Categories
мэдээ утга-зоxиол

Номонд дурлагсдын өдөр

Дэлхийн номын өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг ном унших дуртай хүмүүс тэсэн ядан хүлээдэг нь дамжиггүй. Дэлхийн номын өдрийг тохиолдуулан “Интерном” их дэлгүүрийн Улаанбаатар хот дахь бүх салбар дөрөвдүгээр сарын 21-нээс эхлэн гурван өдрийн турш бүх номоо 10-60 хувь хямдруулан худалдаалж байна.Хямдралтай худалдаа өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 23-ныг дуустал үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хотын бүх салбаруудаас гадна www.internom.mn онлайн номын дэлгүүрээс та хүссэн номоо хямдралтай үнээр нь худалдан авах боломжтой.

Энэ талаар Интерном их дэлгүүрийн маркетингийн менежер Л.Энхсайханаас тодруулахад: “Дэлхийн номын өдрийг 1995 оноос эхлэн дэлхий даяар тэмдэглэж эхэлсэн. Манай улсын хувьд өнгөрсөн жилээс номын дэлгүүр, хэвлэлийн газрууд харьцангуй өргөн хүрээнд тэмдэглэж байна. Тодруулбал өнгөрсөн жилийн энэ өдөр Интерном номын дэлгүүр мөн 10-80 хувийн хямдралтай худалдаалсан. Харин энэ жил бусад номын дэлгүүр, хэвлэлийн газрууд ч энэ үйл ажиллагаанд нэгдэж эхэлсэн нь бидний хувьд төдийгүй уншигчдын маань хувьд ч талархууштай үйл явдал болж байна. Мөн удахгүй бид уншигчдадаа зориулан уран зохиолын холбогдолтой болон хүүхэд залуусыг номонд дуртай болгох, уншсан номоо ярилцдаг болгох зорилгоор олон ажлыг төлөвлөн ажиллаж байна” гэсэн юм.

Уншигчдын дунд уран зохиол, хувь хүний хөгжил, хүүхдийн номууд хамгийн их эрэлттэй байдаг ажээ. https://www.internom.mn/бидний-тухай/манай-дэлгүүрүүд холбоосоор Интерном дэлгүүрийн хямдарсан номын талаарх мэдээллийг авч болно.

“Аз хур” номын дэлгүүр 20-30 хувийн хямдрал зарласан байна. Энэ талаар “Аз хур” номын дэлгүүрийн худалдагч Э.Мөнхтуяа ярихдаа:

-“Дэлгүүр маань 21-23-нийг дуустал гурван өдөр хямдрал зарласан. Тухайн өдрүүдэд хүмүүсийн худалдан авалт их байгаа. Ер нь бол уран зохиол, хүүхдийн номын худалдан авалт их байдаг. Дэлхийн номын өдөрт зориулан манай төв салбар өдөрлөг зохиож, бүх салбар дэлгүүрүүдийнхээ номыг хямдруулсан. Төв салбараас дэлгэрэнгүй мэдээлэл, өдөрлөгт оролцож сонирхож болох юм” гэж хэмээн ярив.

Харин дэлхийн номын өдөр хувиараа бизнес эрхэлдэг, гар дээрээс ном зардаг худалдаачин хүмүүст хэрхэн нөлөөлж байгааг тодруулав.

Хувиараа ном зардаг Г.Лувсанжамцын ярианаас:

-“Ер нь хүмүүс ном худалдан авах нь муудсан. Социализмийн үеийг бодвол уншихаа больсон. Голдуу уран зохиолын ном л авдаг даа. Би номоо хувь хүнээс аваад ашгийн хэдэн хувь нэмээд, том номын дэлгүүрүүдээс хамаагүй хямд зардаг. Гэвч хүмүүсийн ном унших сонирхол, худалдан авах идэвх муу байдаг” хэмээлээ.

“Интерном” их дэлгүүрийн үйлчлүүлэгч ном сонирхогч С.Цэрэнхүү ярихдаа:

-“Би ном унших их дуртай. Дэлхийн номын өдрөөр номын дэлгүүрүүд хямдрал зарласан гэдгийг олж мэдээд, өөрийн авч уншина гэж бодсон номнуудаа жагсааж бичээд гарч ирлээ. Ганц нэг ном нь олдсонгүй. Ихэнхийг нь олж авсандаа баяртай байна. Ер нь иймэрхүү арга хэмжээ их болж байвал номонд дуртай над шиг хүнд их хэрэгтэй. Би сая зорьж байсан есөн номноосоо долоог нь авлаа. Үүнд шинжлэх ухаан, уран зохиолын ном бий. Бас хүүхдүүддээ зориулж ном авсан” гэж ярьсан юм.

С.ОТГОНБАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *