Categories
мэдээ цаг-үе

О.Амартүвшин: АН-ын өмнөх удирдлагууд “Би бол ардчилал” гэж гүйсээр авлига, албан тушаалын хэрэгт орж ардчиллыг муухай харагдуулсаар ирсэн

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүн О.Амартүвшинтэй ярилцлаа.


-Та АН-ын даргад нэр дэвшиж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. яагаад энэхүү сунгаанд оролцох болов?

-2016 оноос хойш намын шинэчлэл нэлээд өргөн цар хүрээтэй эхэлсэн. Энэ хугацаанд нам дотоод шинэчлэлтэйгээ нэлээд зууралдлаа. Мэдээж шинэ зүйлд сайн, муу тал зэрэгцэн байдаг. Их хурлын сонгууль ардчиллыг үгүйсгэсэн сонгууль биш гэж харж байгаа. Энэ сонгууль бидэнд дүнгээ тавьсан. Намын удирдлагууд бодлого үйл ажиллагаагаа нийгэм, ард иргэд рүүгээ хандуулж чадаагүй нь алдаа болсон гэж дүгнэж байгаа. Бидэнд хэн нэгнээс буруу хайх шалтгаан байхгүй. Нийгэм АН-ыг шинэчлэгдээсэй гэж үнэхээр их хүсч байсан.

Энэ хүлээлтийг нь бид ажил хэрэг болгож чадсангүй. Түүнчлэн АН сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж чадсангүй. Тэгэхээр бид ард түмний сонголтод дүгнэлт хийх ёстой. Ардын нам нийт сонгуулийн насны иргэдийн 33 хувийн саналыг л авсан. Цаана нь 67 хувь буюу 10 хүний долоо нь ямар нэгэн байдлаар дэмжээгүй гэж хэлж болно. 1990 онд ардчилал гарснаас хойш 30 жил өнгөрчээ.

Манай улсад ардчиллыг авчирсан ардчиллын партизанууд гэх хүмүүс бий. Эдгээр хүмүүс маань “Би бол ардчилал” гэдэг зүйлийг ярьсаар ирсэн. Ер нь ардчилал гэж хувь хүн, хэсэг бүлэг хүмүүсийн асуудал биш, хүн төрөлхтний эрх чөлөөний тухай ойлголт юм гэдгийг бид ойлгож байна. Яг энэ цаг үед ардчиллын дараагийн хувьсгалыг хийж, ардчиллын шинэ давлагааг өрнүүлэх шаардлагатай. Ялангуяа нийгмийнхээ хүлээлт, иргэдийнхээ хүсэл эрмэлзлийг ойлгож удирдах ёстой. АН-ыг шинэчлэх гэдэг нь Монголын нийгмийг шинэчлэх тухай ойлголт. Хүн бүрийн хүсэл эрмэлзлийг зөв залах, чиглүүлэх, удирдах, тэд нартай хамт ажиллах юм байна гэж ойлгоод байгаа. Энэ утгаараа намын шинэчлэлийн төлөө хамтдаа байя гэж зориод энэ сунгаанд оролцож, манлайллаа ил болгосон.

-АН-ын бодлого үйл ажиллагаа хэсэг бүлэг хүмүүсээс болж иргэдэд хүрч чадаагүй гэлээ. Яагаад вэ?

-Ардчилсан үзэл санаа гэдэг бол бүх нийтийн итгэл үнэмшил, үнэт зүйл шүү дээ. Үг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө сайн сайхан амьдралд тэмүүлэх гэдэг бол бүх нийтийн хүсэл эрмэлзэл. Энэ бол хэн нэг хүн өмчилдөг зүйл биш. Манай өмнөх удирдлагуудын нэг алдаа нь үүнийг өөрсдөө өмчлөх гэж оролдсон нь юм. Би ардчиллыг авчирсан, тэгэхээр би ардчилал юм аа гээд л. Тэр хүмүүс маань ямар нэгэн байдлаар авлига албан тушаал, ашиг сонирхлын зөрчилд маш их орж байна. Үүнээс улбаалаад ардчилал гэдэг муу муухай зүйл гэдэг ойлголт шинэ үеийнхэн дунд бий болоод байна шүү дээ. Үүнийг үгүйсгэж, зөвөөр ойлгуулахыг зорьж байна. Ардчилал бол хувь хүн, хэсэг бүлэг хүмүүсийн өмчилдөг зүйл биш, хэн нэг хүн албан тушаалд хүрдэг шат ч биш. Энэ бол нийтээрээ хүн байхын суурь үнэт зүйл, философи юм. Тийм болохоор ингэж өнгөрсөнтэйгөө зууралдах шаардлагагүй. Хүн болгон өнгөрсөнтэйгөө зууралдаад байвал хэзээ ч урагш алхахгүй. Тэгэхээр бид урагшлахын тулд бие биенийгээ нөхөж хамтдаа урагшлах ёстой. Ер нь хүн болгон өчигдрөөсөө илүү сайхан амьдрахыг хүсдэг шүү дээ. Тэгэхээр хамтдаа урагшилцгаая. Нийтийн ашиг сонирхолд нийцүүлж, тэднийг зөв чиглүүлэн манлайлах нь гарцаа байхгүй бидний хийх цаг үеийн зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал болоод байна. Аль ч улс орон ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө шийдлээ зөв гаргаж, санаа бодлыг нь сонсдог байж л урагшилна. Илүү тэгш боломж, эрх олгогдох ёстой. Энэ бүгдийг харахад бид яг л ард иргэдтэйгээ хамт нийгмийн шинэчлэлийн төлөө урагшлах ёстой гэдгийг хатуу ойлгож, баримтлах ёстой юм байна гэж ойлгоод байгаа.

-Сүүлийн хоёр сонгуульд АН ялагдлаа. Энэ шинэчлэлийн давлагааг хэрхэн хийх юм бэ?

-Эхлээд бид албан тушаал, ашиг сонирхол, хүн гэж тойрч ярихаа болимоор байгаа юм. Бид илүү асуудлын мөн чанар руу орж, иргэд яг юу хүсээд байгаа юм, ардчилал гэж яг юу юм, бид нарын ярих сэдэв яг юу вэ, энэ сэдвийг хэрхэн сайжруулж, урагшлуулах юм гэдэг дээр бид нарын үнэт зүйл нийлэх ёстой. Яаж ганцаараа биш, нийтээрээ асуудлаа зөв ойлголцдог болж, үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ нэгдэж, үүнийг хэрхэн нийгмийнхээ үзэл санаа болгох ёстой юм. Ардчиллын туйлын давуу тал бол асуудалд хүн болгон хамаатай гэж үздэгээс л эхэлдэг. Харин эсрэгээрээ зөвхөн надад хамаатай гэчихвэл болохгүй шүү дээ. Хүн бүрт байгаа хүсэл мөрөөдлийг хэрхэн зөв нэгтгэж, хөгжил гэж яг юу юм, тэр рүү хэрхэн зөв манлайлах ёстой юм гэдгээс бүх юм эхэлнэ.

-АН-ын шинэчлэлийн эргэн тойронд олон зүйл яригдаж байна л даа. Үүний нэг нь АН-аас салбарласан, нэг үзэл баримтлалтай намуудыг нэгтгэх. Энэ асуудалд таны санаа бодол ямар байдаг вэ?

-Эв нэгдэл гэдэг хамгийн чухал. Ер нь хүн тойрсон нийгмийн систем айхавтар оршин тогтонодоггүй. Харин нийгмийн асуудлыг яаж зөв шийдэх вэ гэдэг дээр бодлогын мэтгэлцээн явдаг. Өнөөдөр Монголд яг тийм зүйл байна уу гэвэл алга болчихжээ. Бидэнд олон том суурь өгөгдлүүд байна. Гэтэл яагаад хөгжлөөрөө дэлхийд 140-д яваад байгаа юм. Цаана нь маш олон асуудал харилцан уялдаа холбоотой хөврөөд байна шүү дээ. Бид яаж хөгжлийг илүү зөв болгож, түргэтгэх ёстой юм. Энэ болгонд улс төрийн намд олон жил буглаж ирсэн нөгөө нэг авлига, албан тушаал, ашиг сонирхол, эд хөрөнгөнд хүрч нийгмийн баялгийн хуваарилалтад оролцох боломж гэж харж ирсэнтэй л энэ бүх болж бүтэхгүй зүйлс уялдаатай. Энэ ойлголтоос бид яаж салах ёстой юм. Намын гишүүд гэхэд л энэ намд байгаад байх юм бол би нэг ажилд очно доо гэж ойлгож байна. Харин эсрэгээрээ энэ намыг сонговол бидэнд илүү зөв боломж олгоно ч юм уу, иймэрхүү хандлагын өөрчлөлтийг хийх цаг нь болжээ.

-Эдийн засаг элгээрээ хэвтэж, өвчин зовлонтой хүнд цаг үе ирээд байна. Энэ үед Соёлын яам байгуулсан нь цаг үеэ олж чадав уу?

-Улс орон эхлээд өчигдөр байсан зүйлээ маргааш сайжруулах тухай ярих ёстой. Намууд бодлогын уралдаанд орох доо “Бид эрүүл мэндийг ингэж сайжруулна, боловсролыг тэгж сайжруулна” гэж ярьдаг. Гэвч энэ болгон мөнгөн дээр суурилдаг. Ямар ч орлогогүй, цалингаа ч тавьж чадахгүй байж бид эрүүл мэндийн систем, өв соёл ярина гэдэг хүнд шүү дээ. Тэгэхээр бид боломжоо тэлэх нь хүссэн хүсээгүй эдийн засгийн асуудал болж байгаа юм. Худалдаа эдийн засаг хөгжлийн асуудал, аж үйлдвэрийн асуудлаа бид тэлээд аль болох олон хүнийг ажлын байртай болгож, цалин орлогын бүтээмжийг нь сайжруулж байж, улсын сан хөмрөг чинь өснө. Зөвхөн уул уурхайн түүхий эдийн экспортод найдаж болохгүй шүү дээ. Уул уурхайн түүхий эдийн бүтээн байгуулалтын салбарт нийт хүн амын ес хүрэхгүй хувь л ажиллаж байгаа шүү дээ. Цаана нь 90-ээд хувь нь боловсруулах, хүнд, хөнгөн үйлдвэр, ХАА, аялал жуучлал гээд бусад салбарт ажилладаг. Тиймээс зөв эдийн засгийн менежмэнт хийж байж хүмүүсээ цалинтай орлоготой байлгаж, цалин хөлсийг нь тавина. Ингэж байж татвараар орж ирэх төсвийн орлого нэмэгдэнэ. Тиймээс цаг үе нь мөн байсан уу гэдэг асуудал байгаа юм. Одоо улсын эдийн засаг улам л хүндэрнэ. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Засгийн газар сайн ажиллаж чадсангүй шүү дээ. Тэгэхээр Эдийн засаг, хөгжлийн яам маш чухал байсан юм. Соёлын яам энэнээс чухал байсан уу гэвэл үгүй. Эдийн засаг, хөгжлийн яамыг шинэ Засгийн газар байгуулсангүй. Сангийн яам хямралтай тэмцэж чадахгүй. Сайд нь маш коммунист арга барилтай, нээлттэй эдийн засгийн бодлого гэдгийг ойлгодоггүй хуучинсаг хүн томилогдсон.

-Төсөв тодотгохгүй гэж хэдэнтээ мэдэгдэж байсан сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвийн орлого 1.3 их наядаар тасарлаа, одоо тодотгохоос аргагүй гэчихлээ. Төсвийн орлого тасрах нь тодорхой гэж танхимаас хэд хэдэн удаа мэдэгдсэн байх аа?

-Тэгсэн. Тэр үед нь тоогоогүй байж одоо тэгж мэдэгдээд суугаад нь гайхаж байна, үнэндээ. Хэд дэх удаагаа ч билээ тоог нь зарлаж байгаад төсөв тодотгохгүй гэж гүрийж суусан хүн шүү дээ. Гэтэл одоо төсвөө тодотгох ёстой гэчихсэн суугаад ганц би ч биш олон хүн гайхаж байгаа байх. “Ковид-19” вирустэй холбоотой эдийн засгийн хүндрэл зургаан сар үргэлжиллээ шүү дээ. Танхимаас удаа дараа судалгаа хийж, цаг алдалгүй арга хэмжээ аваач, эрсдэлийг бууруулах менежмэнтээ зөв хийгээч гэж Засгийн газарт олон удаа хандсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх бидний тавьсан асуудлуудыг дэмжиж хүлээн авсан. Ний нуугүй хэлэхэд Сангийн яам асуудлуудыг гацаасан.

-Компаниудын үйл ажиллагаа, нөхцөл байдал ямаршуухан байна, яг одоо?

-Бид Монголбанктай хамтраад хамгийн сүүлийн үеийн судалгаа хийсэн. Арван компанийн долоогийнх нь үйл ажиллагаа хүндэрчихэж. Иргэдийн 53 хувь нь хэрэглээгээ хумьсан байна. Эрэлт багасчихаар эдийн засаг хумигддаг зүй тогтолтой.

-Аль салбарт энэ хямрал илүү гүн нөлөөлж байна вэ?

-Аялал жуулчлалтай холбоотой зочид буудал, нийтийн хоол, үзвэр үйлчилгээ гэх мэт салбарууд асар хүндэрсэн. Хөнгөн үйлдвэрийн салбар маш хүнд байгаа. Наад захын жишээ гэхэд л ноолуур байна. УИХ-ын баталснаар бол ноолуурын салбарыг 500 тэрбум төгрөгөөр дэмжих учиртай. Өнөөдөр тэр мөнгө хаана байгаа, яасан ийсэн нь мэдэгдэхгүй болчихлоо. Махны салбар хэцүүдсэн. Экспортыг нь зогсоогоод бараг жил шахуу болчихлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *