Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Чөтгөрийн бясалгал DNN.mn

“Хүн л байгаа цагт зовлон байх бөгөөд “Чөтгөр” гэгч байдаг бол тэр нь чи өөрөө мөн” гэх эшлэлээр энэ удаагийн “Ном ярьж өгье” буланг эхлүүлж байна.

Энэ бол Чадраабалын Ганжавхлангийн “Чөтгөрийн бясалгал” хэмээх ном юм.

Хавтас болон нэрийг нь харахад тийм ч хөнгөн, гэгээлэг биш нь анзаарагдана. Зарим нь аймшгийн ном гэж харах биз. Нэг сэдэв барьж аваад бичиж дуусгасан зохиол биш, удаан хугацааны турш бодож явсан зүйл, оршуулгын газар очоод төрсөн сэтгэгдэл, шинэ жилээр бэлэг тарааж явахдаа тохиолдсон явдал зэрэг тэмдэглэлүүдээ цуглуулан, дэс дараатайгаар баримтаар баяжуулан буулгажээ. Энэхүү номыг 2021 оны дөрөвдүгээр сард эрхлэн гаргаж байв.

Хүн бүр багтай. Хүн бүрийн дотор нуугдах чөтгөр, туулах ёстой үнэн, зугтаж чадахгүй асуудал зэрэг гүн гүнзгий агуулгыг хөндсөн энэхүү ном түүний дөрөв дэх бүтээл юм.

…Чөтгөрийг сулла, чөтгөртэй ярилц, чөтгөрийг өрөвд, чөтгөрт учраа олох боломжийг олго, хаашаа ч зугтах хэрэггүй маш тайван өөд өөдөөсөө хараад суу, учир нь чи тэр чөтгөрийг дотроо агуулж явна…

Уг номд зохиогчийн өөрийн үзэж туулсан амьдрал, хүүхдийн эрхийн зөрчил, хүний наймааны золиос, мансуурал, ядуурал, гэр хорооллын амьдралаас харсан их хотын эрээн бараан, амьдралын үнэн гэж юу болох, эрэл хайгуул, дотоод ертөнц гээд бүхий л зүйлийг шингээхийг зорьжээ. Бид болж буй хар бараан зүйлийг мэддэг, гэхдээ тоодоггүй. Хэдхэн хоног гажуудаж, бухимдаад л өнгөрдөг. Хэрэв та нийгэмд болоод өнгөрсөн зарим харамсалтай хэргийг мартсан бол уг номыг нэг сөхөөд хараасай гэж хүсч байна.

Мөн үгээр хэлэх аргагүй зарим зүйлийг гэрэл зургаар илэрхийлнэ. Бид адын далд хүслээ чөтгөр гэж нэрлэдгээс биш, үнэхээр чөтгөр энэ хорвоод байсан бол хүнээс хавьгүй энэрэнгүй, гэнэн байх байсан болов уу… Тийм ээ. Бараг л үнэн байх ч гэж бодно.

Эшлэл бүр нь философилог. Сошиал гэдэг нь хэрэг дээрээ бол хүний дотоод чөтгөрийг сэрээж, бүр тайзан дээр жүжиг тавиулдаг заваан газар. Тийм ээ, угтаа бол энэ үнэн. Тэнд хүүхэд живчихэв, энд бяцхан охиныг хүчиндээд амийг нь хөнөөв гэсэн мэдээллүүд сошиал орчинд хөвөрсөөр. Энэ мэтчилэн өр өвтгөм, байж боломгүй хэрцгий үй олон мэдээллийн давлагаанд бид дасчихсан, дөжирчихсөн. Ихдээ гурван хоног шуугина. Дараа нь мартана. Зөвхөн хүний санаанаас гарч болдог байх гэлтэй хүчирхийлэл, ад зэтгэрийн бодол зөвхөн хүнээс ажиглагддаг, мэдрэгдэж байдаг. Ийм шинж чанаруудын талаарх бодит үнэнг энэ ном өгүүлнэ.

“Ямар нэг амжилтын араас санааширч сэтгэл оюунаа зовоолгүй, зүгээр л салхи хэрхэн салхилахыг, мод хэрхэн найгахыг, ганц нэг навч нүүрэн дээр хэрхэн унахыг, газар доороос хайрч бага багахан жиндүүлэхийг, тэгсэн ч нарны илч чамайг ээж, халуу дүүгүүлэн байхыг бүх биеэрээ мэдэрч, юу ч бодолгүй хэвтэх юутай сайхан” гэх мөртөөс зүгээр л энгийн тайван амьдралыг хүсэх мэт.

“Нэг л эвгүй халтирчихлаа даа, бид. Яагаад ямар ч амьдрах итгэл, урам зориг үгүй болов? Яагаад ингэтлээ хазайчихав? Маш сул дорой ядруу байна, юу үлдэх вэ бидний үр хойчист. Одоо хэрхэн босох вэ?”

“БИ БОЛ НОВШ” гээд хэлчих ганц ч “НОВШ” үлдсэнгүй. Нэг л их ухаантай, нэг л их уран цэцэн, ерөөсөө л өөгүй мундаг хүмүүс! Нүүр чи угаасаа худал, дээр нь баг зүүчихсэн болохоор хэн ч чамайг ялгахын аргагүй” гэх. Бидний амьдарч буй нийгэм ийм.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *