“Болор судар” хэвлэлийн газраас 2015 онд гаргасан “Эртний сургаалын зохиолууд” номыг онцолъё. Монголчуудын сайн мэдэх “Оюунтүлхүүр”, “Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу хэмээх сургаал”, “Орчлонгийн сав шимийн дууллаас”, “Нэгэн үсгийн эрдэм хэмээх сургаал”, “Авах, гээхийн дөрвөн мөрт шүлэг”, “Тоть шувууны сургаал”, “Ардыг тэжээхүй рашааны дусал хэмээх шастир оршвой”, “Чойжид дагинын тууж”, “Молон тойн эхдээ тус хүргэсэн нэрт судар оршвой” гэсэн сургаалуудыг энэхүү номонд эмхэтгэжээ. Олон зууныг дамжсаар ирэхдээ сургаалын мөн чанар нь алдагдаагүй, утга, хэлэх гэсэн санаа, ухаж ойлгуулах гэсэн зорилго нь балартаагүй эдгээр сургаалууд бол монголчууд бидний эдүгээ ч эрхэмлэн уншиж, хадгалж явбал зохилтой үнэт өв билээ. “Эртний сургаалын зохиолууд” номонд монголчуудын оюуны охь болсон сургаалуудыг багтааж, ийн эмхэтгэсэн нь юутай олзуурхууштай билээ.
“Оюунтүлхүүр” болбоос Монголд машид түгээмэл дэлгэрсэн зохиол. Гэрээр бичиг сурсан багачуудад Цагаан толгой заасны дараа уншуулж, утгыг нь тайлбарлаж өгч, цээжлүүлдэг дэгтэй байжээ. Энэ сургаалыг зан суртахууныг төлөвшүүлэх зорилгоор хүүхдүүдэд багаас нь уншуулж ирсэн байдаг билээ. Зохиол дотор уг сургаалыг Чингис хаан зохиосон гэж дурдсан байдаг. Үнэхээр зарим хэсэг нь “Чингисийн билэг сургаал”-тай холбоотой. “Оюунтүлхүүр”-ээс:
…Өчүүхэн номч хүн омгоор
Үргэлж их мэдэх мэргэдэд халдваас
Үтэр шантрахын тэмдэг.
Гэнэт сайжирсан ард
Хэтэрхий ихсэд халдвал
Гэмшиж үл барагдахын тэмдэг.
Арслангийн омог баатар мөн арсландаа зохих
Үнэгний уран арга мөн үнэгтээ зохих
Арслангийн баатар омог үнэгт тусгүй
Үнэгний уран арга арсланд тусгүй
Арслан үнэг мэт явбал үтэр гутах
Үнэг арслан мэт явбал түргэн үхэх.
“Цаасан шувуу” бол монголчуудын дунд мөн өргөн дэлгэрсэн шашин суртахууны уран зохиолын нэг. “Цаасан шувуу” сургаалаас:
…Мунхаг хүнтэй уралдваас үйлийн үрийг үл мэдэх тул өөрөө гомдмуй.
Хүсэл ихтэй хүнийг чанга хоригловоос гансрах тул аргаар номхотго.
Ууртай хүнийг ширүүн хэлбээс аюул болох тул улмаар ухуул.
Омогтой хүнийг дарлаваас хорсох тул нэр цолоор баясга.
Дээрэнгүй хүнийг хөгжөөвөөс хэрэг гарах тул их битгий хэрэгс.
Атаач хүнд нүүр эс өгвөөс гомдох тул сайхан загна.
Харамч хүн нэг ширхэг утсыг ч олов харамлах тул арилжаа бүү хий.
Зусарч хүнтэй нөхөрлөвөөс зоргоор сорох тул доорд суудлыг барь.
Ховч хүнтэй хэлэлцвээс бусдын гэмийг сонсох тул үгийг битгий итгэ.
Их хүнийг эс нүүрдвээс өмөггүй болох тул ёсын дотор сайхан хүндэл
Боол хүнийг эс баярлуулваас явдал хожимдох тул бага сага юм өг.
“Орчлонгийн сав шимийн дууллаас”:
…Шилэгдэж үл дуусах ертөнцийн бие
Шаналж үл дуусах орчлонгийн гомдол
Шунаж үл дуусах ертөнцийн харам
Шилбэлзэж үл дуусах омогт сэтгэл ээ.
…Үхэвч үл шингэрэх хүр их ертөнц
Үзэвч үл ажаарах алиа орчлон
Өтлөвч үл хэрсүүжих зөнөг ертөнц
Өгүүлэвч үл сонсох дүлий орчлонгийн амьтан аа.
Сав шимийн энэ ёсыг мэдвээс
Сайн эрдэмт хүний биеийг олсон
Шашин номтой учирсан энэ сайн цагт
Сааралгүй үтэр ном буяныг үйлд ээ хэмээжээ.