Дуучин Н.Гантулгын хамт
1990-ээд оны залуусыг хайрын дуунуудаараа шуугиулж явсан “Номин” хамтлагийн дуучин П.Гантөгстэй ярилцлаа.
-“Номин” хамтлаг анх хэзээ байгуулагдаж байсан юм бэ. Эндээс яриагаа эхэлье?
-Монголын алдартай хүмүүс ихэвчлэн Сансар, 40, 50 мянгатаас төрөн гарсан байдаг шүү дээ. “Номин” хамтлагийн ахлагч Д.Равжаа 12 дугаар микро район буюу Сансар хорооллынх. Би өөрөө 40 мянгатынх, хотын уугуул хүүхэд. Д.Равжаа бид хоёр 1986 онд 16-тай байхдаа анх танилцсан. Д.Равжаа 10 жилийн 14 дүгээр сургуулийг төгссөн. Би 53 дугаар сургуулийг төгссөн. Бид хоёр хувь тохиолоор 1988 онд армид хамт алба хааж байлаа.
Д.Равжааг Аажаа гэж дуудна. Аажаа бид хоёр Армийн хөгжмийн салаанд алба хааж байсан юм. 1988 оны намар цэргийн ангид биднийг очдог жил цоо шинэ герман хөгжмийн иж бүрдэл өгсөн. Тухайн үед цахилгаан хөгжим их моод байлаа. Социализмын үед албан байгууллага заавал цахилгаан хөгжимтэй, хамтлагтай байх ёстой гэсэн бичигдээгүй хуультай. Би холбооны анги буюу морцын салааг зургадугаар сард төгсөөд, хөгжмийн салаанд орлоо. Шинэ цэргүүдээс цахилгаан хөгжим тоглодог хүүхдүүдийг бүртгэж аваад би тэнцлээ. Аажаа бөмбөр тоглохоор болоод бид хоёр нэг хамтлагт орчихсон. Би базз гитар тоглоно, Аажаа бөмбөр тоглоно. Бид хоёр хоёулаа дуулна. Тэнд байхдаа хоёулаа цэргээс халагдаад хамтлаг байгуулъя гэж ярилцдаг байлаа. Биднийг 1990 онд халагдаж байхад ардчилал дөнгөж гарч байсан. Ямар нэгэн цензургүй болж байсан. Жишээлбэл, нэг дуу зохиогоод олонд дуулахын тулд заавал Намын хороогоор орж батлуулдаг байсан. Нэг талаасаа энэ нь зөв зүйл байж. Тэр үед Оюун гуай,Лувсаншарав гуай, Мөрдорж гээд алдартай хүмүүсээс бүрдсэн комисс дууг сонсож байж баталдаг байлаа. 60-70-аад оны үеийн дуунуудын мартагдахгүй байгаагийн учир нь энэ. Хэн дуртай нь дуугаа зохиогоод дуулдаг болчихсон эрх чөлөө нь нээгдчихсэн байсан үе байхгүй юу. Тухайн үед бид нарын дуу их шинэлэг байсан учраас одоог хүртэл мартагддаггүй байгаа байх. “Маамуу нааш ир”-ээс өөр дуу дуулдаггүй байсан бол “Анх би чамайг хараад…” гээд ийм үгтэй дуу дуулаад гараад ирэхээр залуучуудад бас сонин, гоё сонсогдоно биз дээ. Тухайн үед бид чинь зохиогоод л орцонд дуулаад л, орцноос орц дамжаад орцны дуу бий болдог байлаа. 1990 онд Аажаа өвчний улмаас надаас зургаан сарын өмнө халагдсан. Би халагдаад ирэхэд Аажаа намайг хаяад микрийхэнтэйгээ аль хэдийнэ “Номин” гэдэг хамтлаг байгуулчихсан байсан. Тухайн үед дош дошоороо л байлаа. Би бол микрийнхэнд гадны хүн байхгүй юу. Уг нь Аажаа надтай дуулах сонирхолтой байдаг. Хамтлагт нэг л дуучин байх хэрэгтэй. Би тэр үед Аажаад их гомдсон. Тэгээд 1990 оны арваннэгдүгээр сард Гэмтлийн эмнэлэгт асрагчаар ажилд орлоо. Дотроо бол дуулна л гэж бодоод явж байсан. Аажаад царай алдахгүй дээ гээд шаралхчихсан явж байсан чинь 1991 оны хавар Аажаа манай хамтлагийнхан явцгүй болчихлоо, би уг нь дуулах сонирхолтой байна гээд над дээр ирснээр “Номин” хамтлаг надтай нийлсэн түүх эхэлсэн юм. Тухайн үед хамтлагийнхан нь угаасаа урлагийн хүмүүс биш болохоор амьдралаа хөөгөөд, сургуульд сурах нь сураад явцгаасан.
-“Номин” хамтлагийн анхны дуу?
-Хамгийн анх 1991 оны тавдугаар сарын 21-нд “Ая дууны жигүүр” тэмцээнд орж “Выставка”-гийн тайзан дээр гарч байлаа.
“…Цоглог гэрэлтэх хар нүдээрээ чи анх танилцаад
Эелдэг даруу аашаараа чи намайг ивээнэ…” гээд энэ дуугаараа хамгийн анх гарч байлаа. Тэр үед понаграммаа “Баянмонгол” хамтлаг дээр бичүүлдэг байлаа. Бэлэн хөгжимтэй дуулна, байхгүй бол амьд хөгжимтэй дуулна гэсэн хоёр л сонголт байлаа шүү дээ.
Тэр үед ам барина гэсэн ойлголт байдаггүй байсан. Би өдийг хүртэл дуулахдаа ам барьж үзээ ч үгүй, чаддаг ч үгүй.
1989 онд “Харанга” хамтлаг байгуулагдаад, бидэнтэй хамт “Ая дууны жигүүр”-т ороод явж байлаа. Бидний үеийн хамтлаг гэвэл манай “Номин”-гоос гадна, “Жирийн монгол охин”-г дуулдаг “Шигтгээ”, “Үзэсгэлэнт од”-ыг дуулдаг “Титэм”, хос залуусыг дуулдаг “Харш”, “Болор” гэсэн таван хамтлаг л байсан юм даа. Бид хэдээс гадна олон хамтлаг гарсан ч дуунууд нь хүмүүсийн дунд хит болж үлдсэн нь ховор.
-Танай хамтлагийн урын санд хичнээн дуу байдаг вэ?
-Тухайн үеийн хамтлагууд олон дууны араас хөөцөлддөггүй байсан. Чанартай хэдхэн дуу хийдэг байсан. Манай хамтлагт “Хайртдаа дуулах дуу”, “Дурлал”, “Хожимдсон гэмшил”, “Итгэл”, “Диваажин” гэх мэт олны мэддэг шууд дагаад дуулах хэмжээний арваад дуу байгаа.
…Нойр минь чи зүүдээ мартжээ
Номхон дөлгөөн хэвтэнэ биш үү би
Амраг түүний царайг харуулж
Алиа хонгор аашийг нь үзүүлээч
Үүрийн туяа мэлтэс хийх шиг
Үзэсгэлэнт царай чинь гэрэлтэнэ
Үеийн олон охидынхоо дундаас
Гэрэлт од шиг ялгарах юм гээд “Дурлал” дуу хит болж байлаа. Ер нь 1991-1998 онд арван жилээ төгссөн хүүхдүүдийн амны уншлага болж байсан дуу байхгүй юу.
“Титэм” хамтлагийг “Талын цэцэг”, “Үзэсгэлэнт од”, “Сувдан шигтгээ” гэсэн гурван дуугаар нь хүмүүс мэдэх жишээтэй. “Шигтгээ” хамтлагийг “Жирийн монгол охин”-оор нь л мэдэх жишээтэй. Тухайн хамтлагийн нэрийн хуудас болсон хэдхэн дуу л байдаг шүү дээ. Тэр үед ирээдүйг хараагүй. Социализмын үеийн хүүхдүүд болохоор дуугаар хоолоо олно гэсэн бодол хэнд нь ч байгаагүй.
Зүүн гар талаас Д.Равжаа, П.Гантөгс. “Номин” хамтлагийнхны хамтдаа авахуулсан цор ганц зураг нь.
-Тэр үед дуулсан дуугаа сонсогчдод, залууст хүргэнэ гэдэг бас л том даваа байсан байлгүй?
-Тэгэлгүй яахав. Мянган төгрөгийн үнэтэй “Электроник” гэж хөгжим байсан. Тэр хөгжим дээр понаграммаа бичдэг байлаа. Урт цагаан, Дэнжийн мянгын хар зах дээр зардаг байсан. Бид хэд тухайн үед бизнес хийж мэддэг байсан бол мөнгөөр зарах нь байна шүү дээ. Бидний дууг хуулж зараад л 21 аймагт тараадаг байсан юм шиг байгаа юм. Энд тэнд тоглолт болоод мөнгө төгрөг авна гэсэн ойлголт ерөөсөө байгаагүй. Шоу болно гээд харангуут бид нараас асуусан ч юм байхгүй “Номин”, “Титэм” гээд биччихсэн байдаг. Тэгээд л нэг их дуртай хүмүүс автобусанд сууж очоод л дуулчихдаг.
-Тухайн үед фенүүд тань сэтгэгдлээ хэрхэн илэрхийлдэг байсан бэ?
-Гэрт ирнэ, тайзан дээр дуулж байхад гарч ирээд халаасанд захиа хийчихнэ. Захидал илгээнэ. Тухайн үед моод болж байсан алаг араб алчуурыг тайзан дээр дуулж байхад охид зүүж өгнө шүү дээ. Тайзнаас буухдаа ёолкны мод шиг юм болоод л ордог байлаа. Тэгээд бас ямар ч хамаагүй тэмдэг зүүгээд өгчихнө. Их инээдтэй. Тухайн үед тэр нь их гоё л санагдаж байгаа юм чинь.
-“Номин” хамтлаг хэдэн он хүртэл уран бүтээлээ хийсэн бэ?
-1995 он хүртэл. Таван жил хэртэй.
-Хамтлаг юунаас болж тарав. Юу тохиолдсон юм?
-Тухайн үед бид хоёрт санхүүгийн асуудал байгаагүй. Яагаад гэвэл мөнгөнд шунадаггүй байлаа. Хамгийн том шалтгаан нь Аажаа лам болоод Тува руу яваад би ганцаараа үлдсэн. Намайг гадагшаа явсан хойгуур Аажаа буцаж ирээд “Номин талст”-ын Батсүхийг миний оронд авч нэг хэсэг дуулуулж байгаад “Энэ микрээс төрсөн хамтлаг шүү. Миний дүү цааш нь аваад яваарай” гээд түүнд хамтлагаа өгсөн. 1995 оны үед ийнхүү “Номин талст” хамтлаг үүссэн түүхтэй. Өмнө нь “Номин” хамтлаг дуулаад ард нь “Талст” гээд бүжгийн хамтлаг бүжиглээд нэрээ “Номин& Талст” гэж явж байгаад, бүжгийн хамтлаг нь тараад “Номин талст” гэдэг нэртэй болж байсан юм.
“Номин талст”-ын хамгийн анхны цомгийн ихэнх дуу нь Аажаагийн дуунууд байдаг юм. “Захидал”, “Дэндүү дассан сэтгэл”, “Бид”, “Дурласан сэтгэл” гэх мэт.
Аажаа маш гоё шүлэг бичдэг, бокс тоглодог, жүдогоор барилддаг. Ер нь чадахгүй юм байхгүй тийм мундаг, билгэ танхай, авьяастай хүн байсан. 29 насандаа 1998 онд бурхны оронд одсон доо, анд минь. 30 хүрэхгүй насандаа маш их юмыг амжиж хийсэн хүн.
Би одоог хүртэл Равжаагийнхаа дуунуудыг дуулаад л явж байна шүү дээ. Аажаа бид хоёрыг хамт байх үед зохиогдсон олон дуу байдаг.
-Та одоо юу хийж байгаа вэ. Дуулж байгаа гэж сонссон юм байна?
-Дуугаа дуулж байгаа. Гадаадад амьдардаг. Ирж очин амьдарч байна. Муу ёрын нөхдүүд намайг машинд дайруулаад үхчихсэн гэж донгоссон байна лээ (инээв). Тэгсэн чинь нэг танил маань гудамжинд надтай таараад цочоод аюул болсон шүү дээ. Хамгийн гоё нь би мартагдаж болно. Харин дуунууд маань мартагдахгүй байхгүй юу. “Номин” хамтлагийн дуулсан дуу гээд л үеийн үед үлдэнэ.
-Дуу төрсөн түүхүүд их сайхан байдаг. Дуунуудаа яаж бүтээцгээдэг байв даа?
-“Би чамд хайртай” кинон дээр Дэлгэр гараад гүйгээд л нэг дуу явдаг даа. Би тэрийг найм, есдүгээр ангид байхдаа үзчихээд тэр дуу нь толгойд яваад л байдаг байсан. “Би яг ийм дуу зохионо доо” гэж бодоод л явдаг байсан чинь Равжаа бид хоёр нийлээд тийм боломж гарсан. Тэгээд тэр дуугаа хийсэн ч бичлэг нь огт байхгүй болчихсон. Дуунуудаа гитар дээр л зохиодог байсан. Юм хийх ирмүүн хүсэлтэй байлаа. Мөнгө төгрөг боддоггүй, хийе юм л хийе, уран бүтээл л хийвэл гоё, түүнийгээ олны өмнө дуулаад зогсож байвал жаргал байлаа. Залуучууд дагаж дуулаад л тэр нь л гоё байж дээ.
…Анх би чамайгаа хараад
Аливаа зүйлийг бодсонгүй л явлаа гээд энэ миний дуу.
1991 оны наадмаар Монголын үндэсний телевизийн дууны найруулагч байсан Төвшинтөгс гээд залуу “Шинэ цэрэг” дууг тухайн үед дүрсжүүлээд зурагтаар гаргасан байсан. Аажаа бид хоёр өөрсдөө бол үзээгүй. Нэг мэдсэн чинь хүмүүс “Аажаа та хоёр гарч байна лээ” гээд яриад байсан. Тэгээд од болж байлаа.
“Номин” хамтлагийн хит болсон дуунууд армид байхад зохиогдсон байдаг юм.
…Шил толь шиг гялалзсан шалан дээр
Шинэ цэрэг би дөрвөн мөчлөөд гээд “Шинэ цэрэг” дуу байна. Энэ дууг би Гантулгатай хамтраад 2005 онд клип хийгээд гаргасан. Миний үеийнхэн бол мэднэ дээ.
Хөгжим бол донтуулдаг л эд шүү дээ. Би мэргэжлийн хөгжимчин биш л дээ. Гэхдээ одоо бол би бүх л хөгжмийг тоглоно. Бүгдийг нь өөрөө сурсан. Надад багш байхгүй. Гэхдээ би хөгжмөө зарж амьдрахгүй л дээ. Гэхдээ нэг л юмыг боддог юм. Равжаа бид хоёр бол дахин давтагдашгүй түүхийг бүтээсэн хоёр шүү дээ. Үнэн шүү, хэн ч хүлээн зөвшөөрнө. Тэгээд л бол оо.
Миний хувьд тухайн үедээ өөрсдөө мэдээгүй явж байгаад ийм түүхийг бүтээчихсэн. Бидний дуунууд ийм олон жил дуулагдана гэж би лав бодоогүй. Тухайн үедээ дуулаад л мартагдах болов уу гэсэн чинь одоог хүртэл хаана ч очоод дуулахад хүмүүс дагаад л дуулдаг. Тэнгэрт байгаа найз минь харж байгаа. Бурхан гэж байдаг бол харж л байгаа. Миний найз баярлаж л байгаа шүү дээ. Дуулах болгондоо найзыгаа дурсдаг. Би хаа ч явсан найзыгаа дурсдаг, үргэлж ярьдаг. Равжаа гэж хүн байгаагүй бол би ингэж дуулаа ч уу үгүй ч үү. Равжаа цэрэгт байхад намайг их хурцалдаг байсан юм. “Чи гоё хоолойтой, хоёулаа дуулъя, будаа болгоно” гэдэг байсан. Бид хоёрын темпер, бүх юм гоё нийлсэн учраас хүмүүст их хүрсэн байх. Эзнээ олохгүй бол ямар ч гоё дуу хит болж чаддаггүй.
Дан хайрын дуу дуулдаг. Монголын урлагийн түүхэнд байхгүй нэг сонин тохиолдол байгаа нь Равжаагийн “Хайртдаа дуулах дуу”-нд бадаг, дахилт ерөөсөө давхарддаггүй. Тийм учраас хүмүүст их хүрсэн байх.
-Та одоо хаана дуулж байгаа вэ?
-Одоогоор энд байх хугацаандаа III, IV хороололд байрладаг “Анун марал” лоунжийг хариуцаж байгаа. Оройдоо тэндээ дуулдаг. Мөнгө олох зорилгоор бус, намайг дуулахыг сонсох хүсэлтэй хүмүүстээ зориулаад есдүгээр сард тоглолт хийнэ.
Н.АМАРТҮВШИН