Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Чорос” роман

Галдан бошигтыг нийтийн тооллын 1644 он буюу арван нэгдүгээр жарны хөх бичин жил эхээс мэндлэхэд түүнтэй цуг нэгэн домог эхэлжээ. Хар Эрчис мөрөн савандаа багтахгүй цөн түрж, их усны урсгалд булингартай цөөрөм, нуга тохой угаагдах үед энэ домог эхэлсэн гэнэ. Алтай болоод тэнгэр уулсыг холбосон солонго нумарч, нойтон цас түм буман цагаан эрвээхэй мэт будран ахуйд уул, үүл хоёрын дундуур нэгэн цагаан ирвэс цахилан одов гэнэ. Ойрадын хаан Эрдэнэбаатар хунтайжийн бага хатан Юм Ага хатнаас төрсөн хөвүүн сүрлэг их уулсын хад асга дунд хэвтэж байсан ирвэсийг цочтол чарлан уйлж цуурайтуулсан хэрэг аж. Цагаан ирвэс болоод Галдан бошигт хоёрын нууцлаг зөн билгийн холбоо үүнээс эхлэлтэй. Зая бандид Намхайжамцийн зөгнөн хэлснээр бол Галдан Энса хутагтын хойд дүр юм. Цагаан ирвэс цочсондоо огло харайн дүүлж одохыг харсан хот хүрээнийхэн сүсэглэх нь сүсэглэж, хараал ёр гэж хүлээж авах нь байв. Үүнээс үүдэн Галдан хар нялхаасаа л атаа жөтөө, хар хор, баяр хөөр, гуниг зовлон дагуулна. Галдан төрсөн нэг ахтай билээ. Түүнийг Сэнгэ гэнэ. Харин Эцэг хунтайжийн нь их хатан Балждарагаас төрсөн Цэцэн, Зодовбаатар нар бол түүний эцэг нэгтэй ах дүүс юм. Гэвч тэд элдвийн хар хор сэдэж явдаг байлаа. Нэгэн удаа Галданг Төвд рүү ном үзэхээр явах гэж байхад эцэг нэгт ах Цэцэн нь Галданг Жоов тайгантай жишин зүйрлэж, насан туршаа эм хүний үнэр авахгүй тайган шиг явах болж хэмээн тавласан нь Галдангийн хүүхэд насны гэнэн сэрэхүйд хамгийн хэрцгий доромжлол болон үлджээ.

Галдангийн төрсөн ах Сэнгэ түүнээс олон насны зүрүүтэй тул тэр бүр хамт байхгүй. Харин түүнд Мягмансанж хэмээх үе тэнгийн охин л их хань бараа болдог байлаа. Мягмансанж тэр хоёр товшуур хөгжмөөр хөгжимдөн тоглох дуртай байв. Нэгэн удаа Хүрээнд авчирч торонд хорьсон ирвэсийн хашаанд Галдан яваад орчихсон түүнийг эрхлүүлж байхыг харсан Мягмансанж Галданг хориглож дийлэхгүй болохоор Юм Ага хатанд хэл хүргээд ирэх үед Галдан ч, ирвэс ч алга болсон байв. Хүрээ хотоор нэг үймээн сандрал болж, Эрдэнэбаатар хунтайж баг цэрэг дагуулан хүүгээ хайсны эцэст Галданг уулнаас эрүүл саруул олно. Энэ хэрэг явдлаас ч болсон уу, эсвэл хүүгээ бурханы шашинд зүтгүүлэх чинхүү хүслэн, Зая бандидын зөгнөл нөлөөлсөн үү Эрдэнэбаатар хунтайж Галданг зургаан настайд нь Цаст Төвдийн орноо илгээнэ. Галданг Төвдөд одсоны дараахан эцэг Эрдэнэбаатар хунтайж нь найм дахь хатан Аминдара хэмээх цав цагаан сормуустай бүсгүйг богтолж эцэстээ түүнд хорлогдон тэнгэрт халих билээ.

Эл романыг зохиогч өөрөө “Зөн билгийн роман” хэмээжээ. Галдан өөрөө тэмдэглэл хөтлөх ба тэмдэглэлийн он дарааллын дагуу үйл явдал өрнөж буйгаар зохиол бичигдсэн нь түүхэн уран зохиолын өнгө аясыг нэн өвөрмөц болгожээ.

Галдан Төвдөд очмогцоо Зая бандид Намхайжамц, Өндөр гэгээн Занабазар нарт ойртон шавь орж, ном эрдмийг хичээх болов. Гэвч Галдан баруун, зүүн нүднийхээ дээд зовхин дээр түр хүнд харагдаад байдаггүй нар, саран тамгатай төрснийг Өндөр гэгээн ажиглаж мэдэх билээ. Энэ нь бурханы ном эрдэмд мэргэн хутагт хувилгаан болно эсвэл догшин ширүүн зоригт баатар, цуутай төрийн хүн болно гэсэн хоёрдмол шинж тэмдэг аж. Аль нь болохыг чухам Галдангийн явах зам мөр нь мэдэх хэрэг байлаа. Эцэг Эрдэнэбаатар хунтайж тэнгэр болсны дараа Ойрадын төр эзэнгүйдэх тул Юм Ага хатны том хүү, Галдангийн төрсөн ах Сэнгэ Ойрадын хаан ширээнд залрав. Гэвч эцэг нэгт ах нар болох Цэцэн, Зодовбаатар Даваач нарын атаа жөтөө Сэнгэ хааныг үгүй хийнэ. Эрийн цээнд хүрч эрдэмт мэргэн хувилгаан лам хүн байх уу, эсвэл эзэнгүйдэж сүйдэх дээрээ тулаад буй Ойрадын хаант төрөө бодох уу гэсэн хүндхэн сонголт Галданд ирнэ. Галдан төрсөн нутаг хаан төрдөө зүтгэхээр шийдэх ба анх Төвдөд зорчихдоо танилцаж, сэтгэлдээ тээсэн Ануг хатнаа болгоно. Ану бол Галдангаас өмнө Сэнгэ ахынх нь хатан болж, Сэнгийг хорлогдсоны хойно Ойрадын төрийг барьж байсан эрмэг зоримог хатан байлаа. Галдан Ойрадын хаан ширээнд заларсан нь нэг талаар сайхан хэрэг нөгөө талаар асар их зовлон шаналал дагуулна…

Эл романы үгийн ур, утгын гүнийг уншигч авхай өөрийн оюунаар тунгаан тогтооно биз ээ. Ойрадын их хаан, хувилгаан лам Галдан бошигтын тухай өгүүлэх эл романыг СГЗ, Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Д.Жамъян 2014 онд бичжээ.

Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *