УИХ-ын гишүүн О.Батнасантай улс төрд өрнөж буй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАН Их хурлаа хийсэн. Шинэ даргаа сонгосон. Танай намын талцал үүгээр эв зүйгээ олсон гэж ойлгож болох уу?
-Монгол Улс парламентын засаглалтай ардчилсан орон. Парламентын засаглалтай улсад хамгийн их нөлөө үзүүлдэг нь улс төрийн хүчин байдаг. Тэр ч утгаараа 2016 онд манай нам 76 суудлаас 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ хүрээнд Засгийн газраа байгуулаад явж байгаа. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулж шинээр засгаа байгуулсан. Энэ цаг үетэй давхцан намын 28 дугаар Их хурал боллоо. Намын Их хурал болсноороо Монгол Улсын хөгжлийг түүчээлэх томоохон бодлогыг тодорхойлсон. Түүнчлэн намын эв нэгдлийн хурал болж чадсан. Аливаа улс төрийн хүчин дотор үзэл бодлын зөрүүнээс болж зөрчилдөх зүйл байдаг. Гэхдээ энэ зөрчил нь ард түмний нийтлэг эрх ашгийг умартсан байж болохгүй. 28 дугаар Их хурал эв нэгдлийг хангасан ойлголцолд хүрсэн гэж бодож байгаа. МАН-ын дарга, Удирдах зөвлөлийн гишүүд, Бага хурлын гишүүдээ сонгож чадсан. Манай нам зуун дамнасан түүхтэй. Өнөөдрийн тогтолцоогоор ялсан улс төрийн хүчний намын дарга Ерөнхий сайд байдаг. Тэр зарчмаараа явах ёстой гэж үзсэн. Гүйцэтгэх засаглалын тэргүүн хүчтэй байж улс хөгжинө.
-Хүчтэй гэдгийг ямар утгаар хэлэв. Бяр тэнхээтэй байх уу, чанга дуутай олонд таалагдсан үг хэлдэг байх юм уу. Эсвэл бодлого гаргадаг, эв нэгдлийг хангадаг байх юм уу?
-Хүчтэй байна гэдэг нь мэдээж биеийн хүчийг хэлэхгүй. Хүчтэй байна гэдэг бол эв нэгдлийг хангасан, ард түмний нийтлэг эрх ашгийг хамгаалсан, улсын хөгжлийн бодлогыг тодорхойлдог байх юм. Засгийн газар ч гэсэн ийм зарчмаар ажилладаг болох хэрэгтэй. Ажилласан шиг ажиллаж, хариуцлагаа үүрсэн шиг үүрдэг, хэлсэн үг хийж буй үйлдэлдээ эзэн болдог, зүрх сэтгэл нь түмнийхээ төлөө байх ёстой.
У.Хүрэлсүх Ерөнхий сайд, МАН-ын дарга болсны дараа хэлсэн үгнүүд нь энэ чиглэлд итгэл, найдвар төрүүлж байна гэж харж байна. Томоохон төслүүдээ хөдөлгөхдөө ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг хамгаалж явуулах талаар ярьж байна. Мөн дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аж үйлдвэрийн бодлогыг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, хүнсний орон болох гээд томоохон зорилтууд тавьж байгаа.
-Намын хурлын тухайд ийм байж. Сүүлийн үед банкны зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох эрхийг Монголбанкинд өгөх хуулийн өөрчлөлтөөс болж нэлээд маргаан гарч байна. Та ямар байр суурьтай байна вэ?
-Банкны тухай хуулийн ажлын хэсэг хуралдаад Их хурлаар хэлэлцүүлж эхэлж байна. Холбогдох байнгын хороод нь хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Юуны өмнө Монголбанк зээл өгдөг банк биш, харин бодлого гаргадаг, тухайлбал төрийн мөнгөний бодлого тодорхойлдог байгууллага байх ёстой гэдэг дээр тодорхой болох хэрэгтэй. Харин банкны зээлийн хүүгийн дээд хязгаарлалтын хувьд Монголбанкны гэхээс илүүтэйгээр арилжааны банкуудын эрх ашгийн асуудал яригдаж байна. Монголбанк зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтооно гэж Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөнд биш, харин хуулийн төслийг дагаж орж ирсэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд туссан байгаа.
Арилжааны банкуудын татан төвлөрүүлсэн хөрөнгийн 80-85 орчим хувь нь хадгаламж эзэмшигчдийн мөнгө байгаа. Өнөөдөр арилжааны банкууд түүгээр бизнес эрхлээд тухайлбал уул уурхайн компани байгуулдаг, барилга барьдаг, Эрдэнэтийн 49 хувийг авах зэрэгт ашиглаад, жинхэнэ харин зээлийн үйл ажиллагаа нь хумигдмал байгаа. Гэтэл эдийн засаг дахь зээлийн эрэлт өөрөө их байгаа, гэтэл зээлийн нийлүүлэлт нь бага болчихоор зээл өөрөө үнэтэй буюу зээлийн хүү өндөр тогтоод байгаа юм.
-Энэ чинь мөнгө хүүлэлт юм биш үү. Олон эдийн засагч тэгж байна…
-Зээлийн хүү гэдэг бол банкнаас зарж буй бараа бүтээгдэхүүний үнэ, энэ нь зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтийн хүрээнд зах зээлийн шударга өрсөлдөөний зарчмаар тогтож байх ёстой гэдэг нь бол үнэн. Гэхдээ зээлийн хүү нь үнэхээр зах зээлийн шударга өрсөлдөөнөөс гарч ирж байна уу, эсвэл зах зээл дээр буй монополь бүтэц нь нөлөөлж байна уу гэдэг бас л асуудалтай.
Тухайлбал, тэтгэврийн зээл болон цалингийн зээл байна. Энд бол цэвэр мөнгө хүүлэлт явж байна л гэж би хардаг. Тэтгэврийг нь төр, цалинг нь төсөв өөрсдөө мэдээд банкинд өгчихдөг болохоор зээл авч буй иргэдэд ямар ч сонголт байхгүй, банкны тулгасан хүүг л хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Уг нь эдгээр зээлүүдийн хувьд эргэн төлөлт нь бараг л эрсдэлгүй зээлүүд тул үүнд өндөр хүү тогтоогоод байх ч шаардлагагүй, банк дөрвөн хувийн маржин нэмэхэд л хангалттай гэж бодоход жилийн хүүг 18 хувьд, сарын хүүг 1.5 хувиас хэтрүүлэхгүй байх бүрэн боломжтой.
Тэгэхээр тэр бизнесийн зээлүүдийг зах зээлийн зарчимд нь орхиё гэж бодъё. Харин цалингийн болон тэтгэврийн зээлийн хүүгийн хувьд дээд хязгаарлалт зайлшгүй хийх хэрэгтэй, бүр энэ 2018 онд хэрэгжүүлэх хэрэгтэй. Манай улсын бүх тэтгэвэр авагчид, төсвийн бүх ажилчид зээлтэй байна. Эдгээрийн зээлийн хүүгийн дарамтыг багасгаж өгөхгүй бол зээлийн өрнөөсөө хэзээ ч гарахгүй болчихлоо. Зээл аваад ашиг орлого олоод байгаа бол өөр хэрэг, эдгээр нь зээл аваад улам л ядуураад байгаад л хамаг учир байна.
-Төвбанкны боловсруулсан хуулинд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож болно гэсэн заалт нь байхгүй. Их хурлын гишүүд л оруулчихсан санал юм билээ. Улс төр ороод байна уу гэж хардах хүмүүс байна л даа?
-Аливаа хуулийг гаргахдаа дагаж орж ирсэн хууль гэхээсээ илүү салбарынх нь бодлогыг барьдаг хуулинд оруулах ёстой байдаг. Тухайлбал, Үндсэн хууль бүх хуулиудын эцэг хууль. Эрх мэдлийн хуваарилалттай холбоотой асуудлыг хуульчлахын тулд Үндсэн хуулийн гол концепцийг авч байж хийнэ.
-2018 оны төсөв батлагдсан. Төсвийн өнгийг та хэрхэн тодорхойлох вэ. Гишүүн бүр л тойрог тойрог гээд гүйгээд байсан. Танай тойрогт хэр хэмжээний төсөв хуваарилагдав?
-2017 оны төсөвт гурван ч удаа тодотгол хийгдснээр төсвийн жил дуусч байна. Бид 2017 онд хэмнэлтийн горимд шилжсэн. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар, мөн Сангийн сайд нь маш сайн ажилласан. Бүтээн байгуулалтын ажил бага хийгдсэн ч өмнөх онуудад хийгдсэн ажлуудын санхүүжилтийг 100 хувь олгож байгаа. Энэ чинь өөрөө том хэмжээний хөрөнгө оруулалт. Хэмнэлтийн горимд шилжснээр энэ төсөв төлөвлөсөн хэмжээнээс нэлээд давж биелэх магадлалтай байна. Сүүлийн төсвийн тодотголоор эхний 10 сарын байдлаар 600 гаруй тэрбум төгрөг давсан. Нэгэнт давсан орлого орж ирсэн учраас тодотгол хийх нь зөв. Энэ тодотгол дээр төрийн албан хаагчдын 300 мянган төгрөгийн урамшууллын асуудал орж ирсэн. Дээр нь өвөлжилтийн асуудал яригдаж байгаа.
-Урамшууллын 300 мянгыг та дэмжсэн үү?
-Тухайн үед нь төсвийн тодотголыг батлаад явсан бол өвөлжилтийн бэлтгэл ажлыг аймаг, орон нутгийн түвшинд хийчих боломж байсан. Цас орж нөхцөл байдал хүндрэхтэй зэрэгцэн төсвийн тодотголоо баталснаар өвс, тэжээл татах зэрэг эрт хийгдэх ёстой байсан ажлууд одоо хийгдэж байгаа нь харамсалтай.
Төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөгийг цаад утгаар нь харахад эдийн засагт бага ч гэсэн тэлэлт өгч байгаа юм болов уу гэж бодсон. 300 мянган төгрөг авсан төрийн албан хаагч том зээлээ төлнө гэсэн асуудал байхгүй. Тухайн өрхөд хөрөнгө оруулалт хийлээ гэж ойлгож болно. Өнөөдөр аж ахуйн нэгжүүд бөөнөөрөө хаалгаа барьж, худалдан авалт алга болсон. Татварын байгууллагууддаа өртэй, өрнөөс өрний хооронд дөнгөн данган явж байна. 300 мянган төгрөгний буюу 55 тэрбум төгрөгийг урамшуулал хэлбэрээр олгосноор ядаж худалдан авах чадварыг сайжруулж байгаа юм. Худалдан авалт сайжирснаар эдийн засгийн эргэлт эрчимждэг. Томоохон аж ахуйн нэгжүүддээ биш юмаа гэхэд жижиг дунд аж ахуй эрхлэгчдэд том нэмэр болно гэж боддог. Төрийн албан хаагч 300 мянган төгрөгийг урамшуулал аваад түүнийгээ хадгаламжинд хийнэ гэж бараг байхгүй дээ. Өмсөх хувцас, идэх хоолондоо зарцуулна. Энэ чинь нэг удаа ч гэсэн эдийн засагт бизнес эрхлэгчдэд эерэг нөлөө үзүүлнэ. Тиймээс ерөнхий утгаар нь дэмжиж байгаа. Үүнээс цааш нийгэмд сөрөг мессэж дагуулдаг, халамжийн шинж чанартай, мөнгө тараасан ажлуудыг бага хийх хэрэгтэй. Хөгжлийн том төлөвлөгөөгөө гаргах ёстой.
Санхүүгийн асуудалтай зэрэгцээд яваад буй хариуцлагын асуудлаа дээшлүүл. Монголын ард түмэн тэвчээртэй, ухаалаг. Гэхдээ ард түмний тэвчээрийг барж байгаа юм шиг ажиллаж болохгүй. Энэ утгаараа 2018 оны төсөв өргөн цар хүрээг хамарч чадсан. Аймаг орон нутгийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Орон нутагт сургууль, цэцэрлэг баригдана гэдэг бол хүүхдүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдэж байна гэсэн үг. Нөгөө талдаа орон нутгийн ажилгүй иргэд хамрагдан ажлын байртай болдог.
-Та Ховд аймгаас сонгогдсон. Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв ирэх онд танай аймагт баригдана гэв үү. Хөрөнгө нь төсөвт суусан гэж байсан?
-УИХ-ын гишүүн болчихоод анх хөөцөлдсөн ажил биелэлээ олж байна. Монгол, Бельгийн Засгийн газар хоорондын зээлийн хэлэлцээрээр Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв байгуулах асуудал байсан. Монголын Засгийн газар 2.6 сая евро төлөөд 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авах юм. Ямартай ч Монголын талаас төлөх 2.6 сая еврогийн асуудлыг төсөвт суулгаж чадсан. 60 нэр төрлийн тоног төхөөрөмж ирэх юм билээ. 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжээд явна. Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв баригдснаар Ховд, Говь-Алтай, Увс, Завхан, Баян-Өлгий зэрэг аймгийн иргэд Улаанбаатарт ирэлгүй Ховд аймагт нарийн мэргэжлийн шинжилгээгээ өгч, эмчлүүлэх боломж нээгдэнэ. Мөн аймгийнхаа хил хамгаалалтыг сайжруулахад нэлээд том хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Аймгийн төв дээр 50 хүүхдийн ортой хүүхдийн эмнэлэг барих төсөв суугдсан. Спорт цогцолбор, соёлын төв гээд олон ажил хийгдэнэ.
-Тантай ойрд ярилцаагүй болохоор сүүлийн үед олны анхаарлыг татсан бүхий л сэдвийг хамарч ярилцахыг хичээж байгаа юм. Та анзаарсан бол цаазын ялыг сэргээх асуудал яригдаж байна. Та ямар байр суурьтай байна вэ?
-Олон улсын ялын бодлого, Монгол Улсын ялын бодлого гэж байх ёстой. Монгол Улс олон улсын гэрээ, пактын дагуу цаазын ялаас татгалзсан. Үнэхээр сэтгэл сэртхийлгэм хэргүүд гарч байна уу гэвэл тийм. Хүний амьд явах эрх, эрх чөлөөтэй холбоотой олон асуудлууд дээр сэтгэл өвдөж байгаа. Хүний эрхийг хязгаарлана гэдэг бол зүгээр нэг ярьчихдаг юм биш. Өмнө нь манай улс цаазын ялыг хэрэглэж ирсэн ч цаазын ялгүй орон болсноо дэлхийд зарласан. Одоо бол шинээр батлагдсан Эрүүгийн хуулиар бүх насаар нь хорих ял оноох болсон. Хууль хүчний байгууллагууд хүний эрхтэй холбоотой судалгааг олон талаас нь гаргах ёстой. Чанга хатуу ялын бодлого байлаа гээд гэмт хэрэг буурч байна уу гэдгийг тодорхой болго. Миний хувьд чанга хатуу ял байх нь зөв гэж боддог. Хийсэн хэрэгт нь тохирсон ял оноох нь шударга зарчим. Цаазын ялыг хэрэгжүүлснээр гэмт хэргийн бууралт яаж гарахыг судалгаа шинжилгээний холбогдох байгууллагууд гаргах ёстой. Бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотойгоор цаазын ялыг сэргээе гэж байгаа юм шиг байна лээ. Хүний язгуур эрхийг зөрчинө гэдэг хэрцгий үйлдэл. Тэр үүднээс Ерөнхийлөгч өөрийн саналаа хэлсэн байх. Олон улсын жишгийг харж асуудлаа шийдэх хэрэгтэй болов уу. Хуулийн төсөл өргөн барих эрх бүхий субьектуудын эрхэнд халдах ёсгүй. Ямар ч хууль өргөн барьж болно. Хамгийн гол нь Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцсэн байх ёстой.
-БНСУ-д Монголыг төлөөлөн суух Элчин сайдад Б.Хурцын нэр орж ирсэн. Үүнтэй холбоотой маргаан үргэлжилж байгаа. Нийтийн сонсгол хийнэ гэсэн одоогоор сураг алга. Та ямар бодолтой яваа бол?
-Төрийн албаны өрөөнд төрийн ажил, хувийн аж ахуйн ажлын өрөөнд хувийн аж ахуй, гэртээ гэр бүлтэйгээ холбоотой асуудлыг ярих ёстой. БНСУ-д Элчин сайдаар суух Б.Хурцын асуудал яригдаж байна. Би энэ хүнийг танихгүй. Таних ч шаардлагагүй. Гэхдээ улсын нууцтай холбоотой, хууль зөрчсөн үйлдэл байгаа бол ярих нь зөв. Нийтийн сонсголыг дэмжиж байгаа. Аливаа албан тушаалтан, иргэнийг сонсолгүйгээр хэлмэгдүүлж байж болно шүү дээ. Нийтийн сонсгол гэдгийг буруутай хүн орж ирээд мэдүүлэг өгдөг асуудал биш. Нийтийн сонсгол хийх эрх нь хуулиар олгогдсон эрхтэй. Нийтийн сонсгол хийвэл асуух асуулт ч байна. Үнэн мөнийг нь олох гэж хичээе. Түүнээс биш хэн гэдэг хүн орж ирэх нь тийм сонин биш.