Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Мэдисон нутгийн гүүрнүүд

Уянгын… сэтгэл хөдлөм бас уярам… мөнхийн хайрын тухай үлгэр”, “Хүн бүрийн сэтгэл зүрхийг хайлуулмаар… бүр хамгийн зөрүүд циникүүдийг хүртэл уяраамаар, сэтгэл шаналгасан түүх. Гэхдээ бодит амьдралын сэдвийг хөндсөн учраас үйл явдал нь тун ойлгомжтой”, “Энэ бол хайрын тухай өгүүлдэг жирийн нэгэн зохиол биш. Хүч тэнхээ, мэргэн ухаан бас итгэлийн талаар яруу уран, утга төгөлдөр өгүүлнэ”, “Нулимс мэт төгс бүтээл”.

Энэхүү алдартай бүтээлийг энэ мэтээр дүгнэсэн хэдэн арван сэтгэгдэл бий. Одоо ч ар араасаа хөвөрсөөр байдаг. “Мэдисон нутгийн гүүрнүүд” нэртэй уг номонд хайрын сэтгэлийн их хүч, хүндэтгэл, санагалзах сэтгэлийн талаар өгүүлдэг. Роберт Жеймс Уоллерийн уг номыг орчуулагч О.Анударь орчуулж, “Монсудар”-аас эрхлэн гаргажээ. Номын зохиогч богино өгүүллэг, эссэ төрлөөр бичдэг байснаа 1992 онд “Мэдисон нутгийн гүүрнүүд” гэх энэхүү романаа бичжээ. Дэлхий даяар 60 сая орчим хувь борлогдсон амжилтаараа өнгөрсөн зууны хамгийн амжилттай номнуудын нэгэнд тооцогдох болсон байна. Мэдээж орчин цагт сайн муу зохиол бүтээлийг уншигчид асуудалгүй ялгадаг болсон. Тэгэхээр 60 сая борлогдсон гэхээр маргаангүй ер бусын зохиол мөн байх нь. Уг романаар 1995 онд нэрт жүжигчин Клинт Ийствүүд, Мэри Стрип нар гол дүрийг нь бүтээсэн ижил нэрт кино бүтээгдсэн юм. Уншигч та магадгүй киног нь үзсэн байх. Үзээгүй бол үзээрэй. Бас номыг нь заавал уншихыг зөвлөе.

1960-аад онд Айова мужийн Мэдисон дүүргийн нэгэн эдлэн газарт зохиолын үйл явдал өрнөдөг. Гэрлэж, хоёр хүүхдийн ээж болсон Франческа болон гэрэл зурагчин, ганц бие эр Кинкейд хоёрын хайр сэтгэлийн тухай энэ номонд өгүүлэх болно. “Na­tional Geographic” сэтгүүлийн захиалгаар өвөрмөц, битүү хийц бүхий гүүрнүүдийн зургийг авах ажлаар Кинкейд эл газарт хэд хоног саатна. Халуун нар төөнөсөн тэр өдөр Кинкейд нэгэн гүүр хүрэх замыг асуухаар Франческа бүсгүйн гэрийн гадаад хэсэгт саатах бөгөөд тэд анхны харцаар хоёр биедээ татагдан, бүсгүй ч зам заахаар зурагчин залуугийн машинд сууснаар үйл явдал өрнөж эхэлнэ. Энэ үетэй давхцаад Франческагийн гэр бүлийнхэн мужийнхаа хөдөө аж ахуйн үзэсгэлэн яармаг орохоор эзгүй байж таардаг. Хэдийгээр нас нь 40 нэлээн гарцгаасан тэдний хайр сэтгэлийнх нь холбоо хэдхэн өдөр үргэлжлэх авч хэзээ ч бие биенээ мартаагүй, харин ч алс холоос ч гэсэн нэгнийгээ үгүйлэн хайрласаар насыг барна. Гэлээ ч Франческа гэр бүл, үр хүүхдээсээ яваагүй, Кинкейд ч бүсгүйгээ зөвхөн хайрласан. Бас хэн хэнээсээ урваагүй. Бас тэр хоёрын учрал хэн хэнийх нь амьдралыг үүрд өөрчилсөн.

“Мэдисон нутгийн гүүрнүүд” зохиол ер бусын энгийн хэрнээ хүн гэдэг амьтанд хамгийн хүчтэйгээр мэдрэгддэг, шархлуулж, бас эдгээж чаддаг хайр сэтгэлийн тухай гайхамшигтайгаар гаргаж чадсан юм. Номын өмнөх үгэнд ингэж бичсэн байх юм. “Хайрын тухай хоёр талаас нь харуулна. Нэг талаас эр эм хоёрын бие биедээ тэмүүлэх романтик хайр, нөгөө талаас гэр бүл эцэг эх, үр хүүхдийн хоорондын хайр. Аль аль нь туйлын хүчтэй, хоорондоо зөрчилдөөнтэй”. Уг зохиолыг уншихад яг л энэ дүгнэлтэд хүрнэ. Яг таг хэзээ ч ийм зүйл тохиолдохгүй гэж бардам итгэлтэй байсан хүнд ч яг энэ зохиолд гардаг үйл явдал шиг зүйл учрахыг үгүйсгэх ямар ч аргагүй. Магадгүй “Мэдисон нутгийн гүүрнүүд” зохиолын үйл явдал дэлхий дээр хэдэн арваараа тохиолддог байхыг ч үгүйсгэх газаргүй. Амьдрал баян, элдэв хувь зохиолоор дүүрэн. Хэн ч, хэзээ хормын дараах ирээдүйгээ харж чадахгүй шүү дээ.

“Үнэт эрдэнэс мэт ном. Үд дунд гэрийнхээ гадна цэцэрлэгт амарч суух зуураа уншаад дуусгачих тийм зохиол. Гэхдээ битгий тэгээрэй. Сайн дарс шимж буй мэт хуудас бүрийнх нь амтыг мэдрээрэй. Хуучны хэв маягтай энэхүү хайрын түүх таны оюун санаа, зүрх сэтгэлийг булаачихаад буцааж өгөхгүй л болов уу”… Toledo Blade.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *