ХАМГИЙН АНХНЫ НҮДНИЙ ШИЛИЙГ ХЭН ЗОХИОСОН НЬ ТОДОРХОЙГҮЙ
Нүдний шил нь хүний алдагдсан эрүүл мэндийг орлох буюу хараа сайжруулах, тогтоох үүрэгтэйгээр анх зохиогдсон боловч одоо үед хүмүүс гангараа, хамгаалах хэрэгсэл зэргээр ч мөн ашигладаг болжээ. Хамгийн анхны нүдний шилийг хэн, хэзээ зохион бүтээсэн нь өнөөг хүртэл маргаантай байдаг юм байна. МЭ I зуунд амьдарч байсан Ромын эзэн хааны багш Сенекагийн гар бичмэлд “Үсэгнүүд нь жижиг бас бүдэгхэн учраас шилэн бөмбөлөг юм уу усаар дүүргэсэн шилний тусламжтайгаар уншиж байна” гэсэн мөр байдаг. Мөн энэ үед Неро (МЭ 54-68 онд Ромыг хаанчилж байсан) мэсчин боолуудын тэмцээнийг маргадаар хийсэн томруулдаг шилээр үздэг байсан гэх түүхэн баримт бий. Хамгийн эртний нүдний шилийг лам нар болон эрдэмтэд зүүдэг байжээ. 1284 онд Сальвино дө Армате гэгч хүн Италид анхны нүдний шилийг зохион бүтээсэн гэдэг ч түүхчид энэ баримтыг худлаа хэмээн хожим зарласан байна. Гэсэн хэдий ч 1301 онд Италийн Венецэд нүдний шил зарж борлуулах журам гаргаж байсан гэх баримт байдаг юм байна. 1300 оноос өмнө томруулдаг шилийг өргөнөөр хэрэглэдэг байсан ба үүнийгээ болороор хийдэг байсан аж. Уламжлалт нүдний шилний линзийг шилээр хийдэг байсан боловч хамгийн анхны загварыг beryl буюу биндэръяа чулуугаар хийж байжээ. Герман хэлний “brillen” гэх үг нь одоо ч нүдний шилийг нэрлэх үгсийн бүлэгт хамаарна.
Хадгалагдаж үлдээд буй нүдний шилийг дүрсэлсэн хамгийн эртний уран зургийн нотолгоо нь Томмасо да Моденагийн 1352 онд зурсан бүтээл юм. Зураг дээр Доминиканы кардинал Хью де Провэнс нүдний шил зүүчихээд гар бичмэл уншиж буйг дүрсэлжээ (зураг 1). Өөр нэг эртний нотолгоо бол 1403 онд Германы Бад Вилденген сүмийн тахилын цэгээс олдсон зураг юм (зураг 2). Эдгээр нүдний шилнүүд нь гүдгэр линзтэй байв. Анхны нүдний шил нь хоёр линзээ тогтоох төмөр хүрээтэй байсан ба хамар дээрээ тогтоох зориулалттай байж. Германы Селле хотын ойролцоо орших Клостер Виенхаусэн хийдээс 1400 оны үед хамаарах нүдний шил олдсон нь өнөөг хүртэл хадгалагдаж үлдсэн хамгийн эртний олдвор аж.
НҮДНИЙ ШИЛНИЙ ЗАГВАРТ ХЯТАДУУД МАШ ИХ НӨЛӨӨЛЖЭЭ
Эрт үед арьс шир, төмөр эсвэл амьтны эврээр хийсэн хоёр цагираган дээр линз тогтоон үүнийгээ юмыг томруулж харах шаардлагатай үедээ нүднийхээ өмнө гараараа барьдаг байжээ. Хожим хоёр цагирагаа холбосон махир гүүрийг зохион бүтээснээр хамар дээрээ тогтоох боломжтой болсон байна. Ийм хэлбэрийн нүдний шил нь мэдээж хамар дээрээс унаж хагарах аюултай. 1600-гаад оны үед Испанийн гар урчууд нүдний шилний хүрээг боловсронгуй болгожээ. Тэд туузыг хүрээнд бэхлээд үзүүрт нь гогцоо гаргаж үүнийгээ хүний чихэнд тогтоодог байв. Ингэж байтал Испани, Италийн номлогчид Хятадаас төмөр дэгээтэй нүдний шилийг анх олж ирэв. Хятадууд тууз, даавуугаар гогцоо хийхийн оронд төмөр утсыг нүдний шилнийхээ хүрээнд бэхлээд махир дэгээ гарган чихэн дээр өлгөдөг аргыг зохиосон байжээ. Сонирхуулахад, алдарт аялагч Марко Полог Хятадад аялж байхад тэд аль хэдийнэ нүдний шилийг ашиглаад эхэлчихсэн байсан гэдэг. 1730 онд Английн нүдний шилчин Эдвард Скарлет Хятадаас үүсэлтэй энэхүү төмөр дэгээг шанаан дээр наалдаж байхаар тогтоох юм бол илүү бат бөх бас ашиглахад хялбар болох юм байна хэмээн сэтгэсэн байна. Гэсэн ч энэ нь тийм ч түгээмэл ашиглагдаагүй бөгөөд XVIII зууны хоёрдугаар хагасаас XIX зууны эхэн хүртэл хүмүүс “scissors-glasses” (зураг 3) буюу “хайчин шил”-ийг түлхүү ашиглаж байж.
XVII зуун гэхэд хүмүүс нүдний шилний ашиг тусыг маш сайн ойлгож өргөнөөр ашигладаг болчихсон байсан гэнэ. Тэд ямартаа ч хотгор, гүдгэр линзээ ялгаж салгаж аль нь ойрын хараанд сайн, аль нь холын хараанд сайн гэдгийг мэддэг болчихсон байсан аж. Германы математикч, одон орон судлаач Иоханес Кеплер 1604 онд гүдгэр, хотгор линз яагаад холын болон ойрын харааны эмгэгийг засдаг талаар хамгийн анхны зөв тайлбарыг нийтэлж байжээ. Хотгор линзээр ойрын зайны харааг эмчилдэг бол холын юмсыг муу хардаг хүмүүс гүдгэр линзийг зүүдэг шүү дээ.
Гүдгэр линз нь гэрлийн туяаг нэг цэгт төвлөрүүлэх замаар алсын харааг засдаг юм байна. Мөн давхар фокустай линзийг ойрын хараа муудахад ашиглаж болдог. Ийм төрлийн линзийг анх Америкийн эрдэмтэн Бенжамин Франклин 1784 онд зохион бүтээсэн юм. Түүний нүдний хол, ойрын хараа нь зэрэг муудсан байсан гэдэг. Харин цилиндр хэлбэртэй линзийг Сэрт Жорж Айри 1825 онд зохион бүтээжээ. Энэ төрлийн линзийг мөн л ойрын хараа муудахад зүүж хэрэглэдэг байна.
НҮДНИЙ ШИЛТЭЙ ХҮМҮҮСИЙГ ГАДУУРХАХ ХАНДЛАГА НИЙГЭМД БАЙСАН ГЭНЭ
1930-аад он хүртэл хүмүүс нүдний шилийг эрүүл мэндийн нэгэн хэрэглэгдэхүүн хэмээн үздэг байсан бол 1970-аад оноос загварын чиг хандлагад орж ирсэн байна. Нүдний шилийг эрүүл мэндийн асуудалтай, сул дорой, өвчтэй, юм уу хөгшин хүн зүүдэг. Эсвэл шашны үзэл сурталтан (лам нарын ихэнх нь бичиг үсэг мэддэг тул нүдний шил хэрэглэх нь элбэг байсантай холбоотой) гэж харагдах нь энгийн үзэгдэл байж. 1900-гаад оны эхээр Америкийн ерөнхийлөгч асан Теодор Рузвельт нүдний шил зүүх болсноор энэ үзэл эрс багассан гэдэг. 1910-аад оноос Америкийн инээдмийн киноны алдартай жүжигчин Харолд Лойд дугуй хэлбэрийн нүдний шил зүүж кинонд тоглосон явдал мөн энэ ойлголтыг үгүй болоход нөлөөлж чаджээ. Нүдний шил хувь хүний имиж бүрдүүлэлтэд маш том нөлөө үзүүлж байсны нэг баталгаа нь хөгжимчин Бадди Холли болон Жон Леннон нарын алдарт шилнүүд юм. Зузаан, хар хүрээтэй шилийг “Бадди Холли шил” гэдэг бол дув дугуй төмөр хүрээтэй шилийг “Жон Леннон шил” гэж нэрлэдэг юм байна. Жон Леннон гэхээр хамгийн түрүүнд дугуй хүрээтэй нүдний шил, буржгар үс нь санаанд бууж байгаа биз. Ийм төрлийн шилийг Харри Поттер бас зүүдэг шүү дээ.
Ийнхүү нүдний шил акссесурын нэг төрөлд тооцогдож, маш олон загвараар үйлдвэрлэгдэж эхэлснээр хүний нүүр царайг хувиргадаг энгийн нэгэн загварлаг хэрэгсэл болж хувирчээ. Бариулыг алт, мөнгө, сувд, шүр гэх зэрэг эрдэнийн чулуугаар чимэглэж, янз бүрийн үнэт металл, зааны яс, зандан мод зэргээр урладаг байв. Бүр алмаазан шигтгээтэй нүдний шилний гуя, бариул хүртэл байсан гэнэлээ. Мэдээж энгийн загвартай шилэнд зориулж мод, сайжруулсан ган, хөнгөн цагааныг ч ашиглаж байж. 1967 онд Австри улсад уян хуванцар буюу оптил гэх материалаар хүрээ болон гарыг хийснээр илүү энгийн, хэрэглэхэд хялбар болж иржээ. Бусад төрлийн хуванцар материалыг ч мөн хэрэглэж эхэлсэн байна.
ОРЧИН ҮЕД НҮДНИЙ ШИЛ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДСӨН БЭ?
Харин орчин үед нүдний шилийг хэрэглэхэд зовуурьгүй байхыг бодолцон хамгийн хөнгөн, хүний биед харшил өгөхгүй төмөр юм уу хуванцар материалыг сонгон ашигладаг болжээ. Бидний хэлж заншсанаар “нуух”-ыг ихэвчлэн зөөлөн силиконоор хийдэг. Түүнчлэн бүтэн хүрээтэй, тал хүрээтэй, нуухтай нуухгүй гээд хэлбэр, хэмжээ, өнгө загвар бол тоймгүй их. Харин сүүлийн үед уян хүрээтэй шилийг ихээр сонгох болсон гэнэ. Линзний хувьд шил, хуванцар, поликарбонатаар хийж байна. Энэхүү поликарбонат гэх материал нь олон улсад CR-39 гэх нэршилтэй ба линз хийдэг хамгийн хөнгөн, нимгэн материал юм байна. Сүүлийн үед контакт линз зүүх, хараа тэглүүлэх мэс ажилбар хийлгэх гэх зэрэг шинжлэх ухааны дэвшилттэй аргууд гарч ирсэн ч уламжлалт нүдний шилний хэрэглээ буурахгүй, эрэлттэй хэвээр л байгаа юм байна.
Америкт насанд хүрэгчдийн 60-70 хувь нь нүдний шил зүүдэг гэх судалгаа байна. Тэгвэл эдгээр хүмүүс дотроо 60-аас дээш насныхан нь нүдэнд цагаа буух өвчнөөр өвчилдөг аж. Япон улсад зарим байгууллага нь эмэгтэй үйлчилгээний ажилтнуудаа нүдний шил зүүхийг хориглосон журамтай юм байна. Энэ утгагүй журмыг эсэргүүцсэн маш олон эмэгтэй хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн гэнэ. Харааны шил зүүхээр эмэгтэй хүний зөөлөн, наалинхай байдал алга болж, хүйтэн хөндий харагддаг гэх шалтгаанаар ийм журам гаргасан аж. Хачирхалтай л дүрэм журам гаргадаг улс байна.
А.МӨНХЗУЛ