Монголд 1990 оноос барууны хэв маягтай секс хувьсгал гарсан гэж ярьцгаадаг. Тэр хувьсгал яван явсаар 2010 оноос хоёр дахь шат руугаа орчихлоо гэж дүгнэдэг хүмүүс бий. Нийгэмд өөрийгөө сексийн бэлгэ тэмдэг хэмээн зарладаг улсууд ч байгаа. Ингэхээр бидний хувьд энэ яриад байгаа зүйлийг өндөр хэмжээнд хөгжүүлж, соёлтой авч яваа ард түмэн болж таарах нь. Дахиад цаашилбал улам ч боловсронгуй, мундаг болцгоох нь ээ, янз нь.
Харамсалтай нь эдгээр дүгнэлт, бодрол бол зүгээр хөөс юм гэдэг нь өсвөр насныхны бэлгийн боловсрол, өсвөр насны охидын жирэмслэлтийн тоо баримтаас бэлхнээ харагдаж байна. Юун хувьсгал манатай. Тэр секс хувьсгал энэ тэрээ мартаад өсвөр насны хүүхдүүдийнхээ бэлгийн амьдрал, нөхөн үржихүйн байр байдал ямар байгааг анзаарахад хангалттай.
15-18 нас, 18-23 нас, 23-25 нас, 25-35 насныхан гэсэн ангиллаар бэлгийн замын өвчлөлийн судалгаа явуулахад их, дээд сургуулийн төгсөх ангийн оюутнуудын хувьд бэлгийн замын халдвар 2-5 хувьтай гарчээ. 25-35 насны залуусын дунд энэ судалгааг явуулахад хувь нь багассан дүн байна. Харин 15-18 насныхны дунд бэлгийн замын өвчлөл, жирэмслэлт, үр хөндөлт хамгийн их байгаа нь тогтоогджээ. Бидний уламжлалт сэтгэхүйгээр болбоос аав, ээжийнхээ дэргэд байгаа 18 нас хүртэлх охид, хөвгүүд хамгийн цэвэр ариун байх ёстой хүмүүс. Тийм ч явж ирсэн гэж боддог. Гэтэл бодит тоо баримт энэ бүхнийг үгүйсгэж байна. Нийт хүн амын дунд явуулсан судалгаагаар бэлгийн замаар дамжих халдвар авсан хүмүүсийн 47-53 хувь нь 25 хүртэлх насныхан байжээ. Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн амьдралын талаарх мэдлэгийн түвшинг тогтооход 87 хувь нь хангалтгүй гэсэн дүн авсан байх юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ангиллаар 10-19 насныхныг өсвөр үеийнхэн гэж үздэг. Гадны орнуудын дунд хийсэн судалгаанд 15-17 насандаа анх бэлгийн харилцаанд орсон хүүхдүүдийн 80 орчим хувь нь онгон байдлаа алдахаасаа өмнө нөхөн үржихүйн боловсролын талаар ямар ч мэдлэггүй байсныг дурдсан байна.
Харин манай орны хувьд оюун санааны хүлээснээс гараад хорь гаруй жил болсон ч өсвөр үеийнхэн болоод үр хүүхдэдээ эр эмийн ёсны талаарх сэдвийг мөнхийн хаалттай байлгахыг хичээсээр ирсэн. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд бэлгийн амьдрал, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдлэг муугийн дээр энэ талаар үнэн зөв мэдээлэл авах боломж нь хязгаарлагдмал байгааг нуугаагүй байна.
НҮБ-аас явуулсан судалгаагаар бага болон дунд орлоготой улс орнуудад өсвөр насны охидын жирэмслэлт түүнээс шалтгаалсан эмгэг өндөр хувьтайг нотолсон бөгөөд энэ жагсаалтад манайх дээгүүр байр эзлэх болсон. 2013 онд 15-19 насныхны төрөлт 3589 гэж бүртгэгдсэн бол энэ тоо жил ирэх бүр өссөөр байгаа нь харамсалтай.
Ингэхээр Монголын өсвөр үеийнхний нэлээдгүй хэсэг нь бэлгийн амьдралд эрт орж түүнээс үүдэх сөрөг нөлөөлөлд өртөж байгаа гэдэг нь нэгэнт тодорхой болжээ. Тэмбүү өвчин сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа талаар бүхий л сувгаар мэдээлж байна. Энэ өвчнөөр халдварлагдсан нийт хүмүүсийн багагүй хувийг өсвөр үеийнхэн эзэлж байна. Ингэхээр бид юун сексийн бахархалт эрин зуун, хувьсгал вэ. Багачуулаа амьдрал, эр эмийн харилцаанд, бэлгийн амьдралд хөлөө зөв тавихад нь туслах цаг ирчихээд байна. Тэд бол манай нийгмээс соёолсон нялх цэцэгс. Гэтэл тэд дэлгэрч ч амжаагүй байхдаа бэлгийн замын элдэв өвчинд нэрвэгдэж байгаа нь томчуулынх нь хариуцлагагүйн алдаа.
Тэмбүү гэдэг аймшигт өвчин өнөө бидний энэ үед дахин гарч байна. Монголчуудын хувьд тэмбүү өвчинд тав, зургаан зуун мянга болтлоо хиаруулж, орос ах нар манай хүүхнүүдэд ойртохоос жийрхдэг байсан үе олон жил үргэлжилсэн. Улаан тариагаар өнөөх муу өвчнийг нам дарсан ч Оросын армийн, ид үржлийн насныхан болох цэргүүд зуун мянгаараа манай нутагт байсан ч манай эмэгтэйчүүлтэй тэр бүр энгэр зөрүүлдэггүй байсны нотолгоо нь шар толгойтой, монхор хамартай холимог хүмүүс цөөн харагддаг билээ. ХӨСҮТ-өөс гаргасан Монголын өсвөр насныхны бэлгийн боловсрол, бэлгийн амьдралын талаар гаргасан судалгаанд өсвөр үеийнхэн насанд хүрсэн хүнийг бодвол бэлгийн хавьталд орох нь хоёр дахин их байна гэжээ. Өсвөр насныхан бэлгийн харьцаанд хамгаалалтгүй ороход заг хүйтэн өвчин тусах магадлал 50 хувь, бэлгийн хомхой тусах магадлал 30, ДОХ авах магадлал нэг хувьтай байдаг юм байна. Ийм эрсдэлтэй нөхцөл байдалд байгаагаа манай өсвөр үеийнхэн мэдэхгүй л яваад байна. Тэдэнд хичээл номоор заагаад өгчихдөг нь хэд бол, ичээж зовоохгүйгээр эвтэйхэн шиг хэлээд ойлгуулчихдаг эцэг, эх хэр олон бол оо. Эргэлзээтэй. Угаас мэдлэг багатай эцэг, эхээс мэндэлсэн хүүхдүүд тэр орчинд арав гаруй жил болчихоод нэг их олигтой мэдээлэл өгөхгүй сургуулийн орчноос юу олж авах юм. Харж байгаа, үзэж байгаа нь цахим ертөнц төдийхөн. Ийм байхад тэднийг бэлгийн харьцаанд эрт орлоо, өвчин туслаа, жирэмсэллээ гэж загнаж боломгүй. Монголд бэлгийн харьцаанд орох нас жилээс жилд залуужиж байгаа болохоор хүүхэд, өсвөр үеийнхэнд нөхөн үржихүйн талаар өгөх боловсролдоо анхаарах цаг нь болоод байгаа юм. ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт оруулсан энэ талын хичээлийн цаг, хувийг нэмэгдүүлж, эцэг эхчүүдэд үр хүүхэдтэйгээ бэлгийн боловсролын талаар хэрхэн зөв ярилцах талаар сургалт явуулах хэрэгтэй. Өөрсдөө энэ талаар боловсролгүй эцэг, эхчүүд үр хүүхдэдээ юу заах юм бэ “Жирэмсэн болж болохгүй шүү, сургуулиа төгсөөд ажил дээр гарч байж хүнтэй гэрлэдэг юм шүү” эсхүл “Айлын охиныг жирэмсэн болгочихов оо. Дахиад нэг ам тэжээж чадахгүй шүү” гэдэг иймэрхүү доромж үгс чинь өсвөр насныханд хэрэг болох уу.
Монгол Улс буурай орны ангиллаасаа гарч ард иргэд нь харьцангуй соёлжиж, олон улсад харилцаа холбоо тогтоож улсын хувьд улс шиг харагдаж байгаа ч нийгмийн суурь болсон өсвөр насныхан маань тэмбүүгээс эхлүүлээд элдэв янзын бэлгийн замын өвчинд идэгдэж, нөхөн үржихүйн боловсролын талаар тэг зааж байхад ямар ч хувьсгал, шинэ шат яриад нэмэргүй. Оюутнууд, тэтгэврийнхэн, эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүд, бизнес эрхлэгчид бол сонгуульд санал өгдөг хүчтэй хэсэг болохоор улстөрчид эдгээр сектор руу ихэд анхаарч элдэв амлалт өгч, нийгмийн халамжийн төвд авчирчихдаг. Харин 10-17 насныхан бол сонгуульд санал өгөх нь байтугай, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь хэн бэ гэдгийг мэдэхгүй л бидний дунд алхаж байдаг. Хэрвээ тэд сонгуульд санал өгдөг байсан бол өнөөдрийн нөхцөл байдал арай ч өөр байх байсан байх аа. Тэдэнд тулгардаг нөхөн үржихүйн асуудлуудыг нь хэдийнэ ухаж гаргаж ирээд элдэв янзын сувгаар зохицуулаад л өгчих байсан.
Өсвөр насныхан гэдэг бол манай нийгмийн хамгийн сул дорой, идэвхгүй дуу хоолойтой хэсэг учир өнөөдөр ингээд муухай өвчин, мэдэхгүй зүйлдээ нухлагдаж байна. Ийм учир нийгэм даяараа, улс төрчид нь эцэг эхтэй нь хамтраад өсвөр үеийнхээ нөхөн үржихүйн боловсролд системтэйгээр, нухацтай хандах ёстой болоод байна. Ингэхдээ тэр яриад байгаа секс хувьсгал, бэлгэ тэмдэг мэтийн яриагаа түр орхиод энэ асуудалд бүгд анхаарах хэрэгтэй.
Өсвөр үеийнхний чинь нөхөн үржихүйн боловсрол дундад зууны үедээ л дөнгөж явж байхад юуных нь сексийн эрх чөлөө, хувьсгал, сонгодог байдал байх вэ. Жаахан аяд.
Д.ГАНСАРУУЛ