Categories
мэдээ цаг-үе

О.Лхагвадорж: Дорой сэтгэл зүйтэй бол хөгжил рүү тэмүүлсэн ч их удаан байдаг

Монголын сэтгэл судлал, нийгмийн болон байгалийн ухааны эрдэмтэд, судлаачдын хамтран “Нийгмийн сэтгэл зүйд тулгамдсан асуудлууд” зөвлөгөөнийг зохиолоо. Энэ үеэр “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд ба хөгжлийн тухай буруу философи” сэдвээр илтгэл тавьсан Нийгмийн сэтгэл зүйн судалгааны хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга О.Лхагвадоржтой ярилцсан юм.


-Хөгжлийн тухай буруу ойлголт байдаг гэх юм. Үүнийг тайлбарлахгүй юу?

-Манай улс сүүлийн 28 жилийн турш хөгжлийн төлөө зүтгэж байна. Гэхдээ хөгжөөд байгаа юм уу, хөгжлөөс ухраад байгаа юм уу гэдгийг мэдэхгүй байна. Монголын нийгэм тэр чигтээ хөгжлийн тухай төөрөгдөлд орчихоод хүмүүс юуны төлөө зүтгээд байгаагаа ойлгохгүй байх шиг санагдана. Өнөө үед хөгжил гэдгийг зөвхөн эдийн засгийн өсөлт, өндөр барилга, үнэтэй машин, техникийн ололт, хэрэглээний өргөн сонголт болон боловсролын дэвшлээр үнэлж байна. Гэтэл энэ бүх хөгжил дэвшил гэгчийн ард хүмүүс, нийгмийн сэтгэл зүй гээгдэж, буруу зүг рүү төөрөөд байгаа юм. Нийгмийн хэв маяг хүмүүсийн тайван амьдрах орчин нөхцөлийг устгаж байна. Мөн улс төрийн асуудал дэндүү өндрөө авч буйг хүн бүр харж байгаа.

-Өнөө үеийн хүмүүсийн нийгмийн сэтгэл зүйн төлөв ямархуу байна вэ?

-Үүнийг муу байна гэж хичнээн хэлээд ч улиг болж байх шиг байна. Тиймээс хэдхэн тоон жишээ хэлье. Өнгөрсөн жилийн судалгаагаар манай улсын хүн амын 11.7 хувь буюу 118000 иргэн ажилгүй байна. Харин архины хамааралтай хүний тоо 750000-д хүрсэн нь хүн амын 23 хувийг эзлээд байгаа юм. Үүнээс гадна хар тамхи хэрэглэгчдийн тоо 85000 хүрчээ. Зөвхөн энэ оны эхний хагас жилд л гэхэд хар тамхитай холбоотой 258 гэмт хэрэг үйлдэгдсэн байна лээ. Идэр, залуус насныхан гэрлэлгүй ганц бие явахыг илүүд үздэг болчихсон. Энэ нь нэгэндээ итгэж, итгэл хүлээлгэж чадахгүй нэгнээсээ хөндийрөх болсныг харуулж байна. Хамгийн харамсалтай нэгэн тоо жишээ нь, жилд дунджаар 400 гаруй хүн амиа хорлож байгаагийн дийлэнх нь эрэгтэйчүүд байгаа юм. Энэ үзүүлэлтээрээ бид дэлхийд гуравдугаарт бичигдэх болсон. Энэ бүх тоон үзүүлэлтийн үр дүнгээр нийгмийн сэтгэл зүйг шууд тодорхойлж болно.

-Сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс манай улсад их байдаг уу?

-Дээрх тоо үзүүлэлтүүдээс гадна өөр бусад зүйлсээр нийгмийн сэтгэл зүйг тодорхойлж болдог. 2013 оны байдлаар сэтгэцийн эмгэгтэй хүний тоо 587000 хүрсэн. Энэ нь нийт хүн амын 18 хувийг эзэлж буй гэсэн үг. Мөн хүн амын 42.2 хувь буюу 1.3 сая иргэн өр зээлтэй, 3.1 нь ядууралд өртсөн гэсэн мэдээ бий. Энэ бүгдээс үзэхэд манай иргэдийн тархи оюуныг шаналгадаг бодол нь мөнгө л болж хувирсан байгаа нь харагдаж байна.

-Авлига, залилан, хулгайн гэмт хэргээс болж иргэд их бухимддаг. Нийгэмд энэ төрлийн гэмт үйлдлүүд яагаад буурахгүй байгаа юм бол?

-Нийгэмд үнэ цэнэтэй гэж тооцогдож байгаа зүйл нь зөвхөн мөнгө болчихсон. Энэ нь цаашлаад ажил хэргийн чиглэл рүү шилжихдээ гэмт хэрэг үйлдэх сэдлийг бүрдүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл мөнгөнөөс болж хийгдэж буй гэмт хэргийн үйлдлүүд нийгэмд хавтгайрах шинжтэй, харгис болж байна.

-Яагаад хүмүүсийн итгэл алдарч, сэтгэл зүй нь өөрчлөгдөөд байгаа юм бол?

-Итгэл алдрахад сэтгэл мөхдөг. Иргэд яагаад өнөөгийн нийгэмд ингэтлээ уур бухимдалтай байгаад байна гэхээр нийт хүн амын 64.5 хувь нь төрдөө итгэх итгэлгүй болчихсонтой холбоотой. Өөрийг нь хамгаална гэж бодож байсан зүйл нь эсрэгээрээ байгаад байхаар хүн нийгэмд итгэх итгэлгүй болж улмаар хар амиа бодсон бэртэгчин зантай болгож буй. Энэ нь хүн хүндээ итгэх итгэлийг үгүй хийж, нэгнээ бухимдуулаад байгаа юм. Үүнээс болоод ялимгүй маргаан гарахад л нэгнээ ганцаардуулж, тухайн хүнийг сөрөг итгэл, гутранги сэтгэл зүйтэй болгодог. Тиймээс л амиа хорлох, гэмт хэрэг үйлдэх, архинд орох зэрэг нийгмийн сөрөг үзэгдэл, хандлагууд нэмэгдэж байна. Ийм дорой сэтгэл зүйтэй ард түмэн хөгжил рүү тэмүүллээ ч их удаан байдаг. Учир нь хөгжил гэдгийг хүн бүтээдэг тул нийгмийн сэтгэл зүй урвуу байвал улс орон хөгжих боломжгүй. Тухайн улсад юу дутагдаад, юу өгүүлэгдээд байгаа нь урлаг, соёлын бүтээлүүдээр нь илт мэдрэгддэг.

-Өнөөгийн нийгмийг хөгжилд иргэдийн сэтгэл зүйгээс гадна өөр юу саад болж байна вэ?

-Аливаа улсыг хөгжлөөс хойш татаж, хагалан бутаргахад нөлөөлдөг хэдхэн зүйл байдаг. Тухайлбал, олон нийтийг нэг үзэл санаатай болгохоос зайлсхийх буюу жагсаал цуглаан хийлгэдэггүй, төрийн өмчийг хувьчлан задлах болон уул уурхайгаас бусад аж үйлдвэрлэлд хөрөнгө оруулахаас цааргалах зэрэг нь нөлөөлдөг. Мөн үндэсний сэтгэлгээг нь алдагдуулж, уламжлалыг нь эвдэн олон янзын төлөв байдалд оруулах, олон намын системийг бий болгож, гүтгэлгийн шинжтэй зүйлсийг нийгэмд түгээдэг.Иргэдийг эдийн засгийн хараат байдалд оруулснаар номхон хүлцэнгүй байдалтай болгож тухайн улсыг бутаргадаг. Манайд эдгээр нь хэрэгжээд эхэлчихсэн. Мөн хүний эрх нэрийдлээр бүгдийг эрх чөлөөтэй болгосон нь нийгмийг стрессдүүлээд байна. Эдгээрээс болоод хүмүүсийн хувийн ёс суртахуун алдагдаж, амиа хичээсэн үзэлтэй болон хувирч буй. Бусдад саад болохгүйгээр хувийн эрхээ эдэлж, таашаал мэдрэх нь байж болох зүйл гэдэг үзэл нь нийгмийг доройтолд хүргэдэг. Мөн өнөө үед мөнгөгүй хүнийг амьдрах аргагүй болгож, мөнгөөр бүгдийг шийддэг тогтолцоог бий болгосон нь нийгмийн сэтгэлгээг урвуу байлгах гол зүйлийн нэг болжээ.

-Эдгээрийг шийдэхийн тулд юу хийх ёстой юм бол?

