Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын баримтын бүртгэл маргааш хаагдана

НӨАТ-ын төлбөрийн 2019 оны баримтыг бүртгүүлж дуусахад нэг хоног үлдлээ.

Тодруулбал, Е баримтыг бүртгүүлэх хугацаа маргааш буюу нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23:59:59 цагаар тасалбар болно. Баримт бүртгэгдэж дууссаны дараа буюу энэ нэгдүгээр сарын сүүлээр хэрэглэгч иргэдийн НӨАТ-ын буцаан олголтын эцсийн тоо мэдээлэл гарах юм байна.

2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны I улиралд буюу тодруулбал, 2 дугаар сард багтаан олгохоор ажиллаж буй талаар татварын байгууллагаас мэдэгдэж байна. Тиймээс иргэд хэрэглэгчдийг хувийн мэдээллээ бүрэн, зөв оруулж, түүнийгээ шалгахыг сануулж байна.

Урьдчилсан тооцооллоор 2019 оны НӨАТ-ын буцаан олголтын 139 тэрбум төгрөгийн урамшууллыг 900 мянга орчим иргэнд олгохоор байна.

Иргэд НӨАТ-ын суутган төлөгч хувь хүн, ААН, байгууллагаас худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа Е баримт системд бүртгүүлж, төлсөн албан татварынхаа 20 хүртэлх хувийн буцаан олголтын урамшууллыг дараа оны нэгдүгээр улиралд авдаг. Тэгвэл энэ 2020 оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгож байхаар болоод байна. Нэг ёсондоо тухайн улирал дууссанаас хойш 45 хоногийн дотор буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд шилжүүлэх юм байна.

Еbarimt-ын бүртгэлтэй холбоотой мэдээллийг нийслэлд Улаанбаатар хотод Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвд болон “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл” төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд, хөдөө орон нутагт харьяа татварын албанд хандан авахыг мэдэгдэж байна.

Түүнчлэн 2019 оны буцаан олголт олгох ажлын хүрээнд хэрэглэгчийн мэдээлэл дутуу 13.090 иргэн, давхар аккаунтын бүртгэлтэй 43.714 иргэн байгаа аж. Тэдний гар утасны Е баримт аппликэйшнээр нь дамжуулан мэдээлэл засварлах тухай мэдэгдлийг хүргүүлжээ. Дээрх мэдэгдэлийг авсан иргэд мөн нэгдүгээр сарын 8-ны өдрийн дотор хэрэглэгчийн мэдээллээ засварлах ёстойг татварын байгууллагаас сануулж байна.

Худалдаа үйлчилгээ эрхлэгч ААН борлуулалтын мэдээллээ 72 цагийн дотор татварын системд илгээх үүрэгтэй ба тухайн байгууллага мэдээллээ илгээсний дараа автоматаар таны бүртгүүлсэн төлбөрийн баримт баталгааждаг бөгөөд уг хугацаа хэтэрвэл 1800-1288 дугаарт залган гомдол мэдээлэх боломжтой юм байна. Одоо НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгож байхаар болж буй учир иргэдийг худалдан авалт бүр дээр Е баримтаа нэхэн авч байхыг сануулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *