Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хуучин дарга нар нэгнийгээ жийлцэж эхэллээ. Тодруулбал, өнөөдөр тус газрын дарга асан Т.Аюурсайхан О.Магнайгийн эсрэг мэдээлэл хийлээ.
Тус газрын даргаар ажиллаж байсан О.Магнай өнгөрсөн даваа гаригт “2012 онд НИК компани шатахууны хомсдолыг зохиомлоор үүсгэснээс үүдэн ШӨХТГ-аас 4.9 тэрбум төгрөгийн торгууль тавьсан. Улмаар гурван шатны шүүхээр ШӨХТГ ялалт байгуулсан. Гэвч шүүхээс эцсийн шатанд торгуулийг дахин тооцох хариу гаргасан. А-92, дизель түлшинд тооцоо хийж, торгуулиа дахин тавих шийдвэр гарсан юм. Миний хувьд их хэмжээний мөнгөн дүнд холбогдох асуудалд ганцаараа ажиллаж хэл ам гаргаад яах вэ гэж бодсоны дүнд таван хүнтэй ажлын хэсэг байгуулсан. Гэвч асуудлыг дуусгалгүй би ажлаа өгөхөөр болсон. Намайг ажлаа өгсний дараа Т.Аюурсайхан НИК-д тавьсан торгуулийг хүчингүй болгож, ажлын хэсгийнхнийг хууль бусаар халсан байсан” гэж мэдээлсэн юм.
Тэгвэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Т.Аюурсайхан НИК-ийн торгуулийг хүчингүй болгосон гэх мэдээлэл худлаа гэв. Тэрбээр “Байцаагч Ж.Очирхуяг намайг ажлаа авахад торгуулийн дахин тооцооллын мэдээ ирээгүй гэж байсан. Гэвч Ж.Очирхуяг байцаагчид торгуулийн мэдээлэл, тооцоолол аль хэдийн ирчихсэн байсан юм билээ. Түүнийг нуун дарагдуулж байсан нь шалгалтаар илэрсэн. Хуулиараа бол шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс эхлэн биелүүлэх ёстой. Гэтэл О.Магнай тэргүүтэй албаныхан зориудаар удаашруулсан болох нь үүгээр батлагдаж байгаа юм” гэлээ.
Мөн түүний ноцтой гэж нэрлээд байгаа баримт дунд О.Магнайгийн сүлжээ дэлгүүрүүдэд тавьсан торгуулиа эргүүлэн хүчингүй болгодог тухай ч багтсан гэж танилцууллаа. Тухайлбал, О.Магнай ШӨХТГ-ын дарга байхдаа Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/, сүлжээ дэлгүүрүүдэд иргэдийн эрх ашгийг зөрчсөн хэмээн их хэмжээний торгууль тавьдаг байсан ч үүнийгээ шүүхийн шатан дээр хүчингүй болгож, тохиролцдог гэж мэдээлэв.