Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Шаравын Сүрэнжавын “Долгионт жилүүдийн туужис”

“Ном ярьж өгье” буландаа Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын “Долгионт жилүүдийн туужис” хөрөг дурдатгалын бүтээлийг онцолж байна. Уг бүтээлд их эрдэмтэн Бямбын Ринчен, мөн Чойжилын Чимид, Цэгмидийн Гайтав, Ламзавын Ванган, Сономын Удвал, Донровын Намдаг, Бэгзийн Явуухулан гээд алтан үеийн зохиолчдын хөргүүд багтсан байдаг. Нэрт жүжигчин Ерөөлтийн Гомбодорж, богдын дүрээрээ нэршсэн Нямын Цэгмид гуайн дурдатгалууд, бөхчүүдээс Хадаа аваргын гэгээн цайлган дурсамж “Гангатын Гарьд магнай” тэргүүт кино зохиол нь багтсан юм. Эдгээрээс хоёрхон хүний тухай зурвасхан өгүүлье.

“Чойжилын Чимид амьдралдаа ихийг үзсэн хүн байлаа. Бага залуугаасаа алдрын оргилд гишгэсэн түүн шиг хүн олонгүй биз ээ. Арван гуравтайдаа маршал Чойбалсанд үнэлэгдэн, анх түүнд шүлгээ уншин шагнуулж, нам засгийн хэвлэлд гарч, тив дэлхийгээр тойрч ертөнцийн сайхан хүүхнүүдтэй уулзан учирч, архи дарсны охь манлайг хүртэж явсан нь үнэн юм. Чимид “Жаргалын зам” дууриа уншиж буйг харах юутай жавхаалиг билээ. “Шингэх нарны туяанд шижир шиг гялалздаг голууд минь мяралзанхан мэлтэлзэнхэн урсаад л байна уу даа” гэж гоолигхон агаад цогтойхон залуу эр яруухнаар уншиж буйг харснаа үл мартнам. Ер нь би Чойжилын Чимидийг нүдээр үзсэн нь хэзээ билээ. Жараад оны эхэн үеэр Монголын залуучуудын ордны их танхимд сансрын нисгэгч герман Титовын уулзалтыг хөтөлж буйг хараад “Энэ хүн шиг ингэж чөлөөтэй ярьж, яруухан өгүүлж сурахсан гэж бахархан баясаж явсан сан” хэмээн Сүрэнжав Чимидийгээ санагалзаад жаран долоон онд түүнийг Зохиолчдын хорооны орлогч дарга байхад “Миний дуулах ертөнц буюу жүжигчин” найраглалын шагналаа авснаа дурсдаг.

“Чимид ихэд уриалгахнаар 7500 төгрөг олгохоор Нярав Ложоо гуайгаас мөнгөө аваад гарч ирвэл мөнөөхөн цохолт хийсэн дарга маань үүдэнд тосч байна. “Гадаа Энэтхэгийн элчинд үйлчилж байгаа хар тэрэг бий. Чи түүнд ороод суу” гэлээ. Шалмагхан алхалж гараад өнөө ганган хар машины хаалгыг татвал арынх нь суудал дээр Явуу, Эрдэнэ хоёр сууж байдаг юм. Би тэднийг хараад баярлана биз дээ. Чимид жолоочийн хажуу талын суудалд суугаад “Эхнэр чинь хаана билээ” гэж асууж байна. “Их дэлгүүрийн яслийн эрхлэгч шүү дээ” гэлээ. Тэр даруйд “Их дэлгүү-рийн үүдэнд очоод зогсоорой” гэж жолоочийг захирав. Утга зохиолын аваргуудтай яваадаа би дотроо бахдан баярлаж ганган хар машины минь цонхоор “Намайг хүмүүс хардаг ч болоосой” гэж ийш тийшээ сэрвэлзэж л явлаа. Их дэлгүүрийн үүдэнд ирээд Чимид “За чи яваад эхнэрээ аваад ир” гэв. Би дорхноо таван давхарт гарч Цэндээг дагуулаад ирэв. Ингээд шагналын мөнгөнөөсөө таван мянгыг нь Цэндээд гаргаад барилаа. Зузаан гэгч зуутын ногоон дэвсгэрүүд атгуултал Цэндээгийн баярлаж байгаа гэж жигтэйхэн. Гутлынх нь ул гялалзаад Их дэлгүүрийн шатаар алга болж билээ” хэмээн дурдатгалын хуудас хөвөрнө.

“Жаран нэгэн оны гуравдугаар сарын зургааны үдэш Их сургуулийн 170 дугаар өрөөнд Ринчен гуайтай уулзалт хийснийг мартдаггүй. Дорно дахины хүн гэдгээ илтгэсэн хөх өмд, хүрэн тэрмэн дээл дээр мөнгөн аралтай бүс бүсэлчихсэн нь сонин сайхан харагдаж билээ. Мөрөө шүргэсэн буурал үс, дээд уруул дээрээ хоёр тийш сэрвийлгэсэн сахал тэргүүтэн нь овор оруулсан болохоос уг нь ануухан хүн байв. Царайд нь үрчлээ ховор, духаараа ширтэн духайж, толгойгоо үл ялиг сэжисхийн ярихад нь бид бүгдээр ам ангайн сонсож байсан даа. Ринчен багшийн лекцэнд олонтаа сууж, Зохиолчдын хороонд болон гэрээр нь хааяа учралдан ярьж явсан туульс сэтгэлд долгилдог юм. Нэгэн өдөр шар торгон дээлээ намируулсаар Зохиолчдын хороогоор ороод ирэв. Бие багавтар хийгээд билбүүрдэж гүйхдээ шаламгай нэгэн Ринчен багшийн өөдөөс гүйж очоод толгой дээрх дугуй малгайных нь оройны товч унасны ормоор буурал үс нь цухуйж буйг ширтэн “Ринчен гуай таны наад толгой дээрх чинь малгай юм уу, юу юм” гэхэд, Миний энэ ч эрдэмтний гэгээн тэргүүн дээр тавиастай юм болохоороо малгай нь чиг малгай л даа. Харин таны наад ганган бүрхний доорх чинь толгой юм уу, юу юм бэ гэж билээ. Мань хүний сэтгэх аяс нь циркийн шидэх банзны ойлт шиг бодох завгүй тэр дор нь хариу өгдгөөрөө гайхалтай” гэж дуу алдсан байдаг. “Долгионт жилүүдийн туужис” шиг зохиолч, зохиолчийнхоо тухай чухамхүү найрагчийн халуун зүрхний шүүрс алдалтаар бичсэн бүтээл ховор ч болов уу гэж бодогддог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *