Хёлго бодонгууд овогт Ц.Мөнхдорж жанжин Д.Сүхбаатарын намтар түүхийг сүүлийн хэдэн жил дагнан судалсны үр дүнд “Их жанжин улиад хамниган Д.Сүхбаатар” номыг бичжээ. Д.Сүхбаатар нь 1893 оны хоёрдугаар сарын 2-нд одоогийн ОХУ-ын Чита мужийн Бооржийн районы нутагт манай Улз гол цутгадаг Тарь нуураас хойш, Дорнод аймгийн Чулуунхороот сумаас холгүй хойд талд нь орших Гүн жалгатай гэдэг газарт цагаан дээлт Дашийн Дамдин хэмээх улиад хамниган айлын хоёр дахь хүү болон мэндэлснийг тогтоосон байна. Түүний охин дүү Дулам нь Бооржийн районы Бухын харуул гэх газарт 1906 онд төрснийг мөн тогтоосон байна. Д.Сүхбаатарыг буриад гэж нотолдог Дорнодын Цагаан-Овоогийн өндөр настан Гонгорын Пампаантай уулзжээ. Пампаан гуай 1921 онд төрсөн хүн юм байна. Тэрээр “Намайг 10 гаруй настай байхад манайх эртний түүхт Бар хотын орчмоор нутагладаг байлаа. Тэр үед Д.Сүхбаатарын ээж Хандын төрсөн дүү нь болох Лувсангийн Жанга гэдэг хүн эхнэр Бүтэдийнхээ хамтаар манайхтай айл зэргэлдээ нутагладаг байсан. Жангынд Д.Сүхбаатарын төрсөн дүү Дулам хонь хариулж амьдардаг байсан. Дулам хүнтэй суугаагүй ч нэг хүү төрүүлж түүнийгээ Жангадаа өргүүлсэн” гээд дүү Дуламын ярьсан яриаг Мөнхдоржид дуулгажээ.
Дулам ярихдаа “Манайх Оросын Чита мужийн Бооржийн районы Тарь нуурын орчмоор Бухын харуулд нутаглаж байгаад 1918 онд Монгол руу Халхголд ирсэн. 300 гаруй буриад, хамниган айл малаа аваад Монгол руу нүүхэд бид цуг ирсэн. Монголд Ардын хувьсгал ялсны дараа ах Сүхбаатарыг маань монгол цэргийн их том дарга болсон гэж хүмүүс ярилцдаг байсан. Нэг удаа Жанга нагац дээр дотоод яамны төлөөлөгч ирж уулзахад би тийм хүн мэдэхгүй гээд Сүхбаатарын нагац ах гэдгээ нуусан. Багийн дарга Галсанжамц манай төрөл садангийн хүмүүсийг бүгдийг нь Сүхбаатарын хамаатан гэдгээ нуу гэж дарамталдаг байсан” хэмээн ярьсан байдаг. Номын зохиогч судалгааныхаа ажлаар олон арван хүнтэй уулзсаны дотор Чойбалсан хотын иргэн, Цагаан-Овоо сумын уугуул 85 настай Цэрэндорж гуайн яриа анхаарал татна.
Цэрэндорж гуайн аав Намдагийн Жигмэд 1891 онд Читийн дээд Бооржийн голд төрж, 70 насыг насалсан байна. Аавыг нь төрөх үед өвөө Намдагийнх нь Цагаан хуасай омгийн жаахан Дамдиныхтай хөршүүд, садан төрөл байсан гэнэ. 1893 онд Сүхбаатар мэндэлж, Цэрэндорж гуайн аав Жигмэд, их жанжин Сүхбаатар болоод, нагац Жанга нартай нь тоглож өсчээ. Жанга нь 72 насыг зооглож 1964 онд бурхны хутгийг олжээ. Цэрэндорж гуай ярьсан нь “Тавиад оны эхээр Жанга өвгөний бие муудахад С.Янжмаа (Д.Сүхбаатарын эхнэр) орос эмч дагуулж чийчаан тэрэгтэй ирсэн. Тэр үед манайх Зүүн Барьханд Жангынхтай айл нутаглаж байсан. Янжмаа ирээд буцсанаас хойш удалгүй Жанга өвгөн хоёр толгой үхэр нядлаад, гурван тэмээн тэргэнд ачиж, Дуламаас өргөж авсан Шагдарсүрэнг аваад Улаанбаатар явсан. Нэлээд удсаны хойно бие эрүүл болоод ирсэн. Гэрийнхээ гадуур дун цагаан бүрээс татсан. Янжмаа бэлэг болгон өгсөн гэдэг. Тэр үед тийм гоё цагаан бүрээстэй айл байгаагүй учир их содон харагдаж байлаа” гэж ярьсан нь бий. Түүхэнд Сүхбаатарын Янжмаа гэж нэршсэн тэр хүн ханийгаа буриад гэдгийг мэддэг, ах дүү, хамаатан садныг нь таньдаг төдийгүй нас барах хүртлээ эргэж тойрсон нинжин сэтгэлт, журамт эмэгтэй байсныг тэмдэглэжээ.
Номын зохиогч Ц.Мөнхдорж судалгаагаа мухарлахын тулд Дорнодын Эрээнцав буюу Чулуунхороот сумын хилийн шалганаар гарч Соловьевск тосгонд очжээ. Тэндээсээ Хамниганы Новая Заря тосгонд очиж Цэрэнханд болон Уваши Сүрэн Дольжина нарын хоёр хөгшинтэй уулзсан байна. Новая Зарягийн барууханд Имайлк тосгон, түүнээс цааш хорь гаруй км-т Баруун Тарь нуурын хажууд Красны Имайлк тосгон бий аж. Эдгээр сав нутаг бол тэр чигээрээ улиад хамниганы нутаг, өөр овгийнхон байхгүй болохыг тогтоож, Сүхбаатарын эцэг Дамдин улиад хамниган хүн болохыг мухарлажээ. Жараад онд Бухын харуулд Д.Сүхбаатарын нэртэй кино гарч түүнийг үзсэн 80-аас дээш насны ахмадууд улиад хамниган Дашийн Дамдины хүү Сүх нь Монголд очоод Сүхбаатар нэртэй болоод зогсохгүй халх хүн болж хувирсанд ихээхэн уурласан гэдэг. Д.Сүхбаатарын эцэг Бухын харуулд орших хасаг цэргийн албанд олон жил харуулын алба хашжээ. Тэрээр Омкс хотноо хасаг цэргийн бага дарга нарыг бэлтгэдэг сургууль байдгийг сонссон тул хүү Сүхийгээ Эрхүү дэх орос гимназа төгсөнгүүт нь Омскийн Кадетад сургахаар явуулсан байна. Д.Сүхбаатар тэнд гурван жил суралцаад 1912 онд Оросын хаант засгийн армид пулемёт бууны салааны даргаар томилогдсон байдаг. Ингээд Оросын хаант засгийн армиас монгол цэргийг сургахаар ирсэн 58 сургарч нарын дунд Д.Сүхбаатар багтжээ. Тэрээр 20 нас хүртлээ Сүх нэртэй байсан нь Бямбын Ринчен гуайн дуртгалд бий. Их жанжин Д.Сүхбаатарын намтрыг үнэн бодитой, судалгаатай, амьд гэрчүүдийн үгээр бүтээн гаргасанд уг номын үнэ цэнэ оршиж байна.