НҮБ-ын хүний эрх ба аюулгүй ундны ус, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Лео Хеллер өчигдөр Улаанбаатарт “Жорлонгоо өөрчилье” сургалттай танилцлаа. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын урилгаар дөрөвдүгээр сарын 9-20-ны хооронд Монголд ажиллаж байгаа юм. Хүндэт зочин “Нутгийн шийдэл” сангаас зохион байгуулдаг “Жорлонгоо өөрчилье” сургалт болж байсан танхимд хүрэлцсэн ирсэн юм. “Нутгийн шийдэл” сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл түүнд сургалтынхаа тухай товч танилцууллаа.
Тусгай илтгэгч Лео Хеллер сургалтанд оролцсон хоёр хүнд асуулт тавьж, “шалгалт” авч амжив. Тэрбээр эмэгтэй оролцогчоос “Жорлон эмэгтэйчүүдийн хувьд илүү чухал байдаг. Хувийн нууц, нэр төртэй холбоотой асуудал байдаг. Жорлон ямар байвал эмэгтэй хүний нэр төрийг хамгаалах вэ” гэсэн юм.
Харин өөр нэг эрэгтэй оролцогчоос “Жорлонгоо байгуулахдаа хөрсний бохирдлоос хэрхэн сэргийлэх вэ” хэмээн лавласан.
Лео Хеллер сургалтанд оролцогчдод хандан хэлэхдээ “Ариун цэврийн байгууламж буюу жорлон гэрээс холгүй, хүн болгонд хүртээмжтэй байх учиртай. Хүн болгонд гэдэг маань хүүхэд багачууд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, настай хүмүүст хүртээмжтэй, ээлтэй байх тухай ярьж байгаа юм шүү. Мэдээж ариун цэврийн хувьд зүй зохистой байх учиртай. Үндэстэн ястны зан заншил, соёлыг дэмжсэн байх хэрэгтэй. Хамгийн гол нь үнэ хямд байх учиртай. Жорлон үнэтэй бол хүн болгон хэрэглэж чадахгүй. Энэ бол хүн байх эрхээ хэрэгжүүлэх, физиологийнхоо хэрэгцээг хангахад чухал. Сэтгэлийнхээ дуудлагаар энэ сургалтанд оролцож байгаа та бүхэн зохистой ариун цэврийн байгууламжийг дэмжигчид, шинэ санааг түгээгчид болж байна. Амжилт хүсч, баяр хүргэж байна” гэсэн юм.
“Нутгийн шийдэл” сангаас 28 дахь сургалтаа зохион байгуулжээ. Нийслэлийн бүх дүүрэгт “Жорлонгоо өөрчилье” сургалт болсон бол “Жорлонгоо өөрчилье” багийнхан өдгөө орон нутагт ажиллаж буй. Харин энэ удаагийн сургалтыг “Шунхлай” компанийн захиалгаар Улаанбаатарт хийжээ.
Уг сургалтанд “Шунхлай” компанийн 40 ажилтнаас гадна Азийн хөгжлийн банкны “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах төсөл”-ийн багийнхан, сошиалаар сургалт болох гэж байгаа тухай олж мэдсэн иргэд оролцсон юм.
Шунхлай компанийн байгаль орчин, галын аюулгүй байдал хариуцсан инженерГ.Солонго ярихдаа “Шунхлай компани 21 аймагт салбартай. Бүх шатахуун түгээх станцад жорлон байдаг.Бид жорлонгоо байгаль орчинд ээлтэй болгож өөрчлөхөөр Улаанбаатарын салбаруудаас эхэлж байгаа. Жорлонгоо өөрчилье сургалтанд хамт олноороо хамрагдаж байна” гэсэн юм.
Б.ЭГШИГЛЭН