох үедээ жүжигчний шалгалтыг өгч жүжигчин болох гараагаа эхэлсэн. Одоо сургуулиа төгссөн ч суралцаад л явж байна. Жүжигчний мэргэжил гэдэг сурч дуусдаггүй юм байна. Анх 2003 онд жүжигчний сургуульд ороод 2007 онд төгсөж байсан.

-2018 онд “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт оролцож байсан тухайгаа яриач?

-“Бурхны авралаар чи ирлээ” , “Яг түүн шиг” хоёр адилхан л телевизийн шоу нэвтрүүлэг. Харин “Яг түүн шиг” параоди буюу хүнийг адилхан дуурайх, түүнчлэн дуулж дуурайх байсан. Тэр үед хамгийн их үзэгчдийн саналыг авч байлаа. Тэрэндээ маш их баярладаг. “Бурхны авралаар чи ирлээ” шоу нэвтрүүлгийн хувьд сэтгэн бодох чадвар шаарддаг учир ерөнхийдөө ялгаатай. Урьдчилан бэлдээгүй тайзан дээр шууд гарна гэдэг амаргүй байдаг.

-Та тайзан дээр эмэгтэй дүрд ч тоглодог. Тухайн дүрийг бүтээхэд мэдээж бэлтгэл сургуулилт маш чухал байх?

-Эмэгтэй хүний дүрд тоглодог эрэгтэй жүжигчид олон байдаг. Миний хувьд тайзан дээр нэг хоёр удаа л эмэгтэй болсон. Х-ТҮЦ продакшн олон кино хийсэн нь “Болсон явдал” кинонд эмэгтэй болж найздаа тусалж байгаа Болор-Эрдэнэ залуугийн дүрийг бүтээсэн.МУГЖ Ч.Одончимэг эгч маань найруулж байсан. Тухайн үед би Х-ТҮЦ продакшнд ажиллаж байсан болохоор киноны группынхантай хамтраад инээдмийн төрөл жанрын кинонд тоглож байсан. “Болсон явдал” кино одоо ч гэсэн үзэгчдийн үзэх дуртай киноны нэг байдаг.

-“Эмоци” продакшн өөрсдийн өнгө төрх онцлогийг гаргаж чадсан уу?

-Бид өөрсдийн гэсэн хөлөг онгоцтой болъё, өөрсдөө удирдан зохион байгуулж манлайлъя гэж үзэн “Эмоци” продакшныг анх байгуулсан. Манай хамтлаг өөрсдийн гэсэн өнгө төрх, тусгай үзүүлбэрүүд, олон ангит кино зэрэг олон шинэлэг бүтээлүүдийг үзэгчдэдээ хүргэх гээд суралцаад л явж байна. “Эмоци” продакшны онцлог гэвэл энтертайнмент буюу хөгжим дууг хослуулдаг гэдгээрээ бусдаасаа ялгардаг. Анх арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Одоо өнөр олуулаа болсон.

-“Эмоци” продакшны сүүлийн үеийн сонин хачинаас дурдаач. Ойрын хугацаанд тоглолт хийх төлөвлөгөө байгаа юу?

-Сүүлийн үед хорио цээрийн дэглэмтэй байгаа учраас бид IPTV-д зориулж “Фракц” кино контентийг гуравдугаар сард хийсэн байгаа. “Фракц” кино өнгөрсөн саруудад IPTV-ийн хамгийн их хандалттай контент болж шалгарсанд маш их баяртай байгаа.

-Жүжигчин хүн бүрт анхны дүр хэзээ ч мартагдашгүй дурсамжийг үлдээдэг гэдэг. Дэлгэцэнд мөнхөлсөн анхны дүр тань ямар дүр байсан бэ?

-Уран бүтээлч хүн тухайн бүтээлийг ялгадаггүй байх ёстой гэж боддог. Би хувьдаа өөрийнхөө бүтээсэн дүрүүдээ ялгаж харьцдаггүй, бүх дүрүүдээ өөрийнхөө хүүхэд шиг л хайрладаг.Сургууль төгсдөг жилээ “Ийм нэгэн дурлал” киноны Туулайхүүгийн дүрийг бүтээж байсан. Анхны кино байсан учраас тэр дүрдээ их хайртай байдаг.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *