Улс төр судлаач О.Чулуунбилэгтэй ярилцлаа.
-Ингэхэд танай Ардчилсан намыг ингэж өндөр санал авна гэж бодоогүй шүү?
-Яаж харахаас л болно. Найман жил гудамжинд байсан АН-ыг жижиг нам гэж харвал таны бодол зөв. ХХ зууны хамгийн том хувьсгалыг хийсэн, засгийн эрх барьж байсан нам гэж харвал ялаагүй учраас хамаагүй чамлалттай дүн харагдана. Ялах боломж байсан ч түүнийгээ ашиглаж чадаагүй, эсвэл ашиглахыг хүсээгүй л гэж бодож байна. Эрхбиш эрх чөлөө, ардчилалд хайртай олон зуун мянган монголчуудын дэмжлэг, намын эгэл жирийн гишүүд, нэр дэвшигчдийн зүтгэлээр органикаараа 42 суудал авлаа. Түүний 16 нь жагсаалтаас буюу шууд АН-ыг дэмжсэн сонгогчдын хүчээр гэхээр ямар их дэмжлэг байгаа нь харагдаж байна. Орон нутгийн сонгуулиар зоригтой байж хичээвэл илүү үр дүнд гарцаагүй хүрнэ.
-Гурван намын хамтарсан засаг байгуулагдчихлаа. Ер нь хамтрах зайлшгүй шаардлага байсан уу?
-Шулуухан хэлэхэд, хамтарсан засаг байгуулах эсэх нь ялсан намын Ерөнхий сайдын бүрэн эрх. Гагцхүү МАН, АН, ХҮН гэсэн гурван нам яагаад хамтрах ёстой вэ гэсэн хүндэт шалтгаанаа намууд ард иргэддээ бодитой, дэмжлэг авахуйцаар тайлбарлах ёстой. Намын дарга нарын хамтрах мэдэгдлийг харахад тэрийгээ илүү сайн тодорхойлж чадаагүй байгаа юм байна гэж харсан. Сонгуулийн холимог систем нь хамтрахыг шаарддаг, татварын дарамтыг бууруулахын тулд, эрчим хүчний шинэчлэл хийхийн тулд гэсэн ярианууд нь дэндүү энгийн. Хамтрах шаардахгүйгээр стандарт олонхын Засгийн газар л зайлшгүй хийх ёстой өдөр тутмын зорилтууд байна. Ядаж Хамтарсан Засгийн 100 хоног баяр наадмын урт өдрүүдтэй давхцаж байгаа нь тийм ч сайн зүйл биш. Амарч ирсэн сонгогчид гэнэт л ажил нэхээд унана шүү дээ. Гэтэл одоогоор 100 хоногийн төлөвлөгөө нь гараагүй байгаа сураг байна лээ. Хүний намынхан яаж байгаа юм бүү мэд. Манай намынхны ажлын хэсэгт бол мөрийн хөтөлбөрт ажилласан хүмүүс цөөхөн байгаа дуулдсан.
-Дуулдсан гэж та чинь мөрийн хөтөлбөр бичилцсэн бас ҮБХ-ны гишүүн биз дээ. Энэ асуудлаа нам дотроо нээлттэй ярилцдаг суваг байхгүй юм уу?
-АН инститүүцийн хувьд 2016 оны ялагдлаас хойш тогтмол уруудсаар байна. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдэд ирдэг мэдээлэл нь татвараа хэзээ төлөх, ямар нэгэн даргыг томилохыг баталгаажуулах гэсэн хоёрхон төрлийн мессэжээр хязгаарлагддаг. Бид АН-ын байр суурь, улс төрийн үйл ажиллагааг сошиал орчноос л уншиж мэддэг болоод удлаа. Бүр генсекээ солигдсон, шинээр томилогдсон эсэхийг яг таг мэдэхгүй, нэгнээсээ асуусан улстөрчид л байна. Өнөөдрийн АН бол намын нэр барьж, эрх баригчидтай уулздаг гурван дарга, яахаа мэдэхгүй ч нам засагт орж байгаад хүлээцтэй байгаа 500 ҮБХ-ны гишүүн, АН-ын гишүүн байсныхаа төлөө эрх баригчдад адлуулж, ажил амьдралгүй чонын амьдралаар амьдарч яваа 120.000 гишүүнээс бүрдэж байна. Үүнийгээ одоо дүрэмдээ бичээд оруулсан нь илүү амар.
Уг нь Хамтарсан Засгийн газрын хамгийн либерал шинэчлэлүүд АН-аас л гарах ёстой юм. Хамтарсан засгийн нийт ажлын 40 хувь ядаж АН-ын мөрийн хөтөлбөрөөс орох ёстой. Гэтэл тэр ажлыг нь хийх ёстой, намын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэгт орсон трансформистууд тун цөөхөн. Одоо АН-аас засгийн хөтөлбөрт юу орох вэ гэдгийг Ванга шиг хэлье. Нөгөө л өргөн царигийн босоо хэвтээ төмөр зам, Оросын хийн хоолой, аж үйлдвэрийн парк нэмээд баахан төсөл, ТЭЗҮ, татвар төлөгчдийн мөнгөөр хийх монгол мөрөөдлийн мега төслүүд. МАН тэрийг нь машид баяртайгаар хүлээж авна. Хоёр жилийн дараа АН-ын гэсэн баахан хэргүүд парламентын сонсголоор хөвөрнө. Ийм л юм болно.
Намын даргадаа танай сониноор дамжуулж хэдэн үг хэлье. Ямар мань мэтийн залуучуудтай тоож уулзах биш. Засгийн хөтөлбөрт АН-аас оруулах ажлын хэсгээ өргөтгөөч ээ. Ядаж мөрийн хөтөлбөр дээр ажилласан хүмүүсээ дуудаач. Ийм боломжийг Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд олгосон гэж хэвлэлээс уншиж ойлгосон. Хувьдаа дэмждэг, дараа нь ажилд томилно гээд дотроо шийдсэн хэдэн хүнээрээ хязгаарлахаа болиоч ээ. Нэгэнт л хамтрах гэж байгаа бол итгэл үнэмшил, үзэл баримтлалынхаа дагуу чөлөөт нийгмийг байгуулах суурь шинэчлэлүүдээ төрийн бодлого болгомоор байна. Жишээ нь: үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахтай холбоотой бодлогуудаа оруулахын тулд би цаас бариад дарга даргын үүд сахиад сууж байх жишээтэй. Дөрвөн жилийн дараа АН хамтарсан засагт орсноор юу хийсэн бэ гэж сонгогчид асууна. Хийсэн ажлын ялгарал асууна. Хэдэн ТЭЗҮ, төмөр зам яриад зогсож баймааргүй байна. АН 2028 онд дөрөв дэх удаагаа ялагдмааргүй байна. Тэгвэл өртөг нь дарангуйлал гэдгийг ойлгож хариуцлагатай хандаасай.
АН засагт хамтарсны үр дүн найман гишүүн сайдын ажилтай болсноор зогсож байвал бушуухан гарсан нь бодитой.
– Дотроо ингэж төлөвшиж чадахгүй байгаа танай нам Хамтарсан засагт ороод ажил хийх үү. Танайхан сая дэд сайд нэхсэн гэсэн мэдээлэл сошиал орчинд тархсан?
-Хамтарсан Засгуудын түүхийг харахаар уг нь хамгийн их ажил хийсэн, гол шинэчлэлүүдээ явуулсан нь АН байдаг юм. Энэ уламжлал энэ удаа тасрах магадлалтай байгаа шалтгаан нь Ардчилсан намд МАН-тай тулах стратеги базаж, хүний нөөцийн бодлого гаргаж байгаа лидер алга. Нэгэнт хамтарч байгаа бол АН-ын ямар шинэчлэлийн бодлогууд явах юм бэ, тэр бодлогуудаа төрийн албанд ямар хүний нөөцөөрөө хэрэг-жүүлэх юм гэдгээ МАН-тай тулж ярилцаж нөлөөлж чадах төлөөний хүн байхгүй найман сул сайд л байгаад эрсдэлтэй байна. Тодруулбал, АН-ын найман сайд Засагт хамтрагчийн эн тэнцүү хэлэлцэх байр сууринаас биш, ажил олгогчтойгоо харилцаж буй ажилтны сул байр суурь дээрээс ажиллаж байна. Ямар сайндаа л найман сайд нэг зөвлөх, туслах, жолооч гээд 32 хүн л хуулиараа АН-аас ажилд авч чадах юм байна гээд өөрсдөө итгэчихсэн сууж байхав. Ядаж байхад тэр 32 азтаны ихэнх нь нэг бол сонгуульд нь ажилласан, үгүй бол өөр нэг гишүүний “өгсөн” үл мэдэх нэгэн байх жишээтэй. Намын бодлого, намын мөрийн хөтөлбөрөө ойлгож очиж ажил хийх гэсэн менежерүүд гэхээсээ засгийг тогтвортой байлгах гэсэн УИХ-ын гишүүдийн сүлжээ угсраад сууж байна. Үр дүнд нь ажил нь явахгүй, АН ажил хийсэнгүй гэж нийгмээсээ шүүмж тасрахгүй байх тийм л төлөв рүү орох эрсдэл харагдаад байна. АН засагт хамтарсны үр дүнд найман гишүүн сайдын ажилтай болсноор зогсож байвал бушуухан гарсан нь бодитой.
Та сая хэллээ. Танайх дэд сайд нэхсэн гэж. Дэд сайд гэх АН-ын яриа, парламент хариуцсан эрхэлсэн сайд гэх нэрээр жагсаалтын гишүүдээс дэд сайд тавих МАН-ын хувилбар хоёрт зарчмын ямарч ялгаа байхгүй. Эрх ашгийн л ялгаа бий. Гагцхүү нийгэмд ойлгуулах тал дээр АН-ын пиарчид муу учраас бид буруудаж байгаа юм. Бид өөрийн сайдгүй яаманд АН-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой дэд сайд яагаад тавьж болохгүй гэж. МАН-ын сайд нар өөрийн яам дээр, эсвэл хэн нэгэн төрийн албан хаагч АН-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр идэвхтэй ажиллана гэвэл жишээ нь та итгэх үү.
-МАН намар парламентаас эрхэлсэн сайдууд гэж яамдууд дээр тавих тухай та ярьж байна уу. Шинэ Зеландын туршлага гэсэн шүү дээ?
-Тийм. Монгол бол эх газрын буюу Ром Германы эрх зүйтэй улс. Англи саксоны тийм систем манайд ажиллахгүй. Засгийн Газар эргээд Их хурлынхаа нөлөөнд орно. Тэгээд ч нийгмийн эсэргүүцлээ дийлэхгүй гэж би харж байгаа. Засаг огцрох яриа руу явчихна. МАН-ын хууччуул, гомдогсод энийг л хүлээж байгаа.
– Хууччуул гэснээс хамтарсан засаг байгуулагдсан нь зөв гэж С.Баяр Ерөнхий сайд жиргээнд дэмжсэн байсан. Та ч дэмжсэн байсан харагдсан биз дээ?
-Хамтарсан засаг зөв өө. Гэхдээ яагаад хамтарч байгаа, юу хийхээ ард иргэддээ бодитой, хүлээн зөвшөөрөхүйц бодлогоо гаргахгүй бол энэ нийгэм хаос төлөв рүү явна. Парламент дэмий юм байна, бүх намууд адилхан хэрэггүй, ганц мундаг удирдагч тэжээе гэдэг гадна дотныхоос шидсэн мессэжийг иргэдийн олонх дэмждэг болвол тун эрсдэлтэй. Дахин эвсэхэд ч хүнд болно. Уг нь хамтарсных 15 тэрбум ам.долларын савыг хоёр жилд 40 тэрбум болгоно гээд гол зорилтоо зарлаад тэндээсээ наашаа бодлогуудаа өрөөд явчихмаар байгаа юм. Үндэстнийхээ шанаганы хэмжээгээ томруулахыг иргэд бүгд л хүсч байгаа шүү дээ. Түүнээс “Болор цом”-ын тайз шиг утга уянга одоо орохгүй.
С.Баяр гуайн хувьд одоо МАН-ын хуримын генерал болсон шиг. Эрх баригчдыг шүүмжилсэн үеийнхэнтэйгээ засгийн өмнөөс “хэрэлдэж” өгдөг үүрэгтэй гэж харддаг. Би л хувьдаа С.Баяр гуайн жир- гээнээс засгийн байр суурийг харчихдаг.
-Хэрвээ АН инстүүцийн хувьд төлөвшихгүй бол ямар эрсдэл байх вэ?
-Хэрвээ АН инстүүцийн хувьд чанаржихгүй бол хамтарсан засгийн эмзэг цэг АН болж хувирна. Өөрөөр хэлбэл, АН-ын хаос төлөв Засгийн газрын асуудал болж хувирна. Нэгдсэн институци стратегигүй, үндэсний лидергүй учраас фракц бүр, сайд бүр тусдаа Warlord-ууд л болж клубүүдийн нэгдэл хэвээрээ үргэлжлэх эрсдэлтэй. Эцэст нь МАН-ын гомдсон хэсэгтэй нийлээд төрийн тогтворгүй байдал руу ч шилжинэ дээ.