-Монголын ард түмэн сэтгэл зүйн дайны талбар болчихсон нь илт байгаа. Одоо үед хутга буу агсаж дайтахаас урьтаад сэтгэл зүйгээр нь дайралт хийж ялалт байгуулдаг болсон. Тиймээс нийт ард түмний сайн сайхан байдлыг бий болгох зорилготойгоор төр засаг ажиллах ёстой. Нийгмийг хөгжилд хүргэхийн тулд хүмүүсийн дунд нэгдмэл ойлголт хэрэгтэй. Түүнчлэн иргэдийн ахуйн хуваарилалтыг тэгш байлгах нь зөв. Өнөөгийн өндөр хөгжилтэй орнуудын ард иргэдийн сэтгэл зүй бүгд өөдрөг, сэтгэлгээний гажуудалгүй байдаг. Мөн улс төрийн идэвх сайтай байх нь ажиглагддаг. Учир нь иргэдийн дунд үүсээд байгаа асуудлыг төр нь бүрэн шийдэж чадаж байгаа болохоор тэр байх. Монголд жил дунджаар 3945 гэр бүл салж буй нь өдөрт 9-10 салалт болж байгаа гэсэн үг. Иргэдийн дунд салалт өндөр байгаа нь төрийн бодлоготой шууд холбоотой. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо 81200 хүрсэн нь бодлогоо шинэчилж, ард иргэдийнхээ төлөө юм хийх цаг болсон гэдгийг сануулаад байна.

-Нийгмийн сэтгэл зүйг эрүүлжүүлэхэд юу чухал вэ?

-Бидний өдөр тутмын амьдралд тулгарч буй асуудлууд зөндөө бий. Замын түгжрэлээс авахуулаад банкны зээл, эрүүл мэндийн байгууллагын ачаалал, цалингийн хэмжээ, өрхийн дундаж орлого гэх мэт. Тиймээс төрийн буруу бодлогыг засч, иргэдийн эрх ашгийн нэгдүгээрт тавьдаг өөрийн улсдаа тохирсон бодлоготой болчихвол иргэдийн итгэл сэргэж, нийгэм эрүүлжинэ. Түүнээс биш ургийг гажиг, цус ойртолт иргэдийг стрессдүүлээд байгаа юм биш. Мөн хувь хүн ёс суртахуунаа дээшлүүлснээр хулгай, дээрэм, залилан бий болохгүй. Мэдээж хулгай байх юм чинь шорон хэрэггүй болно шүү дээ. Гэхдээ хүн болгон бусдын төлөө гэсэн ёс суртахуунтай байж чадахгүй учраас өөрийн улсдаа тохирсон бодлогоор зохицуулалт хийх л хэрэгтэй. Стресс гэгч сэтгэлийн сөрөг үзэгдэлд төрөөс үзүүлж буй сөрөг нөлөөлөл их бий.

-Монголчууд зоригтойгоор ажил эхлүүлж чаддаггүй, хэн нэгний хараанд байгаад сурчихсан гэх юм. Энэ нь бид аймхай, сэтгэлгээ нь задраагүй байгаагийн шинж үү?

-Үүнд нийгмийн тэр дундаа нийгмийн орчин бүрдүүлж байдаг улс төрийн бодлого хамгийн чухал нөлөөтэй. Түүнээс биш манай залуус тийм залхуу, авьяас чадваргүй, оюуны чадавх муу юм уу гэхээр үгүй шүү дээ. Олон улсын чанартай янз бүрийн тэмцээн уралдаанд орж бүхий л төрөлд амжилт гаргаж чадаж байна. Энэ бүх чадварыг нь ёс суртахуунаар нь зөв хөглөж, дэмжлэг үзүүлбэл юуг ч, яаж ч хийж чадах залуус манайд бий. Хүмүүсийн урам хугарна гэж их айхавтар зүйл бий. Өнөөдөр төрийн буруу бодлогоос болоод машин нь зам дээрээ багтахаа больчихсон. Түүнээс гарах утаанд нь иргэд хордож, угаадсаа гадагш цацан хөр-сөө бохирдуулж, алт нэрийдлээр байгалиа сүйтгэж байгаа. Үүний оронд иргэдээ хөгжүүлж, гарах үр дагаврыг нь эдэлбэл байдал арай өөр байх байлаа.

З.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *