Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал энтертаймент-ертөнц

О.Анужин: Балетын урлаг маш их тэвчээр шаарддаг || DNN.mn

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин О.Анужинтай ярилцлаа.


-Яагаад “Балет” гэх энэхүү сонгодог урлагт дурлах болов?

-Балетын урлагт дурлах болсон шалтгаан нь манай ээжийн найз Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Наранханд гэх балетчин эгчийн балетыг үзээд маш их таалагдсан учраас балетын урлагт орохоор шийдсэн. Тэгээд Хөгжим бүжгийн коллежид Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Оюун багш маань намайг шалгаж, 10 настай байхдаа сургуульдаа орж байсан.

-УДБЭТ-т орсон үеэс тань хойш 12 жил өнгөрчээ. Анх театрт ажиллах ямар байв, юу нь хэцүү байв?

-Анх театрт ажиллах мэдээж хэцүү байлгүй яах вэ. Яагаад гэвэл Хөгжим бүжигт сурч байхад зөвхөн балетад мэргэшихийн тулд дасгал сургуулилт хийдэг. Балетын жүжигчин болох үедээ жүжигт оролцоод жүжгийг гоцолж эхэлдэг. Тэгснээр ур чадвар, хүчин чармайлт, шаргуу бэлтгэл сургуулилт гээд маш олон зүйлсийг шаарддаг. Мөн сахилга бат, өөрийн юманд ямар хариуцлагатай хандах ёстой вэ, бусадтай харьцах харилцаа гэх зэрэг ч чухал. Тухайн үед дасахад маш хүнд санагддаг байсан. Одоо бол маш таатай, гайхалтай газар ажилладагтаа баярладаг.

-“Хунт нуур” эмэгтэй балетчдын мөрөөдөл шүү дээ. Анх “Хунт нуур”-т тоглоход ямар мэдрэмж төрж байв?

-Анх удаа бүжгэн жүжигт тоглоход маш их сандарч байсан. Тэгээд амжилттай сайхан тоглох юмсан л гэж бодож байсан даа. Ямар ч дүр байсан олон тоглоод туршлагатай болоод эхлэхэд илүү дүр тал дээр анхаардаг болдог.

-Та балетын урлагийн гоцлол бараг бүх дүрүүдэд ажилласан гэсэн үү. Ямар дүрүүдийг бүтээж байсан бэ?

-Ер нь бол бүх балетын гол дүр бүтээсэн байх шүү. Тоглоогүй дүр гэвэл “Шехерезада”, “Чойжид дагина” балетад тоглож үзээгүй байна. Үлдсэн бүх балетуудад гол дүрийг бүтээсэн.

-Балетчин хүн ямар дүр бүтээж байгаагаас шалтгаалан сэтгэл зүйн байдал их чухал нөлөөтэй шүү дээ. Сэтгэл зүйгээ хэрхэн барьж тогтвортой байлгадаг вэ?

-Олон жил бүжиглээд ирэхээр хувь хүн өөртэйгөө ажиллаад өөрийгөө ямар мэдрэмжтэй, юуг хүсч байна гэдгээ маш сайн мэдэрдэг болчихдог. Маш тайван байхыг хичээдэг. Мэдээж зарим үед бэлтгэл сургуулилт муу, хөл, гар өвдөөд бэлтгэлээ хийж чадахгүй, сэтгэлээр унах, гэр оронд асуудал гарах үеүд ч байна. Жүжигчин хүнд хамгийн чухал зүйл нь хэзээ ч юу ч тохиолдсон байнга бэлтгэлээ хийж байх ёстой юм. Чин сэтгэлээсээ бэлтгэлээ хийгээд явахад тоглолт дээр айх зүйлгүй байдаг. Стресстээд, бухимдсан үедээ дасгалаа хийж тайвширлыг олж авдаг.

-Хэдэн наснаасаа эхэлж балетын урлагаар хичээллэж эхлэх нь тохиромжтой вэ?

-Балетын урлагаар хэдэн наснаас ч эхэлж хичээллэж болно. Одоо үед ихэвчлэн 2-3 настайгаасаа эхэлж хичээллэдэг болсон. Мэргэжлийн сургууль буюу Хөгжим бүжгийн коллеж бол 10 наснаас нь эхлэн сурагчдыг шалгаруулж авдаг. Тэгэхээр өмнө нь хувиараа студид, эсвэл хувийн багш дээр ч хичээллэж болно.

-Балетаар хичээллэх нь биеийн гоо сайханд нөлөөлөхөөс гадна ямар давуу талтай вэ?

-Балетын урлаг бол маш олон давуу талтай. Зөвхөн биеийн гоо сайхнаас илүүтэй дотоод гоо сайхан, биеийн галбир, өөрийгөө илэрхийлэх чадвар, өөртөө итгэх итгэл мөн хөгжим сонсох, хөгжмийг мэдрэх мэдрэмж сайжирдаг. Тэгэхээр балетын урлагаар хичээллэх нь маш олон давуу талтай.

-Балетаар хичээллэхийн юу нь хамгийн хэцүү байдаг вэ?

-Би бүх л мэргэжил ямар нэг хэцүү чанартай байдаг гэж боддог. Балетын урлагийн хувьд онцлоход маш их тэсвэр тэвчээр шаарддаг. Учир нь хөл гар бэртэнэ, цэврүү үүснэ, техник ур чадварынхаа зүйлсийг хийж чадахгүй үе олон тохиолдоно. Тэр үед тэвчээртэйгээр өөрийн болгохын тулд өөрөөсөө маш их эрч хүч, сэтгэл зүрхийг гаргах хэрэгтэй. Саяхан манай багш надад “Хөгжимчин хүнд хөгжим хөгжмийн зэмсгийг яаж тоглохыг заадаг. Балет бол өөрийн тархи толгойгоор өөрийнхөө биеийг удирдахын хамтаар гоо зүйн өндөр түвшинг үзүүлэхийг хичээдэг. Тиймээс балет маш их хичээл зүтгэл шаардагддаг нарийн урлаг” гэж хэлж байсан.

-Хооллолт ч гэсэн чухал нөлөөтэй юу?

-Мэдээж хүн амьд явахад хамгийн чухал нөлөөтэй зүйл бол зөв хооллолт. Тийм учраас бүх л хүн зөв хооллод анхаарч эрүүл мэндээ бодох хэрэгтэй.

-Та одоогоор юунд анхаарч төлөвлөж ажиллаж байна?

-Одоо манайх удахгүй “Жизель” балетыг цоо шинэ дэглэлттэйгээр тайзнаа амилуулах гэж байна. Одоогоор миний хамгийн их анхаарч буй ажил бол “Жизель” балет байна. “Жизель” балетдаа амжилттай тоглохын тулд маш их бэлтгэл, сургуулилт хийж, сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй. Тун удахгүй дөрөвдүгээр сарын дундуур тоглогдохоор төлөвлөгдөж байна.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Ажлын нэг өдөр тоглож буй жүжгээс хамааран янз бүр байдаг. Манайх бол өөрсдөө цагийн хуваарьтай гардаг. Ямар ч байсан ажил дээр өглөө 10:00 цагаас бүгд нэгдсэн дасгал хийдэг. Зарим үед эрэгтэй, эмэгтэйгээрээ салаад нэгдсэн дасгал хийдэг. Балетын урлаг ч гэлтгүй бүжгийн урлагт хамгийн чухал зүйл дасгал. Дасгал хийх хугацаандаа маш сайн гүйцэтгэлтэй, өөрийнхөө биеийг дасгаж, техник зэрэг бүх зүйлсийг давтаж хийх ёстой. Дасгалаа сайн хийдэг бүжигчин тайзан дээр маш сайн бүжигчин байж чаддаг. Тийм учраас өглөө 10:00 цагаас бид бүгд дасгалаа хийж ажлын нэг өдөр эхэлдэг дээ. Үүний дараа 11:30 цагаас дараачийн дуудлагууд явагддаг. Дараачийн дуудлагууд жүжгээсээ хамаараад заримдаа бүтэн жүжиг явна, заримдаа “Хунт нуур”-ын гол дүрүүдийн бэлтгэл явна. Үргэлжлүүлэн ямар бэлтгэл сургуулилт хийх шаардлагатай вэ гээд өдөр бүр өөр дуудлага гардаг.

-Та ирээдүйд юуг зорьж байна вэ?

-Миний зорилго гэвэл Монгол Улсын сонгодог урлаг тэр дундаа балетын урлагийг 200-300 жил хөгжсөн томоохон улс орнуудтай дүйцэхүйц хэмжээний мундаг балеттай болгохыг хүсдэг. Балетын урлагийг хөгжүүлэхэд би өөрийн бүх чадлаараа хичээж, хувь нэмрээ оруулан зүтгэсээр байх болно гэж боддог.

-Та балетаар хичээллэх гэж буй хүүхдүүд болон эцэг эхчүүдэд хандан юуг зөвлөх вэ?

-Балетаар хичээллэх гэж буй хүүхэд залуучууд, эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд, хэрвээ та мэргэжлийн балетчин болгох гэж байгаа бол зорьсон зорилгынхоо төлөө эргэж буцалтгүйгээр урагшилж, ямар ч хүнд хэцүү зүйл таарсан аз жаргал болгож харах хэрэгтэй. Хүнд хэцүү, бэрхшээлийг даван туулахгүй бол балетын мэргэжлийн бүжигчин болох ямар ч боломжгүй. Тиймээс мохохгүйгээр, буцахгүйгээр зорьсон зорилгынхоо төлөө бүх зүрх сэтгэлээ дайчлан хичээх хэрэгтэй. Ер нь мэргэжлийн хүүхдүүд, сонирхогч ч байсан хамгийн том анхаарах зүйл бол мэдээж багш юм. Аливаа зүйлд багш хамгийн чухал байдаг. Ялангуяа балетын урлагт хамгийн чухал зүйл нь багш. Ямар багшийн шавь байхаас шалтгаалаад чи одоо, ирээдүйд ямар балетчин болох вэ гэдэг чинь шийдэгддэг учраас багшийгаа зөв сонгоорой гэж зөвлөх байна.

-Балетын урлаг манай оронд хөгжиж байна уу. Таны бодлоор ямар түвшинд явж байгаа вэ?

-Балетын урлагийг хөгжүүлэх гэж дуурийн театрын балетын анги, бүх балетчид маань хичээж байгаа. Хөгжим бүжгийн коллежийн сонгодог урлагийн багш нар, сонгодог урлагаар хичээллэж буй хүүхдүүд энэ бүх хүний хичээл зүтгэл бол балетын урлагийг Монгол Улсдаа хөгжүүлж дэлхийн түвшинд аваачих шүү дээ. Манайх Азидаа цорын ганц академик театртай. Тиймээс манай улсын балет маш өндөр түвшинд байгаа.

-Тэгвэл энэ урлагийг цаашид хөгжүүлэхэд юу хийх шаардлагатай вэ?

-Хамгийн чухал зүйл бол бид театртаа гайхалтай шинэ уран бүтээлүүдтэй болох. Тиймээс манай УДБЭТ-ын ерөнхий найруулагч Д.Дашлхагва багш маань олон балетуудыг дэглэн найруулж байгаа.

Хамгийн гол нь уран бүтээлүүд маань шинэчлэгдэн олон болох ёстой. Түүний дараа бид гадагшаа аялан тоглолтуудаар явж бусад улс орнуудад “Манайд балетын урлаг ингэж хөгжсөн шүү” гэдгээ үзүүлж харуулж, тухайн газрынхаа балетын урлагийн хүмүүстэй холбогдож туршлага солилцох ёстой. Мөн мэргэжлийн олон мундаг багш нар байх ёстой. Ажилчдын ажиллах орчин нөхцөл ч сайн байх ёстой. Ажиллах орчин нөхцөл бол хамгийн чухал.

Мэргэжлийн эмч массажист, пилатис, жим, балетын дасгал гээд энэ бүгд хосолж байж энэ урлаг тайзан дээр маш гайхалтай гоо сайхныг үзүүлж, гайхалтай үзэмжийг харуулж, гайхалтай мэдрэмжийг авдаг болчихсон шүү дээ. Тийм учраас орчин нөхцөл хамгийн чухал.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *