Categories
мэдээ цаг-үе

Нярай хүүхдэд хөгжилтэй орнуудын жишгээр эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх боломж нээгдлээ

JCI Монгол байгууллагын санаачлагаар Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)-тэй хамтран “Save life” төслийн гуравдугаар шатыг хэрэгжүүллээ. Нярайн мэс заслын дараах тасгийн байрыг өргөтгөж, их засварын ажил хийж, олон улсын стандартын шаардлагад нийцсэн тохижилтыг хийв. Уг төсөл нь 2018 онд 120 сая төгрөгний төсөвт өртгөөр хэрэгжүүлжээ.

Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр ярихдаа “Жилд хоёр удаа Эрүүл мэндийн яамны хурлаар монгол эх хүүхдийн эрүүл мэндийн хөгжлийн байдлыг авч хэлэлцдэг. Эрүүл мэндийн яамнаас эхний зургаан сарын статистик дүн мэдээг танилцуулж, авах арга хэмжээнийхээ чиглэлийг тодорхой болгосон байгаа. Монгол Улсын эх хүүхдийн эрүүл мэндийн хувьд 2-3 том үзүүлэлт байдаг. Эхийн эндэгдэл, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн бүх үзүүлэлтэхний зургаан сарын байдлаар буурсан. 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн зонхилж байгаа шалтгаан нь төрөх тойрны үед үүссэн эмгэг хүмүүсийн ярьдгаар хүчил төрөгчийн дутагдал, нярайн үед үүссэн эмгэгүүд, төрөлхийн хөгжлийн, амьсгалын тогтолцооны, зүрх судасны тогтолцооны эмгэг болон осол гэмтэл ордог. Сүүлийн таван жилийн дунджаар авч үзвэл 1400 орчим хүүхэд эндэж байна. ДЭМБ-аас эндэгдлийг дотор нь хоёр хуваадаг. Сэргийлж болох, сэргийлж болохгүй эндэгдэл гэж. Сэргийлж болох эндэгдлээр нас баралтыг 2030 он гэхэд тэглэх зорилгыг дэлхий нийтэд уриалсан. Сэргийлж болох эндэгдэлд амьсгалын тогтолцооны эмгэг, уушигны хатгалгаа, осол гэмтэл, зам тээвэр ахуйн гэх мэт ослууд орно. Сэргийлж болох насбаралтыг хэрхэн бууруулж болох тал дээр ажиллаж байна” гэсэн юм.

Хөтөлбөрийн хүрээнд хандивласан аппаратууд нь даралт, пүүлс, халуун хэмждэг. Бүх дуслын системүүд хоногийн 24 цаг тасралтгүй мэдээлэх, хянах юм. JCI Монгол байгууллагын 2018 оны үндэсний ерөнхийлөгч М.Батбаяр энэ үеэр JCI Монгол байгууллага нь JCI байгууллагын гишүүн. НҮБ-ын статустай Монгол дахь ганц байгууллага юм. НҮБ-аас 2030 он хүртэл зарласан тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд дэлхийн бүх JCI байгууллагын үйл ажиллагаа явуулдаг. Бид ЭХЭМҮТ-тэй хамтран гурав дахь шатны ажлаа хийгээд байна. Хагалгааны дараах эрчимт эмчилгээний тасгийг тохижуулж, өргөтгөж өглөө. Урьд нь зургаан ортой байсан. Одоо 12 ортой болсон. Бусад хамтрагч байгууллагуудтай нийлээд 120 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийлээ. Цаашид 2020 он хүртэл ЭХЭМҮТ-ийн хамт олонтой хамтран энэ төслөө хэрэгжүүлнэ гэлээ.

НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэх “Монгол Улсад мэндэлж байгаа нярай хүүхдэд хөгжилтэй орнуудын жишгээр эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх” үндсэн зорилготой. Уг төслийг JCI Монгол байгууллагаас санаачлан ЭХЭМҮТ-тэй 2005 оноос эхлэн нярайн эндэгдлийг бууруулахад, урт хугацаанд тогтвортой, үр дүнд хүрэхээр зорилт тавин хамтран ажиллаж байна.

Seva life” төслийн нэгдүгээр шатны дүнд: 2016 оны байдлаар Монгол Улсын нярайн эндэгдэл 19.1 хувиас 5.6 хувь хүртэл буурчээ. 1987 оноос хойш засвар хийгдээгүй байсан ЭХЭМҮТ-ийн дутуу нярайн эрчимт эмчилгээний тасагт иж бүрэн засвар хийж, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийг 2015 онд суурилуулсан юм. Үүний дүнд Монгол Улсын хэмжээнд жилд 15 дутуу нярай хүлээн авах хүчин чадалтай байсан бол одоо 80 дутуу нярайг хүлээн авах боломжтой болжээ.

Уг төслийн хоёрдугаар шатны үр дүнд: 2017 онд Мэс заслын дараах эргэн сэргэлт 72.2 хувиас арван хувиар нэмэгдэж 82.2 хувь болсон. Нярайд зориулсан иж бүрэн тоног төхөөрөмжийг хандивлан тусгай мэс заслын өрөөг байгуулсан. 2017 оны эцсийн байдлаар 200 гаруй нярайд зориулалтын орчинд, зориулалтын тоног төхөөрөмжөөр мэс засал хийдэг болжээ.

Төслийн гуравдугаар шатанд: 2018 онд ЭХЭМҮТ-ийн нярайн мэс заслын дараах тасгийг олон улсын стандартын шаардлагад нийцүүлсэн. Хагалгаанд орох бага жинтэй нярайг хүлээн авах хугацаа багасч, хагалгааны үр дүн сайжирч, улмаар хагалгааны үеийн болон хагалгааны дараа гарах эрсдэлийг бодитой бууруулж, төслийн өмнөх шатуудаас ахисан тооны хүүхдийн амь насыг аврах боломж бүрдүүлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *