Categories
мэдээ туслах-ангилал

Нярай хүүхдэд нойр хэр чухал вэ? DNN.mn

Амьдралын эхэн үе буюу эхний 1000 хоног цаашлаад бага насны хүүхдэд тархи, бие махбодын болон бусад бүхий л эрхтэн тогтолцоо, дархлааны систем тогтох зэрэг чухал үйл явц өрнөдөг тул маш сайн унтах хэрэгцээ гардаг. Учир нь хүний хөгжлийн үйл явц зөвхөн унтаж байх үед явагддаг байна.

Нярай (0-11 сартай)

NSF буюу Нойр Судлалын Нийгэмлэг нь нярай хүүхдийг өдөр бүр 14-17 цаг унтдаг байхыг зөвлөдөг. Нярай хүүхэд өдрийн ихэнх цагийг унтаж өнгөрүүлдэг бөгөөд хооллох үедээ сэрдэг. Нярай шөнийн турш сэрэхгүйгээр бат бөх унтах нь ховор байдаг. Иймд нярайг шөнийн цагаар бат бөх нойр авхуулахын тулд өдрийн цагаар унтах хугацааг тооцож, нярайн нойрны чанар, өдөрт хэдэн цаг унтаж буйг анхаарах нь чухал.

Бага насны хүүхдүүд (1-2 нас)

Энэ насны хүүхдүүдийг өдөрт 11-14 цаг унтаж байхыг зөвлөдөг. Тэдний нойр нярай үетэй харьцуулахад багасаж, өдөрт ойролцоогоор 1-2 цаг унтдаг. Энэ насны эхэн үед өдөрт хоёр удаа дугхийх нь хэвийн үзэгдэл боловч хоёр наснаас дээш хүүхэд өдөрт нэг удаа дугхийх нь хэвийн үзэгдэл гэж үздэг.

Сургуулийн өмнөх (3-5 нас)

3-5 насны хүүхдүүд өдөрт 10-13 цаг унтах ёстой. Ингэснээр өдрийн турш дугхийх хугацаа богиносож, сэргэлэн цовоо байдаг.

Сургуулийн нас (6-13 нас)

Сургуулийн насны хүүхдүүд өдөрт 9-11 цаг унтах хэрэгтэй байдаг. Харин Америкийн нойрны анагаах ухааны академи нойрны дээд хязгаарыг 12 цаг гэж үзжээ. Түүнчлэн бага ангийн хүүхдүүд дунд болон ахлах сургуульд сурч байгаа хүүхдүүдээс илүү их унтах шаардлагатай байдаг байна.

Хүүхэд дугхийх нь хэвийн үзэгдэл үү?

Ихэнх бага нас болон сургуулийн өмнөх насны үед өдөр дугхийх нь хэвийн үзэгдэл юм. Энэ насанд өдөр дугхийж амарснаар хүүхдийн ой санамж, сэтгэн бодох чадвар хөгжихөд тустай. Нярай үетэй харьцуулахад дугхийх хугацаа богино байдаг. Учир нь хүүхдүүд цэцэрлэг, сургуульд явж хүмүүжиж эхлэх үед өдрийн тодорхой цагт унтаж хэвшсэн байдаг.

Хэрэв таны хүүхэд нойр муутай бол ямар арга хэмжээ авах вэ?

Бага насны хүүхдүүдийн 25% нь нойрны хямрал эсвэл өдрийн цагаар хэт их унтдаг. Эдгээр асуудал нь сургуулийн насны хүүхдүүд, өсвөр насныханд ч нөлөөлж болно. Нойрны хямралын шалтгаан нь харилцан адилгүй байдаг тул хүүхдийн эмчид хандахыг зөвлөж байна.

Хүүхдийг бат бөх унтуулахын тулд:

  • Харанхуй, нам гүм, агааржуулалт сайтай өрөөнд тав тухтай орон дээр унтаж амрах
  • Орондоо орохын өмнө цэнхэр дэлгэцийн хөх туяа харахгүй буюу гар утас, компьютер оролдохгүй байх
  • Өдөр болгон тодорхой нэг цагт унтаж, нэг цагт босож байх шаардлагатай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *