Шинээр төрөн гарч буй залуу шүүмжлэгч, судлаач, СУИС-ийн багш Х.Чойдогжамцын “Гүн хэлмэр” хэмээх шинэхэн номын тухай уншигчидтайгаа хуваалцахаар шийдлээ. Нэрнээсээ авахуулаад л гүн гүнзгий утга агуулгатай, Монголын утга зохиолын шинэ зууны шүүмж судлалд өөрийн гэсэн орон зайг эзэлж буй энэхүү бүтээлд Монголд бараг үгүй болоод буй театрын шүүмжүүд орсон нь олзуурхууштай юм. “Хараачлах үнэний бараа буюу Ч.Түвшний “Эдип хаан”, “Байгалийн шинэ жам уу, Шинэ байгалийн жам уу” зэрэг театрын шүүмжүүд нь тайз, үзэгчийн хоорондох харьцааг шинээр нээж сэтгэлгээний өргөн загвараар боловсруулсан нь нэлээдгүй даацтай шүүмжүүд болсон байна.
Мөнхүү уран зохиолын хүрээний ахмад үеийнхэн гэхээс бус шинээр төрөн гарч буй залуу зохиолч, яруу найрагч, шүүмжлэгчид төдийлөн мэдэхгүй Ж.Төмөр хэмээх шүүмжлэгчийн “Үндэс үрнээсээ” номын тухайд “Салхин дундах зул” хэмээсэн тэмдэглэл нь ч өнөөгийн уран зохиолд үгүйлэгдэж байсан зүй тогтлыг олж харж, өмнөх үеийнхээ зохиолчдын олон сайхан бүтээлийг хойч үедээ таниулсан явдал юм.
Номын өмнөтгөлд МУСГЗ, яруу найрагч, утга зохиол судлаач Л.Нямаа “XXI зууны, оюун мандлын эриний хүмүүсийн оюуны хэрэгцээг хангах жинхэнэ урлагийг бүтээхийн төлөө зүтгэхэд Х.Чойдогжамцын “Гүн хэлмэр” ном тус болно” хэмээжээ. Өдгөө бид ертөнц текист гэдгийг ухаарсан, оргүй хоосонд орших олон хий биетүүдийн хөдөлгөөн, амьсгалахыг олж нээх хэмжээний оюун сэтгэхүйд хүний ертөнцөд аж төрж байна. Нөгөөтэйгүүр энэ л нийгмийн бурангуйг үл анзааран, эсвэл анзаарсан сэтгэлийн шаналангаа үгийн урнаар илэрхийлж буй жинхэнэ урлагийг бүгтээгчдийн дунд, тэдний бүтээлийн амин сүнсийг нээн илрүүлэхийн тулд “гүн хэлмэрч” мэндэлж буйд талархууштай.
МУИС-ийн багш доктор Д.Галбаатар нэгэнтээ “Шүүмжлэл бол нохойд барьдаг мод биш” хэмээсэн. Шүүмжлэл гэдэг шүүн тунгаах, зохиолын сайн мууг үнэнээр нь ялган салгаж, шинжлэхийн нэр биз ээ. Тийм л учраас залуу судлаач Х.Чойдогжамц “Гүн хэлмэр” номондоо “Л.Өлзийтөгсийн шүлгүүдийг уншихад хэзээ ч ийм удаан байдаггүй байлаа” гэж хүүрнэл зохиолчийнх нь тал дээр зоригтой дуугарч чадсан бол “Л.Өлзийтөгсийг яруу найрагчийн хувьд өмөөрөхийн тал дээр ярих ч хэрэггүй. Тэр шинэчлэгч (уншигчдаасаа “зул задарчихсан”) уран бүтээлч, жинхэнэ (гэхэд л хангалттай) яруу найрагч” хэмээгээд “Буриадын нэрт яруу найрагч Сергей Тумуровын “Хүннү уулын нойрсогч өвс” шилмэл шүлгийн түүвэр оюун санааны минь ойд оршигч нэгэн сүнсийг сэрээх шиг болов”, “Мэдрэхүйн бүхэллэг чанар-хайку” зэрэг шүүмжүүд нь зохиолчдын оюун сэтгэлгээ, өөрөө төрсөн бүтээлийн чанарт шинээр хандсан байна.
Уран сайхны шүүмж гүн хэлмэрч Х.Чойдогжамцын номын шүүмжүүд ийм буюу. Бусдын бүтээлд хэрхэн ажиглалт хийж, үнэн зөвөөр нь зохиолчийг нээж гаргах нь судлаачдын хэрэг боловч нэг ёсондоо шүүмж гэдэг тэдний өөрсдийн оюун санааны томоохон бүтээл юм. Яг үүнтэй адил эл номыг бүтээгчийн өөрийнх нь хэлсэн шиг уран бүтээл, уран сайхны шүүмжлэл “бүтээгдэнэ, бүтэцлэгдэнэ, дүрслэгдэнэ, тэмдэглэгдэнэ” гэдэг энэ билээ. Дашрамд дурдахад Х.Чойдогжамц “Гүн хэлмэр” номоороо Г.Сэр-Одын нэрэмжит шагнал хүртсэн бөгөөд МЗЭ-ийн 87 жилийн түүхэнд анх удаа энэхүү шагналыг шүүмж, судлалын мэргэжлийн хүн хүртэж буйгаараа ихээхэн онцлогтой юм.
Л.Цэнгэл