Монголдоо анхдагч “Комбуча” ундаа дэлхийн зах зээлд өрсөлдөхөд бэлэн болжээ. Эрүүл мэндийн энэхүү ундаа нь Японы стандартын шаардлагыг бүрэн хангаж чадсан сайхан мэдээг хүргэж байгаадаа таатай байна. Тун удахгүй тус улс руу бүтээгдэхүүнээ экспортлохоор зэхэж буй “Комбуча Монголиа” компанийн Ерөнхий захирал О.Бямбагэрэлтэй ярилцлаа.
– Дэлхий дахинд Монголынхоо нэрийг гаргасан бүтээгдэхүүн нийлүүлэх гэж байгаа танай хамт олонд баяр хүргэе.“Комбуча” ундаа японы зах зээлд очихын тулд өнөөдрийг хүртэл ямар замыг туулав?
– Хүн төрөлхтөн эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг болсон өнөө үед “Комбуча” ундаа маань дэлхийд трэнд болоод байгаа.Энэ ундааг комбуча мөөгний цэвэр шүүснээс гаргаж авдаг, органик бүтээгдэхүүн юм.Бид 2014 оноос хойш мөөгөө үржүүлж эхэлсэн л дээ.Бүхэл бүтэн таван жилийн хөдөлмөр шингэсэн “Комбуча” ундаагаа 2019 оноос хойш үйлдвэрлэж, хэрэглэгчдэдээ хүргэж байна.Өнгөрсөн хугацаанд бид Япон улстай гэрээ байгуулж, тогтмол бүтээгдэхүүнийхээ дээжийг илгээж ирсэн.Тус улсын арван төрлийн лабораториор “Комбуча” ундаа маань баталгаажиж чадлаа.
– Мөөгний цэвэр шүүс болох “Комбуча” ундаа нь хүний эрүүл мэндэд ямар үр өгөөжтэй вэ?
– Бид “Комбуча” ундааг биологийн идэвхит бүтээгдэхүүн үү, хүнсний нэмэлт үү эсвэл эм юм уу гэдгийг Эрүүл мэндийн яам болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаар нарийн шинжлүүлсэн.Мэргэжлийн лабораториудын дүгнэлтээр “Кобуча” ундаа бол эм бэлдмэл, биологийн нэмэлт бүтээгдэхүүний аль аль нь биш гэдгийг тодорхойлсон.Харин хүний эрүүл мэндэд асар их тустай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм байна.Тэр дундаа органик ашигтай бактер бүхий ундаа гэж дүгнэсэн.Ингээд бид Биологийн хүрээлэнд “Комбуча”-гийнхаа бактерыг тоолуулсан. Үүнд бараг нэг жил орчим хугацааг зарцуулсан шүү.Биологийн хүрээлэнгийн тодорхойлолтоор 1 мг “Комбуча” ундаанд 700 мянган ашигтай бактер тоологдсон нь үнэхээр гайхалтай.Тэгэхээр 250 граммын савлагаатай “Комбуча” ундааг уухад тоймгүй их ашигтай бактер хүртэж байгаа биз.Энэ бол эм биш хүнс учраас хүссэн үедээ ууж болно.
“Комбуча” ундаа нь хүний бие организмд олон талын ач холбогдолтой.Хамгийн наад зах нь хоолны шингэцийг сайжруулна.Ер нь хүний идэж, уусан хоол ундны үлдэгдэл бүдүүн гэдсэнд наалдаж, хуримтлагддаг.Үүнээс болж элдэв өвчлөл үүсдгийг анагаах ухаан хэдийнэ тогтоосон шүү дээ.Харин “Комбуча” ундаа нь бүдүүн гэдсийг маш сайн цэвэрлэдэг.Үүнээс гадна амны хөндийн болон ходоодноос ялгарч байгаа эвгүй үнэрийг арилгана. Хамгийн гол нь хоол боловсруулах замыг дэмжихээс гадна бүдүүн, шулуун гэдэсний үрэвслээс урьдчилан сэргийлнэ.
– “Комбуча” ундааг гаргаж авдаг технологиосоо сонирхуулахгүй юу.Ингэхэд танай үйлдвэр өдөрт хэдий хэмжээний ундаа үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?
– Манай компани Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөлд дэмжигдэж “Комбуча” ундааныхаа үйлдвэрийг байгуулсан.Хужирбуланд байрлах шинэхэн үйлдвэр маань энэ зун ашиглалтад орлоо.Бид үйлдвэрлэлдээ хамгийн сүүлийн үед тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлсэн байгаа. Хүчин чадлын хувьд цагт 2000 ширхэг ундаа савладаг.
“Комбуча” ундааг байгалийн органик шинж чанараар нь гаргаж авахад маш нарийн ажиллагаатай.Яг л нялх хүүхэд шиг арчилж байж шүүсийг нь гаргаж авдаг юм.Өрөөний болон усны темпратур зэргийг цаг тутамд хянаж, тохируулна.
Манай монголчууд дээр үед хусны мөөгийг гэрийн нөхцөлд эсгэж уудаг байсан уламжлалтай ард түмэн.Мөөгөн дээрээ ус хийгээд эсэнгүүт шүүсийг нь авч уудаг байсныг хуучны улс андахгүй.Манай комбуча бол эсгэж уудаг мөөгний нэг төрөл юм.Бид бүхэн “Комбуча” ундааныхаа үйлдвэрлэл, технологийг оюуны өмчөөр баталгаажуулсан байгаа.
– Танайх комбуча мөөгөөр ундаанаас гадна ямар, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?
– Комбуча мөөгөөр жигнэмэг, чихэр хийж худалдаанд гаргасан байгаа.Чихэрний хувьд хоёр төрөлтэй.Мөөгөө хатаагаад чихэр хэлбэртэй болгосон.Мөн мөөгнийхөө шүүсээр цэлцэгнүүрэн чихэр үйлдвэрлэж байна.Жигнэмэгийн хувьд ямар ч цавуулаггүй учраас таргалалт үүсгэхгүйгээрээ давуу талтай. Эдгээр бүтээгдэхүүн маань эрүүл мэнддээ хайртай, жингээ барихыг хүсч буй хүмүүсийн байнгын хэрэглээ болсон.
“Комбуча” ундааны хувьд 250 граммын шилэн савлагаатай худалдаанд байдгийг хэрэглэгчид сайн мэдэж байгаа байх.Тэгвэл одоо бид савлагааны хувьд сонголттой болгосон.Сүүлийн үеийн шинэ технологиор гаргаж авсан сайжруулсан хуванцар саванд ундаагаа 400 граммын хэмжээтэй үйлдвэрлэж байна. Комбучагийнхаа цэвэр шүүсний хувийг арай зөөлрүүлж, савлагааны хэмжээг томсгосон байгаа.
Мөн Монголоос гадаад руу авч явахад зориулсан бэлгийн багцыг гаргасан. Дотроо жигнэмэг, хоёр төрлийн чихэр, камбучагийн нунтаг багтсан. Энэ нунтаг бүтээгдэхүүний хувьд яг уусдаг кофе шиг.Хаана ч авч явахад хялбар.Савтай ус руугаа хийгээд уухад хэдэн зуун тэрбум ашигтай бактер болчихно. Одоохондоо энэ савлагаатай бүтээгдэхүүнүүдээ Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын “Dute free”-гээр борлуулж байгаа.
– Та ярилцлагынхаа эхэнд “Кобуча” ундааг дэлхий дахинд трэнд болоод байгаа гэлээ.Ингэхэд комбуча ундаа хаанаас гарал үүсэлтэй юм бол?
– Дэлхийн өнцөг булан бүрт өнөөдөр “Комбуча” ундаа дэлгэрсэн. Бид анх 2014 онд Америкаас мөөгөө авчирч байхдаа комбучагийн түүхийн талаар бичсэн номыг судалж байсан юм.Энэ номонд комбуча Монголоос гаралтай гэж бичсэн байдаг. 1200- гаад онд Чингис хаан дэлхийг дайлаар мордохдоо арьсан богцондоо комбуча ундаагаа эсгэж уугаад явдаг байж. Аян замын турш мөөгөн дээрээ ус нэмж уудаг байсан тухай түүхэнд тэмдэглэн үлдээжээ.Мэдээж алс хол газар олон жил дайн байлдаан хийгээд явахаар хүмүүс ядарч, сульдана.Харин Чингис хааны цэргүүд маш их дархлаатай, эрүүл чийрэг байсны нууц нь комбуча байж. Тийм болохоор дэлхийн талыг эзэлж явахдаа очсон орнууддаа комбучаг тараасан юм билээ.
– Комбуча ундааг эсгэж уудаг гэхээр сахарын агууламж нь ямар байдаг вэ?
– Сахар бараг байхгүй. Тийм болохоор чихрийн харшилтай хүүхэд болон сахарын өвчтэй хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой. Ер нь хоёроос дээш насны бүх хүн хэрэглэх боломжтой.Манай ээж, аавууд хүүхдүүддээ сахар ихтэй ундаа өгөх нь элбэг харагддаг.Тэгвэл ямар ч химийн орц найрлагагүй “Кобуча” ундааг уулгаж байвал хүүхдийнхээ эрүүл мэндэд том хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг.“Комбуча” нь хүний биед оронгуутаа сахарыг бууруулдаг. Яагаад гэвэл кобумча мөөгний онцлог нь сахараар хооллодог. Тийм болохоор комбуча ундаа нь хүний цусан дахь сахарыг өөртөө шингээж биеэс гадагшилдаг гэсэн үг.Ер нь “Комбуча” ундааг 14 хоногоос нэг сарын хугацаанд өдөр бүр тогтмол уухад сахар эрс багасдаг нь судалгаагаар тогтоогдсон. Бас өтгөн хаталт, цээж хорсолт, шингэн алдалт зэрэгт онцгой сайн үр дүнтэй. Ходоод гэдэсний үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг болохоор эмч нар хоол шингээх эм байнга хэрэглэдэг хүмүүст “Комбуча” ундааг зөвлөдөг болжээ. Олон жил хоол шингээх эм хэрэглэсэн хүн энэ ундааг ууснаас хойш эмээ хаясан зэрэг эрүүл мэндэд үзүүлсэн эерэг үр дүнгүүд их бий.
– “Комбуча” ундааны дор үүссэн тундасыг хүмүүс гайхаад байдаг.Энэ нь ямар учиртай юм бэ?
– Энэ бол амьд бактер. Гадаадын орнуудад “Комбуча”-гийн үнэнч хэрэглэгчид хамгийн их тунадас үүссэн ундааг нь авч уудаг юм билээ. Зарим нь тэр тунадсыг нь шүүж хэрэглэдэг.Яг үнэндээ бид дэлхийн стандартаар хаана ч байхгүй хямд үнэтэй “Комбуча” ундааг Монголынхоо зах зээлд үйлдвэрлэж байгаа.Ундаагаа савлаж буй шил гэхэд ямар үнэтэй билээ дээ. Манай улс дотооддоо шил үйлдвэрлэдэггүй болохоор гаднаас импортолж авдаг. Дээрээс нь мөөгөө өсгөж, үржүүлнэ. Гадаадад 200 граммтай комбучагийн ундаа 4.9 ам.доллараас дээш үнэтэй байдаг.Харин манайх 250 граммтай ундаагаа 3800 төгрөгөөр худалдаалж байна.
– Та бүхэн “Комбуча” ундаагаа Япон руу экспортолсон ч гэсэн Монголдоо бас борлуулна биз дээ?
– Үнэнийг хэлэхэд бид дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлээд 60 хоногийн дараа мөнгөө олж авдаг.Өнгөрсөн аравдугаар сард захиалга авсан дэлгүүрүүд өнөөдөр тооцоогоо хийгээгүй байх жишээтэй.Дэлгүүрүүд мөнгөө өгөхгүй байна гээд бид үйлдвэрээ зогсоож, банкны зээлээ төлөхгүй байна гэж байхгүй.Үйлдвэрлэл тасралтгүй явдгаараа явж, банкны мөнгөө төлсөөр л байдаг.Энэ хооронд бид маш их алдагдал хүлээж, бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирдаг.Яг үнэндээ дэлгүүрүүдийн ийм байдал бизнес эрхлэгчдийг залхаадаг.Харин Япон улс руу “Комбуча” ундаагаа экспортлоод ирвэл амар л байна.
– Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. “Комбуча” ундаагаа дэлхийн брэнд бүтээгдэхүүн болгохоор зорьж буй та бүхний ажилд амжилт хүсье.