Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Ид, залбир, хайрла”

Америкийн сэтгүүлч,
зохиолч, аялагч, уран илтгэгч
Элизабет Гилбертийн “Ид,
залбир, хайрла” нэртэй нэгэн
гайхалтай номыг энэ удаагийн
“Ном ярьж өгье” буландаа
онцолж байна.
“Нэгэн бүсгүй амьдралын
утга учрыг эрэлхийлэн Итали,
Энэтхэг, Индонезээр аялсан
нь” гэсэн тодотголтой энэхүү
номоо зохиолч эмэгтэй 2006
онд бичсэн бөгөөд бараг
дөрвөн жилийн турш “New
York Times”-ийн бестселлер
номоор шалгарсан төдийгүй
эмэгтэй хүн бүрийн заавал
унших номын тоонд нэрлэгдсэн
байдаг. Тус зохиолоор 2010
онд Холливудын кино хийгдэж,
Элизабет Гилбертийн дүрд
жүжигчин Жулиа Робертс
тоглосныг уншигчид сайн
мэдэх байх. Зеролекс
хэвлэлийн газраас 2018 онд
монгол хэлнээ хөрвүүлж
уншигчдын гарт хүргэсэн.
Энэ ном нь гурван
бүлэгтэй. Нэг бүлэгт 36 дэд
хэсэг бий. Бүх бүлгийн тоо
нийлээд 108 болох ба эрхийг
бэлгэдэж номоо ийнхүү
зохиомжилжээ. Эхний “Ид”
нэртэй бүлэгт Гилбертийн
дэлхийд хоолны урлагаараа
гайхагддаг Итали орноор
аялсан түүх гардаг. Зохиолч
эмэгтэй өөрөө сэтгэл санааны
гүн хямралд орж, турж эцэн,
цаашид хэрхэн амьдрахаа
ч мэдэхгүй хэцүү байдалд
орсон үедээ бүхнийг мартаж
сэргэлт авахаар Италийг
зорьдог. Бас итали хэл сурах
мөрөөдөл нь ч нөлөөлдөг.
Энэ бүлэгт амьдралын баяр
баяслыг идэх хоолноосоо
хэрхэн мэдрэх тухай голчлон
өгүүлэх боловч цаагуураа
хүмүүсийн өдөр тутмын
амьдралд байнга тохиолдож
байдаг ч тэр бүр анзаардаггүй
олон сайхан мэдрэмжийг
уншигчдад мэдрүүлж, ойлгуулдаг. Жишээ нь, зүсэм
пицца идсэн ч тэр пиццанд
орсон орцуудыг тултал мэдэрч
амтлах, түүнээсээ таашаал
авах, бороотой өдөр гэртээ
аяга халуун цай ууж байхдаа
амар амгаланг мэдрэх,
өглөө бүр кофены сайхан
үнэр түгсэн өрөөнд сонин
гарчиглан суухаас авах тэр
мэдрэмжүүд. Энгийн боловч
энэ бүгдээс сайн сайхныг
мэдэрч, одоо байгаадаа
сэтгэл хангалуун байж чадвал
аз жаргалтай амьдарна гэсэн
санааг ойлгуулах болно.
“Залбир” хэмээх
хоёрдугаар бүлэгт Энэтхэгт
очиж хэрхэн их багшаа олсон,
бясалгал хийж сурсан тухай
гардаг. Хүмүүс бид завгүй,
бухимдал ихтэй, замбараагүй
ертөнцөд амьдарч байна.
Үүнийг засч өөрчлөх боломж
нэгэнт байхгүйгээс хойш,
бас амьдрахаа больж
болохгүй болохоор энэ их
дарамт, стрессээс өөрийгөө
чөлөөлж, уужуу амьсгал
авч, өдөр бүрийг хэрхэн аз
жаргалтай өнгөрүүлэх вэ.
Өөрийнхөө мөн чанарыг
нээх нь амьдралын жинхэнэ
утга учир юм байна гэдгийг,
нүгэл биш буян үйлдэх нь,
бусдыг шүүмжлэхээсээ илүү
хайрлаж ойлгох нь эргээд танд сэтгэлийн амар амгаланг
бэлэглэх болно гэдгийг
зохиолч энэхүү аяллаараа
олж нээсэн байдаг.
Энэ бүлгээс “Мөргөл гэдэг
нь бурхантай ярилцахыг,
харин бясалгал гэж бурханыг
сонсохыг хэлнэ” гэдэг
эшлэлийг онцолъё.
“Хайрла” хэмээх
гуравдугаар бүлэгт
Гилбертийн жинхэнэ
хайртайгаа учирч буй тухай
гардаг. Хүн сэтгэл зүрхтэй,
хайрлаж дурладгаараа бусад
амьтдаас ялгаатай. Хайр
олон төрөл байх боловч
мэдрэмж нь ижил, ундарга
нь ганц л газраас үүсэлтэй.
Хүн зүрхээрээ дурладаг гэдэг,
тархиараа бодож хайрладаг
гэлцдэг. Гэхдээ сэтгэл гэгч
хүнийг хүн байлгаж чаддаг
мөнхийн, хэзээ ч дундаршгүй,
бүх зүйлсийн анхдагч болсон
тэр л газраас хайр оргилон
ундарч байдаг. Хайр бол хүний
мэдэрч болох хамгийн сайхан
мэдрэмжүүдийн цуглуулга,
хүнээс гарч болох хамгийн
дулаан энергийн бөөгнөрөл.
Таны дотор үргэлжид оршин
байдаг “жинхэнэ өөрийн” тань
илэрхийлэл.
Жирийн нэг сэтгүүлч,
аялагч эмэгтэй аяллынхаа
түүхийг ярьж өгч байгаа мэт
боловч хүний амьдралд
тохиолдож болох, угаасаа ч
тохиолдож байдаг баяртай,
гунигтай зүйлсийг энгийнээр
бичсэн болохоор энэ
номыг уншсаны дараа танд
найзтайгаа ярилцсан юм шиг
дотно мэдрэмж төрүүлэх нь
дамжиггүй.
“Эрт урьдын цагт
санамсаргүй тохиолдлоор чи
өөрөө өөрийгөө, өөрийнхөө
найз болгосон гэдгээ хэзээ
ч бүү мартаарай” Элизабет
Гилберт.

А.МӨНХЗУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *